Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Төрийн зардлыг хэмнэх боломж бий.

2014-12-09

Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Л.Болормаатай хийсэн ярилцлага

question Та Говь-алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) тухай танилцуулна уу.

answer Говь-алтай аймгийн ИТХ 2014 оны 2-р сарын 05-ны өдрөөс шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж байна.  ИТХ маань 35 төлөөлөгч, 11 тэргүүлэгчтэй.

Өмнөх ИТХ төсөв хэлэлцэх, тодотгол хийх асуудлаар л жилд 2 удаа хуралддаг байсан бол шинэ хурал маань 2 дугаар сард ажиллаж эхэлснээсээ хойш богино хугацаанд 5 удаа хуралдаад байна. Энэхүү 5 удаагийн аймгийн ИТХ-аар 43 тогтоол гаргасан бөгөөд шинээр бий болсон тэргүүлэгчийн хуралдаан нь 26 удаа хурал хийсэн байна. Үүнийг өмнөх онуудтай харьцуулахад бүтэн жилд 17-18 удаагаа хуралддаг байсан бол шинээр байгуулагдсан тэргүүлэгчдийн хуралдаан маань хагас жилд нэлээд хэд хуралдаж, тэргүүлэгчдийн хурлаар нийтдээ 81 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Эдгээр гарсан шийдвэрүүдийг тухай бүрт нь шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтнээрээ дамжуулан хяналт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, аймгийн ИТХ гэдэг чинь бодлого тодорхойлдог байгууллага учраас бодлого шийдвэрүүд маань аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд биелэлтийг тооцож, хяналт тавин ажиллаж байна.

question Танай шинэ ИТХ маань цаашид ямар чиглэлийг барьж ажиллая гэсэн зорилготой байна вэ?

answer Говь-алтай аймаг маань дэд бүтэц муутай, бусад аймгуудтай харьцуулахад хөгжлөөр буурай, хүн ам цөөнтэй аймгийн тоонд ордог. Иймээс манай аймгийн хөгжлийн чиг хандлага бол мэдээж бусад аймагтай өрсөлдөхүйц дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлэх, хоёрдугаарт ундны усны асуудал, хэрэгцээ шаардлага өндөр, үүнийг жил бүр ярилцдаг боловч шийдвэрлэж чаддаггүй. Иймд ундны усны асуудал дээр төвлөрөн ажиллаж байна. Манай аймагт социализмын үеэс хойш ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагүй, иймд аймгийн ИТХ-аас тогтоолууд гаргаж, бүтээн байгуулалтын ажлуудыг маш богино хугацаанд хийж, өнгө зүсээ өөрчилж, хүн сэтгэл байх юм бол хийж болдог юм байна гэдгийг харуулан ажиллаж байна.

question Говь-алтай аймгийн ИТХ маань хяналтын чиг үүрэг дээрээ хэрхэн ажиллаж байна вэ?

answer ИТХ маань 4 хороотой, хороод маань идэвхтэй ажиллах гэж үзэж байгаа. Урьд нь хороодууд сайн ажилладаггүй байсан, одоо аймгийн ИТХ-ын төлөөлөгчид маань бас төлөөлөгчийнхөө нэр хүндийг өндөрт өргөх, мөн тойргууд дээрээ нэлээн сайн ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын ажлын алба төлөөлөгчдөдөө байнгын мэдээ, мэдээллээр ханган ажиллаж байна. Төлөөлөгчид маань гарсан шийдвэрүүд дээрээ хяналтын карт тогтмол хөтөлж, хяналт тавьж ажилладаг.

question Хяналтын карт хөтлөх гэдгээ дэлгэрүүлбэл?

answer Өнөөдөр тэргүүлэгчдийн хурал юм уу иргэдийн хурал хуралдлаа гэхэд гарсан шийдвэрүүдийг төлөөлөгч нартаа байнга хүргэж, улирал тутамд биелэлтийг нь тооцож, карт хөтлөн бүртгэл явуулдаг гэсэн үг.

question 80 гаруй асуудал хэлэлцэж, 43 тогтоол гаргалаа гэж байна. Үүнд иргэдийн оролцоо ямаршуу байна вэ?

answer Иргэний танхимаар байнга хэлэлцүүлгүүд хийгдэж байгаа, хэлэлцүүлгийн хүрээнд тодорхой асуудлыг аймгийн ИТХ-д болон тэргүүлэгчдийн хурлаар орж хэлэлцдэг.

Багийн Засаг дарга нар маань анхан шатан дээр үнэхээр ачаалалтай ажилладаг, засаг захиргааны хамгийн том нэгж бол баг байгаа. Иймээс багийн Засаг дарга нартай тухайлан уулзаж, аймгийн ИТХ-ын ажлын албаны хувьд ч гэсэн багийн ИНХ-ыг илүү бэхжүүлж ажиллах юм бол сумын Иргэдийн хурал, цаашилбал аймгийн Иргэдийн хурлыг бэхжүүлэх ажилд хувь нэмэртэй юм байна гэдгийг олж харсан.

Багийн Засаг дарга нарын хувьд анхан шатны бүх 18 нэр төрлийн судалгаа гаргадаг, дээрээс нь банкинд тодорхойлолт бичдэг, иргэний бүртгэлийн 10 гаруй төрлийн тодорхойлолт гаргадаг гэх мэт өөрийн үндсэн ажил үүргээ хийж чадахгүй, тодорхойлолт бичээд сууж байдаг. Ялангуяа, аймгийн төвийн багууд бол ачаалал ихтэй, хөдөө сумын засаг захиргааны хуваарилалтын хувьд тэгш бус хуваарилалт байна гэж үзэж байгаа. Жишээ нь: 2000 гаруй хүн амтай сум 5 багтай байхад, 150 орчим өрхтэй ажиллаж байгаа, аймгийн төвийн баг дээр ижил орон тоотой боловч ачаалал нь маш их, тэд нарын иргэдтэй харилцах асуудал нь тулгамдсан асуудал байна.

Дээрээс нь багийн ИНХ-ын дарга нарын хувьд хүндрэлтэй зүйл бол янз бүрийн хурал цуглаан, семинар болохоор хүн цуглуулдаг тийм л ажил хийгээд сууж байдаг. Түүнээс биш үндсэн хууль тогтоомж сурталчлах, таниулах, иргэдтэй тулж ажиллах ажил нь орхигдсон байна. Багийн ИНХ-ын дарга маань багийн Засаг даргын цалингийн 30%-ийг авч байдаг мөртлөө маш идэвхгүй байдаг. БИНХ-д үйл ажиллагааны санхүүжилт байдаггүй нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг байна. Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын хувьд байнгын болон түр оршин суугчидтайгаа нийлээд 20 гаруй мянган хүн байдаг. Аймгийн төвийн 4, хөдөөгийн 2, нийтдээ 6 багтай. Ачаалал ихтэй, хүн амын төвлөрөл ихтэй, үйлчилгээ хүргэхэд ачаалал ихтэй учраас багийн тоогоо нэмэгдүүлэх шаардлага байгаа. Багийн ИНХ-ын гаргасан тогтоол нь зөвхөн багийн Засаг даргыг томилоход л хүчин төгөлдөр байдаг, бусад үед гарсан тогтоолууд нь хэрэгжих боломж байхгүй. Хэрвээ багийн ИНХ-ын гаргаж буй тогтоол шийдвэр нь биеллээ олдог, хөрсөн дээрээ буудаг байх юм бол иргэдийн жинхэнэ оролцоотой, шууд ардчилал иргэдийн оролцоо, иргэний танхимын байнгын ажиллагаа байх юм бол хүн эрж хайх биш, хүмүүс өөрсдөө асуудлаа ирж ярьдаг тийм болох боломж бололцоо нь байгаа юм. Яагаад гэвэл багийн ИНХ-аас гаргаж байгаа шийдвэрүүд нь ерөөсөө хүнд хэрэгтэй, тухайн иргэнд хэрэгцээтэй байна гэдэг нь бас чухал асуудал. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар маань тойрог дээрээ энэ чиглэлээр удирдамж авч ажилласан. Мөн НҮБХХ-ийн орон нутгийн чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд ОНХС-ийн хөрөнгө оруулалтад хяналт, үнэлгээ хийх төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд тухайн тойргоос, тухайн багаас гарсан аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгч нартай багийн засаг дарга, багийн ИНХ-ын дарга нарын ажлын уялдаа холбоог сайжруулах замаар тухайн асуудлыг шийдвэрлээд явах юм бол илүү үр дүнд хүрэх юм байна гэж тодорхойлоод байна.

question Өмнө нь иргэний нийгмийн байгууллагад (ИНБ) ажиллаж байсан хүн юм байна.  Одоо ИТХ-д ажиллаж байхад ямар байна вэ?

answer Өмнө нь би ИНБ-д ажиллаж байхад аймгийн ИТХ-ыг гуйж, гувшиж дор хаяж нэг хэлэлцүүлэг хийх гээд л иргэний танхимыг нь гуйгаад явдаг байсан бол одоо өөрөө ороод ирсэн чинь нөгөө намайг шахаж шаардаж ажиллах ИНБ-ын идэвх оролцоо сул болчихсон. Эсвэл би ганцаараа хүчтэй ажилладаг байсан юм уу...

ИТХ зөв бодлогыг гаргахын тулд иргэдийн оролцоотой яаж ажиллах ёстой вэ, иргэдийн оролцоо, иргэний танхим гээд яриад байдгийг жинхэнэ утгаар нь яаж хэрэгжүүлэх вэ гэдэг арга техник, аргачлал дээр миний өөрийн байр суурь голлон ажиллах нь зөв зүйтэй гэж бодож байна. Аймгийн ИТХ-аар нэгэнт иргэдийн оролцоо, иргэний танхимын байнгын үйл ажиллагааг бий болгох, ИНБ-ын ч идэвх оролцоог бий болгохын тулд тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг бий болгох шаардлагатай байгаа юм. Тэгж байж иргэний танхимын байнгын ажиллагаатай болгохын тулд ИНБ-уудтай концессын гэрээгээр ажиллах юм бол илүү үр дүнд хүрэх юм байна гэж би харсан. Тийм учраас ИНБ-уудад маань тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг хэрэгтэй, иргэдийн өөрсдийн оролцоог бий болгохын тулд сонирхлыг нь татахуйц зүйлийг аймгийн Иргэдийн хурал болон багийн иргэдийн Нийтийн хурал дээр тодорхой хэмжээний төсвийг бий болгох, эх үүсвэрийг орон нутгийн төсөвтөө тусгаж өгөх маш зүгээр. Тэгж өгөх юм бол багийн ИНХ-ын дарга нар, багийн Засаг дарга хүн цуглуулах гэж, хүн тууж, албадлагын хүчээр ирж байгаа хүн тухайн мэдээллийг хүлээж авах нь ямар байх вэ, суудал бөглөх гэж л байж байна. Гэтэл яг хүсэл сонирхлынх нь дагуу жишээ би хэд хэдэн удаа Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааныг Иргэний танхимд иргэдийн дунд нээлттэй хийж үзсэн. Тэр бол маш чухал байсан. Яагаад гэхээр урьдчилсан байдлаар жишээ нь газартай холбоотой асуудлаар нийтийн дунд зараа түрүүлээд өгөхөөр газар авах гэж хүссэн иргэд, газартай холбоотой асуудалтай хүмүүс бүгд хүрч ирж хэлэлцүүлэгт оролцсон. Гэтэл шашин, сүм хийдүүдтэй холбоотой тусгай зөвшөөрөл өгөх асуудлаар гэхээр тухайн сүмийн хүмүүс хүрээд ирдэг. Тухайн асуудалтай холбогдсон, хэрэгцээ, шаардлага дээр нь тулгуурлаж асуудлаа нээлттэй, ил тод тавих юм бол, зараа сайн хүргэж чадах юм бол заавал хүмүүсийн цуглуулах гэж яваад байх шаардлага байхгүй. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сонирхолтой зүйлүүд жишээ нь сугалаа ч юм уу, янз бүрийн уралдаан тэмцээн ч байдаг юм уу, ямар хэлбэр байдаг юм, тэр аргачлалыг жинхэнэ оролцоон дээр нь тулгуурлаж мэдээллээ хүргэх юм бол илүү сонирхолтой юм байна.

Нөгөө талаар, ирэх жилд төсөв ямар байх вэ, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах мөнгө гэж байдаг, түүнийг иргэдийн оролцоон дээр нь тулгуурлаж, тодорхой нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж болох уу гэдгийг төлөөлөгч нартайгаа ярьж байгаад зохицуулъя гэж бодож байгаа. Бид нар төлөөлөгчдөд мөнгийг нь өгөөд явуулдаг, тухайн хүн ажилласан уу, үгүй юу мэдэгдэхгүй байдаг. Мөн нөгөө талаар төлөөлөгчийн бүрэн эрхэд халдах гээд байгаа юм шиг тийм зүйл харагддаг. Тайланг нь авсан ч гэсэн, тухайн тойрогтоо ажилласныг нь хянахаар эрхэнд нь халдах гээд байгаа юм шиг болдог. ИНБ-уудын идэвх оролцоог нэмэгдүүлэхийн бол үнэхээр оролцоог нэмэгдүүлэх хэлбэр байна. Дээрээс нь тухайн чиглэл, чиглэлээр нь явуулах юм бол боломжууд байна. Жишээ нь бичил уурхай эрхлэгч, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, нийгэмд үйлчилдэг ТББ-ууд.

ОНХС-ийн хяналтын чиг үүргийн хүрээнд тухайн иргэдийг төсвийн хуулиараа тухайн баг хорооны хүн амын 30%-ийн саналыг авсны үндсэн дээр багцлах асуудалд оруулдаг. Энэ нь бас учир дутагдалтай болж байгаа юм.

Жишээ нь 50-60 хүний багтаамжтай өрөөнд ОНХС-тай холбоотой асуудлыг хэлэлцлээ гэхэд хичнээн хүн ирэх вэ, тэдгээр хүмүүс нь тухайн багийн бүх хүмүүсийн 30%-ийн төлөөлөл болж чадах уу гэдэг өөрөө асуудал. Иймд үүнээс л эхэлж хяналтын чиг үүргээ тавибал илүү үр дүнтэй юм байна гэж бодож байгаа. Нөгөө талаар, хяналтыг тавихдаа иргэдийн оролцоотойгоор хяналт тавих юм бол жинхэнэ хяналтын чиг үүрэг маань биеллээ олох боломжтой байна. Төрийн зарим чиг үүргийг түрээсээр гүйцэтгүүлэх гэдэг нь аймгийн ИТХ-аас шийдвэрлэх бүрэн боломжтой зүйл юм. Тэгж байж орон нутаг өөрсдөө бие даасан байдал нь бэхжиж, хэмнэгдсэн төсвийн мөнгийг эргүүлээд багийн ИНХ-ыг бэхжүүлэхэд, асуудлыг нь шийдвэрлэх боломж байгаа юм. Дээрээс нь багийн ИНХ-даа тодорхой хэмжээний төсвийн асуудлыг зохицуулаад өгөхөөр, ИНБ-ын оролцоог нэмэгдүүлэхэд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний төсвийг тавьж өгөх, үлдсэн мөнгийг нь сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж гэх мэт зарцуулах боломжтой. Ингэснээр орон нутаг өөрсдөө жинхэнэ утгаараа бие даасан, хараат бус орон нутагтаа асуудлаа шийдэж байна. Тухайн орон нутагтаа төсвөө хэмнэсэн, хэмнэсэн мөнгөөрөө ийм зүйлүүдийг ингэж хийх гэж байна, ийм асуудлыг ингэж шийдвэрлэлээ гэдэг байдал маань Засгийн газар, Сангийн яаманд урьдчилсан мэдүүлгээ өгөөд ийм мөнгийг ийм зүйлд зарцуулмаар байна, тэгэхгүй бол төсвийн хууль нэлээн чанга, татаад авдаг, тэгүүлэхгүй нь тулд бид нар мөнгөө нөгөө талаар, автомашины түрээсийн үйлчилгээ, цэвэрлэгээ үйлчилгээний компаниуд бий болох юм бол төрийн албаны данхар бүтэц бүрэлдэхүүнийг багасгах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах юм бол төсвийн мөнгийн үр ашиггүй зарцуулалтыг хэмнэх боломж байгаа юм.

question Төсвийн зардлыг хэмнэх ажлыг аймаг орон нутагт хэрэгжүүлэх боломжтой гэж та үзэж байгаа юм байна. Үүнийг аймаг тус бүр өөрсдийн хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой гэж та хэлэх гээд байна уу?

answer Төрийн үйлчилгээг үр ашигтай, ард түмэнд хүртээмжтэй атлаа хэмнэлттэй арга замаар явуулах боломж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс Ухаалаг төр лүү” илтгэлд тусгасан санааг орон нутагт хэсэгчлэн хэрэгжүүлэх боломж байна. Бид хэмнэх боломж байхад хүлээх хэрэггүй. Эдийн засгийн хямралаас гарахын тулд олон орон “бүсээ чангалах” арга хэрэглэсэн, үр дүнд хүрсэн гэдгийг бид олонтаа сонсч байсан. Төрийн зарим үйлчилгээг хувьд шилжүүлж, ард иргэдээсээ түрээс хэлбэрээр үйлчилгээг худалдан авч болно. Дээр нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулснаар төсвийг багагүй хэмжээгээр хэмнэх, хэмнэсэн мөнгөөрөө чухал зүйлд хөрөнгө оруулах боломж харагдаад байгаа юм.

question Төр данхайж байна, зардлыг нь хэмнэх ёстой гэж ярихыг олонтаа сонсч байсан. Танд тэгээд ямар судалгаа, бодит тооцоо байгаа хэрэг вэ?

answer  Аймгийн хэмжээнд 2014 оны урьдчилсан байдлаар төрийн 21 байгууллага жилд  303 840 800 төгрөг зөвхөн шатахуунд зарцуулахаар төсвийн төлөвлөгөөндөө тусгасан байна.Тухайн байгууллагын өмч болох авто машины үнийн дүн 958 сая төгрөг. Машин техникийн парк шинэчлэл, сэлбэг хэрэгсэлд 71 сая төгрөг, төлбөр хураамжинд 5,2 сая төгрөг. Жолоочийн цалин 150 сая /дунджаар/. Томилолт 37,1 сая төгрөг. Нийт 2 225 140 000 төгрөгийг зарцуулдаг байна. Зөвхөн автомашинтай холбоотой зардал нь 2 тэрбум 225 сая гээд боддоо. Энэ зардлаас хэмнэх боломж байна.

question Яаж?

answer Дээрх тооцоонд тулгуурлаад төрийн автомашины үйлчилгээг хувьд шилжүүлэн иргэдээсээ үйлчилгээг худалдаж авдаг болъё. Энэ хэцүү биш, одоо ажиллаж байгаа нэг ч жолоочийг ажлаас халахгүйгээр, тэднийг аж ахуйн нэгжийн зохион байгуулалтад оруулснаар тухайн түрээсийн компани байнгын ажиллагаатай болж, төрд үйлчилгээгээ худалдана. Төр жолоочийн цалин, даатгал, томилолт, машины үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, бензин шатахуунд зарцуулах дээр дурдсан хөрөнгийг хэмнэх юм. Өөрөөр хэлбэл орон нутагт болон хот хооронд явах хэрэгцээтэй үедээ л машиныг жолоочтой нь хамт түрээсэлж аваад, төлбөрийг хэрэглэсэн хэмжээгээрээ төлдөг уян хатан систем бий болно. Ийм үйлчилгээ дэлхий дээр хамгийн шилдэг хэлбэр болж, технологи, ахуйн хэрэглээнд ч нэвтэрсээр байгаа.

question Та түрүүнд төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж хэмнэх тухай бас дурдсан?

answer Миний ярих дараагийн жишээ яг наад асуултын чинь хариулт болно. Аймагт төрийн 21 байгууллага байдаг ба төсөвт байгууллагууд сумдад ажиллахдаа нэгдсэн удирдамжаар, салбар салбарынхаа чиглэлээр 1-5 унаатай явна. Гэхдээ газар, салбар бүр тусдаа машин гаргаж, нэг машинд жолоочоос гадна 1-2 хүнтэйгээр сумдад ар араасаа ирж, очиж байх нь олонтаа таардаг. Тэд ажлаа төлөвлөөд, нэгдсэн мэдээлэлтэй хэн, хэзээ, хаашаа явж ажиллах нь тодорхой болчихвол ажлаа нэгтгээд, явах машины тоог цөөрүүлэхээр зардал дахиад л хэмнэгдэнэ. Нэг сумаар 2 туулай буудна гэсэн үг.

Миний хувьд, орон нутагт маань хэрэгжих боломжтой энэ санааг зүгээр орхихын оронд бодит ажил хэрэг болгох үүднээс судалж, хэрэгжүүлэхээр явж байгаа юм. Зөвхөн энэ төсөлд зориулж бэлтгэсэн танилцуулга төдий юм биш. Би яг энэ ажлаараа аймгийнхаа долоон сумаар явж 9 удаа уулзалт хийсэн.  Уулзсан хүмүүс “Маш зөв санаа, шийдэл байна. Үүнийхээ төлөө яваарай” гэж дэмжиж байгаа.

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Алтай нутгийнхаа хөгжлийн төлөөх санал санаачилгыг чинь сонсоход таатай байлаа. Амжилт хүсье.-Дашрамд нэгэн зүйлийг заавал хэлмээр байна. Юу гэхээр манай аймаг 60 мянга дахь иргэнээ хүлээж авахад бид төрийн үйлчилгээний зардлыг дээрх байдлаар хэмнэснээр 300 тэрбум төгрөгтэй болно. Энэ хэмнэсэн мөнгөөр юу хийж болох вэ гэхээр аймагт маань тулгамдсан олон асуудал санхүүжилтээс болж гацдагийн заримыг нь ч болов шийдэх нэг арга зам болох юм шүү. Тэгэхээр хэмнэлтийн үр дүн хүн бүрт өгөөжөө өгөх болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%