Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр орсон зарим өөрчлөлтүүдийн дагуу нөхөх олговор авахаар материалаа бүрдүүлж буй иргэдэд болон нийт иргэдэд дээрх хуулийг сурталчилан таниулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, гарын авлага материалаар хангах ажлыг тогтмол зохион байгуулж байна.

2019 онд нөхөх олговор авахаар шийдвэрлэгдсэн Жаргалант сумын 1 дүгээр багийн иргэн Б.Өндөрт 500 000 төгрөг, Шинэжинст сумын 4-р багийн ахмад настан Анийн Дашхүүд 1 000 000 төгрөг, Өлзийт сумын 6 дугаар багийн ахмад настан Ш.Доржпагамд 40 000 000 төгрөгийн нөхөх олговорыг тус тус гардуулан өгсөн бөгөөд 2020 оны 02 дугаар сард Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн ахмад настан Батаагийн Цэнд-Аюуш, Баян-Овоо сумын 4 дүгээр багийн ахмад настан Шанзангийн Дашзэвэг, Өлзийт сумын 6 дугаар багийн ахмад настан Ишдуламын Должинсүрэн, Баянхонгор сумын 9 дүгээр багийн ахмад настан Баяжихын Шараа нарт тус бүр 80 000 000 /наян сая/ төгрөгийн нөхөх олговрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дашцэрэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Т.Эрдэнэбат тэргүүтэй аймгийн удирдлагууд гардуулан өглөө.

Дээрх иргэдийн нөхөх олговорын материал нь бүрдэл хангагдаж “Зууны мэдээ” сонинд зарлуулан, Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан юм.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр орсон зарим өөрчлөлтүүдийн дагуу энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгохоор заасан бөгөөд “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгохоор тус тус хуульчилсаны дагуу төрсөн эцэг нь хэлмэгдсэн дээрх иргэд нөхөх олговорыг аваад байна.

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн /дээрх иргэд байхгүй тохиолдолд хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээд/ нэг удаагийн нөхөх олговор олгоно” гэсэн хууулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байна.
Одоо тус аймагт нөхөх олговорын материалыг бүрдүүлэх шатандаа явж буй 21 иргэн байгаа ажээ.