Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 2019 онд хийсэн онцлог ажлууд, 2020 онд хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудаас дурдахгүй юу?
- Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/ болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж, шийдвэрийнхээ хэрэгжилт болон хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавин ажиллах үүрэгтэй.
Энэ дагуу аймгийн ИТХ 3 удаа, Тэргүүлэгчдийн хуралдаан 19 удаа хуралдаж, аймаг, орон нутаг, ард иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 2-нд ИТХ-ын ээлжит XII дугаар хуралдаан хуралдлаа. Уг хуралдаанаар аймгийн Засаг даргын “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрийн хэрэгжилт, Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн ажлын үр дүнг дүгнэн үнэлсэн нь бидний хамгийн гол ажил болов уу. Ард олныхоо итгэлийг хүлээн сонгогдон ажиллаж байгаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал ч, Засаг дарга ч хурлаас баталсан Засаг даргын “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх үүрэгтэй учир онцолж байгаа юм. Хэрэгжилт сайн байгаад талархалтай байгаагаа хэлье.
• Аймгийн ИТХ-аас 2020 оныг “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жил болгон зарласан нь үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн, иргэдийн орлого нэмэгдсэн, ажлын байр өссөн, орон нутгийн эдийн засгийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц ажил болно гэдэгт итгэлтэй байгаа.
Ажлын албанаас 2019 онд зохион байгуулсан онцлог ажлуудаас дурдвал:
• Сум, багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан дүгнэлт өгч, Ажлын албаны ажилтан бүр чиг үүргийнхээ дагуу зөвлөн тусалж, Тэргүүлэгчид болон БИНХ-ын дарга нартай уулзаж харилцан санал солилцон ярилцсан нь үр дүнтэй ажил болсон.
• Сумдын ИТХ-ын 2019 оны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхэд хурлаас гарч байгаа шийдвэрийн эрх зүйн үндэслэлүүд сайжирсан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд тавих хяналт дээшилсэн, үр дүнг тооцож мэдээлдэг болсон, БИНХ-д хөтлөгдөх бичиг баримтууд цэгцэрсэн зэрэг сайн үзүүлэлтүүд байгаа нь бидний зөвлөн тусласан ажлын үр дүн юм болов уу гэж харж байна.
• Ажлын албанаас орон нутгийн ТББ-уудтай хамтран Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу төсвийн хяналтын сонсголыг 2 удаа зохион байгууллаа. Сонсголыг олон талын оролцоотой зохион байгуулж, иргэдэд төсвийн зарцуулалтын талаар үнэн бодит мэдээллийг хүргэснээрээ ач холбогдолтой болсон.
• Мөн сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийг улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалд сургах чадавхижуулах сургалтыг Тогтвортой амьжиргаа-3 төсөлтэй хамтран зохион байгууллаа.
- Ажлын алба чадавхитай байх нь орон нутгийн бодлого боловсруулагч Хурлын Төлөөлөгчид чадавхитай байх гол үндэслэл гэж хэлж болох уу?
- Ажлын алба нь тогтвортой, чадвартай байж л үе үеийн төлөөлөгчдөө бодит, үнэн зөв мэдээллээр хангаж чадна. Хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлсноор хурлаас гарах шийдвэр хэрэгжих боломжтой, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, сайн шийдвэрүүд гарна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албыг цэлэлзсэн, цэвэр, тунгалаг том далай, түүнд усны шувууд ирээд буцдаг байх ёстой гэж зүйрлэсэн байдаг нь ортой ч юм шиг санагддаг. Усны шувууд гэдэг нь Төлөөлөгчид. Тэд бүрэн эрхийн хугацаанд ажиллаад, орон нутаг, олон түмнийхээ хөгжлийн төлөө оюун ухаан, бие, сэтгэлээ зориулаад сайн үйлс бүтээгээд үнэлэгдээд явна гэсэн үг л дээ. Хүн бүр ингэж бодож, зорьж ажиллах нь бахархал байх учиртай.
Манай Ажлын албаны албан хаагчид төрийн албанд олон жил ажилласан туршлагатай, төрийн болон нутгийн өөрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн чадварлаг албан хаагчид ажиллаж байгаа гэж үздэг. Одоогоор улс төрийн 4, төрийн захиргааны 6, төрийн үйлчилгээний 3 албан хаагчтай ажиллаж байна. Төрийн албаны тухай шинэчилсэн хуулийн дагуу Ажлын албаны 6 албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан Төрийн албаны зөвлөлд хянуулж, зөвшөөрөл аван албан тушаал тус бүрээр баталгаажуулан албан тушаалтнуудад танилцуулж мөрдүүлээд байна.
-2020 онд улс төрийн ээлжит сонгуулийн үйл ажиллагаа явагдана. Аймгийн ИТХ хэр үүрэг, оролцоотой байх вэ?
- 2020 он аймаг, сумдын ИТХ-ын хувьд онцлог жил юм. Өөрөөр хэлбэл нэг бүрэн эрхийн хугацаа дуусч, дараагийн бүрэн эрхийн хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох шат шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, УИХ-ыг сонгох хариуцлагатай жил. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу оролцож ажиллана. Тухайлбал, аймаг, сумын сонгуулийн хороо болон хэсгийн хороодыг байгуулах, орон нутгийн ИТХ-ын мандатын тоог хувиарлах болон сонгуулийн байгууллагад орж ажиллах гэрчилгээтэй албан хаагчдын судалгаа нөөцийг бүрдүүлэх зэрэгт оролцож таарна.
- Нутгийн өөрөө удирдах ёс Өвөрхангай аймагт хэр төлөвшсөн гэж та боддог вэ?
- 1992 оноос хойш ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг сонгож ажиллан 7 бүрэн эрхийн хугацааг ардаа орхиж, 8 дахь бүрэн эрхийн хугацааг угтах торгон мөчид тулж ирээд байна.
Мэдээж, орон нутагт ард олныхоо итгэлийг хүлээн сонгогдсон Төлөөлөгчид, нутгийн өөрийн удирдлагын байгууллагууд төлөвшиж байгаа гэж үздэг. Төлөвшүүлэхийн төлөө ч УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийг хамруулсан сургалтуудыг олон хэлбэрээр зохион байгуулаа. Ажлын албанаас ч сургалт, мэргэшил, арга зүйн зөвлөмж өгч ажилладаг тул чадавхижсан, төлөвшсөн гэж бодож байгаа.
- - Б.Чимэг - -