Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох: МЭДЭЭЖ, БИ ТАТГАЛЗСАН

2020-02-28

Сэтгүүлч болоод удаагүй байхдаа Хишгээ даргатай анх ярилцаж  байлаа. 2007 онд юм уу даа.  Тэр үед Хишгээ дарга Дорнод аймгийн МАН-ын дэд даргаар ажиллаж байсан юм. 12-р сар хэдийн гарч 2020 он үүд тогшиж байна. Он гараад л улс төрийнхөн телевиз, сонинд хандаж тайлангаа тавих гэж уралдана. Аймаг, сумын бүх төлөөлөгч сонгогчиддоо дүнгээ тавиулна.  Ажил ундрахаас нь урьтаж Хишгээ даргад хүсэлт тавьж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дахь хуралдааны өмнөхөн түүнтэй уулзлаа.  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд хийсэн ажил, хэлэх үг юу байна, 10 дугаар сард болсон хурлаар хурлын даргын cандал суудлыг ганхуулж авсан гээд Хишгээ даргаас сонирхох сонжих зүйл их байв. 
 
- Аймгийн ИТХ-аар сонин сайхан юу байна?

- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдах гээд ажил их л байна. Аймгийн Засаг даргын 2019 онд хэрэгжүүлсэн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэл, төсөв гээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх гол асуудлууд дээр сууж байна. Мөн Дорнод аймагт Газрын тосны хайгуулын талбай шинээр зарлах тухай асуудлыг хэлэлцэж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Өнгөрсөн жил энэ асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж бид татгалзсан. Энэ жил дахин оруулж ирсэн байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдаанаар 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөгдсөн.


- Газрын тосны талбай зарлах асуудлыг өмнө татгалзсан биз дээ. Яагаад дахин дахин орж ирээд байгаа юм бол?
- Тийм ээ. Өнгөрсөн жил Халхгол , Матад сумын нутагт Газрын тосны хайгуул хийх, хайгуулын талбайн зөвшөөрөл олгох асуудлыг Ашигт малтмал газрын тосны газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж хэлэлцүүлсэн.  Нэлээн өргөн бүрэлдхүүнтэй ирж энэ асуудлыг танилцуулж, Хурлын Төлөөлөгчид энэ тал дээр нухацтай хандаж, татгалзсан. Энэ жил уг асуудлыг Уул уурхайн Яам, Газрын тосны газраас дахин оруулж ирж байна. Нэгэнт өргөн барьсан асуудал болохоор хэлэлцэж шийдвэрлэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл асуудлыг хэлэлцэж хариу өгөхгүй бол шууд дэмжсэн гэж ойлгогдоно. Яахав, Монгол улсын Засгийн газар, Уул уурхайн Яамны баримталж байгаа бодлого бол Газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх зорилготой. Газрын тосны үйлдвэр барьж байна. Газрын тосны үйлдвэр 2023 онд ашиглалтад орно, тэгэхээр түүнд нийлүүлэх түүхий нефтийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгаа байх, улмаар төсвийн орлого нэмэгдэх гээд олон ач холбогдол байгаа байх. Ирүүлсэн албан бичигтээ ийм хэрэгцээ шаардлага байгаа учраас хайгуулын талбайг шинээр дахин зарлах асуудлыг шийдэж өгөөч гэж хүссэн байна лээ. Тэгээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид энэ асууудлыг хэлэлцээд “Татгалзах нь зүйтэй” гэж үзэн энэ саналаа хуралдаанд танилцуулж, нийт Төлөөлөгчдөөрөө шийдвэрлүүлэх гэж байна. Аймаг, орон  нутгийн эрх ашиг, Засгийн газрын эрх ашиг хоёр зөрчилдөж байгаа л нэг хэлбэр . Бидний хувьд аймаг орон нутгийнхаа эрх ашгийг л хамгаална шүү дээ
.- Та ИТХ-д хэдэн удаа сонгогдсон бэ? 
-Дөрөв дэх удаагаа. Аймгийн төвөөс нэг удаа, Цагаан-Овоо сумаас гурван удаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.


-Одоо таны хийж буй ажил бодлого тодорхойлдог. Өмнө нь Та гүйцэтгэх засаглалд ажиллаж байсан хүн. Энэ хоёрын ялгаатай тал онцлогийг хэлж өгөөч?
-Би улс төрийн гараагаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эхэлж, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байлаа. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, сумын Засаг даргын орлогчоор ажилласан. Гүйцэтгэх шатны байгууллага бие даан шийдвэр гаргах нөхцөл, шаардлага нь давуу. Түүнээс гадна аж ахуйн ажил нь түлхүү болохоор чөлөөтэй ажиллах боломжтой. Тухайлбал аймгийн Засаг даргын орлогч гаргасан шийдвэрийнхээ төлөө аймгийн Засаг даргын л өмнө хариуцлага хүлээнэ.  Үүрэг, хариуцлага нь тодорхой байдаг. Тэгтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бие даан шийдвэр гаргах боломжгүй. Ямар ч асуудлыг Тэргүүлэгчид, Төлөөлөгчдийнхөө хүрээнд асуудлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэдэг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аймгийнхаа бодлогыг тодорхойлж, хяналт тавьж ажилладаг бол Гүйцэтгэх засаглалын байгууллага нь хурлаас гаргасан бодлогыг хэрэгжүүлж ажилладаг гэхчилэн онцлогтой.
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ аймгийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлж дэд хөтөлбөрүүдийг баталдаг. Тийм болохоор Дорнод аймгийн хүний хөгжил хаашаа явж байна вэ?
-Дорнод аймаг энэ жил Хүний хөгжлийн индексээрээ 21 аймгаас хоёрт орсон. Хүний хөгжлийн индексийн гол үзүүлэлт нь  боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, орлого байдаг. Энэ үзүүлэлтүүдийг дээшлүүлэхийн тулд аймгийн Засаг дарга санаачлагатай ажиллаж олон дэд хөтөлбөр боловсруулж  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж ажилласан. Тэр дэд хөтөлбөрүүд нь хүний хөгжилтэй холбоотой асуудал учир манай төлөөлөгчид нухацтай ханддаг. Тийм болохоор хэлэлцэж батлах нь ч бий, татгалзаж буцаах нь ч бий. Монголчуудын сайхан үг бий, бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэж. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн хурал дээр асуудал хэлэлцэх үед мэтгэлцэнэ, олон ургальч үзлийг уралдуулна. Ингэснээр илүү ашигтай санал санаачлага эндээс гарна. Дорнод аймаг Хүний хөгжлөөрөө улсдаа дээгүүрт ороход аймгаас хэрэгжиж буй хөтөлбөрүүд үр дүнгээ өгсөн гэж боддог. Та бүхэн мэдэж байгаа, манай аймаг Эрүүл мэндийн бүстэй болсон.  Бид “шар эмнэлэг” буюу БОЭТ-ын төв байрнаас “цагаан эмнэлэг” буюу амбулатори хүртэлх зайд эмнэлгийн зориулалтаас өөр барилга байгууламж барихгүй байх шийдвэрийг гаргасан. Эмнэлгийн бүсэд өөр үйл ажиллагаа явуулах барилга барих гэвэл газар олгохгүй гэсэн үг.  Мөн сургууль, цэцэрлэгийн бүстэй болсон. Одоо сургууль цэцэрлэгийн орчинд газар олгохгүй. Гэр хорооллын айлууд дунд байдаг усан санг шахаад хэдэн талаас нь айлууд хашаагаа сунгачихдаг. Ус авч буй иргэд худаг руугаа очиход хүндрэл учирдаг.  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэр хорооллын дундах усан сангуудад мөн л бүс тогтоосон. Усан сангийн бүсэд нэвтэрч хашаагаа сунгахыг хориглосон.  “Хүн болох багаасаа” гэж дэд хөтөлбөр байна. Энэ хөтөлбөрөөр цэцэрлэгийн хүүхдийн Номын санд ямар ном байх ёстой юм, сургуулийн өмнөх насны боловсролоор ямар мэдлэг олгоход анхаарах юм, ямар дадал хэвшил хүүхдэд суулгах юм, ямар уламжлалт ёс заншлыг зааж сургах юм гэхчилэн зүйлийг тусгасан. Ийм байдлаар орон нутагт хэрэгжиж буй дэд хөтөлбөрүүд үр өгөөжөө эхнээсээ өгч эхэлж байна.


-Үргэлжлүүлээд асуултаа тавъя. Танай хурал өнгөрсөн гурван жилд юу хийж амжуулав?
-Энэ асуултыг олон хүн тавьдаг. Гүйцэтгэх засаглал бол байшин барилга, зам талбай, цэцэрлэг сургууль барьсан, тоног төхөөрөмж шинэчилсэн гээд тоочоод ярих байх. Хурал бол бодлогын шийдвэр гаргадаг газар шүү дээ. Бид энэ бүх гарт баригдах, нүдэнд харагдах бүтээн байгуулалтын ажлын төсөв хөрөнгийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажилладаг.  Өнгөрсөн 4 жилд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд, амжилт ололт, алдаа оноотойгоо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамаатай. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчид өнгөрсөн гурван жилийн хугацаанд Дорнодын ард иргэд, ирээдүй хойчийнхоо төлөө нэг зүйл дээр гуйваагүй бат цэх зогссоноо бардам хэлнэ. Бид уул уурхайгаас олох үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай байж, зарим үед Засгийн газрын  бодлого шийдвэртэй зөрчилдсөн тогтоол шийвэрүүдийг ч гаргаж байсан. Аймгийнхаа газар нутгийг хамгаалж, уул уурхайн лицензийн тоог нэмэгдүүлэхгүй байх чиглэл дээр тууштай байж чадсан. Өнгөрсөн гурван жилд 13 сумын нутаг дэвсгэрт нийт 226 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлт ирүүлснийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцэж 224-т нь татгалзсан. 44 аж ахуйн нэгж түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэнийг бид зөвшөөрөөгүй. Зөвхөн 2019 онд 49 аж ахуйн нэгж 50 талбайд хайгуулын зөвшөөрөл авах хүсэлт ирүүлснийг орон нутгийн байгалийн баялаг, малын бэлчээрийг хамгаалах үүднээс дээрх бүх саналд татгалзсан хариу өгсөн.  Өнгөрсөн хавар Зүүн бүсийн уул уурхайн зөвлөгөөн болсон. Тус зөвлөгөөнд тавьсан мэргэжлийн байгууллагын мэдээллээр манай аймаг Монгол орны Зүүн бүс нутагт хамгийн цөөн ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй байна. Тодруулбал Дорнод аймагт 182, Хэнтий аймагт 241, Дорноговь аймагт 394 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байж Төв аймаг л гэхэд 439 ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй юм байна. Манай аймгийн 182 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 180 нь энэ хурлаас өмнө олгогдсон. Хоёрт, бид аймгийн тусгай хэрэгцээний газрын хэмжээг нэмсэн. Тусгай хэрэгцээний газрыг улсын болон орон нутгийн гэж хоёр ангилдаг. Орон нутгийн тусгай хэрэгцээний газар аймгийн нийт нутаг дэвсгэрийн 24 хувийг эзэлж байна.  2018 оны 12-р сарын 05-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар 13 сумын 49 байршлын 3 сая шахам га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Мөн тус хуралдаанаар аймгийн 9 байршил дахь 999 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг УИХ-д хүргүүлсэн. Одоо манай аймаг 2,8 сая га улсын тусгай хэрэгцээний газартай болсон. Энэ нь манай аймгийн нутаг дэвсгэрийн 23 хувийг эзэлж байна. Нийтдээ бид аймгийнхаа нутаг дэвсгэрийн 47 хувийг тусгай хэрэгцээний ангилалд оруулж чадлаа.
-ИТХ-ын дарга хүн ер нь ямар зарчим баримталж ажиллах ёстой вэ?
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гэдэг бол 35 төлөөлөгчтэйгээ адил нэг мандаттай нэг саналын эрхтэй хүн. Илүү мандаттай, илүү эрх мэдэлтэй хүн биш. Надад 35 төлөөлөгчөө удирдан чиглүүлэх эрх, үүрэг байхгүй. Харин  тэднийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслаж, дэмжиж зохион байгуулж ажиллах л үүрэгтэй. Тэр үүргээ ухамсарлан ажилладаг. Мөн Гүйцэтгэх засаглалын ажилд хэт хутгалдан оролцохоос зайлсхийх зарчим баримталж ирлээ. Зарим хүн хурал, хурлын дарга бяртай байх ёстой гэдэг л юм . Бяртай байна гээд гүйцэтгэх засаглалын хийх ёстой ажлыг шүүрч авч хийгээд, ажилд нь хутгалдах бол сайн зүйл биш .
-10 дугаар сарын 14-ний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд Та өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Энэ Таны хэнээс ч хараат бусаар гаргасан шийдвэр байсан уу?
-Өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөөд ажлаа өгчихөөч гэдэг саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болохоос өмнө зарим нэр бүхий хүмүүс тавьсан. Мэдээж, би татгалзсан. Би чинь МАН-аас нэр дэвшиж сонгогдсон албан тушаалтан. Энэ албан тушаалд нэр дэвшүүлж, үүрэг хариуцлага хүлээлгэсэн улс төрийн намынхаа шийдвэрийг харая, нам,  намын бүлгээс ямар шийд, ямар санал гарна, түүнийг нь дагана гэдгээ хэлсэн.   Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь манай намын бүлгийн олонхи нь чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзсэн.  Миний бие бүлгийн шийдвэрээ дагаж чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болдог. Сонгуульд ялалт байгуулсан нам иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшүүлдэг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаал чинь улс төрийн албан тушаал шүү дээ.
-Бүлэг дээр санал хураахад танай бүлгийн хэдэн төлөөлөгч таныг ажлаасаа чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзсэн юм бэ?
-12:13 харьцаатай саналаар чөлөөлөх шийдвэр гарсан. 
-Ганц хүний л зөрүү байж. Тэгээд бүлэг дэмжээд та ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгчихөөд яагаад буцаад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын суудал дээрээ үлдчихэв?
-Үүний дараа аймгийн намын хороон дээр асуудал яригдсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд аймгийн намын хорооноос иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад миний нэрийг дэвшүүлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг намын бүлэг хэлэлцэж дэмжин, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж, хурлын төлөөлөгчид дэмжиж  баталсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь намын бүлэг намын бүтцийн байгууллага. Намаас гаргасан бодлого шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал илэрхийлэх ёстой. Намаасаа чиглэл авахгүйгээр бүлэг шийдвэр гаргасан нь буруу, бүлэг шийдвэрээ буцаах ёстой гэж аймгийн МАН-ын хорооны гишүүдийн дийлэнх олонхи нь үзсэн. Намын бүлэг намтай зөвшилцөлгүй шийдвэр гаргасан байхад  Л.Хишигтогтох Та мөн намтай зөвшилцөхгүйгээр шийдвэрээ гаргасан байна. Тэр ч бүү хэл зарим намын хорооны гишүүд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 4 жилээр ажлаа дүгнүүлэх ёстой атал гурван жил ажиллаад 2020 оны сонгуулийн өмнө ажлаасаа чөлөөлөгдөх нь хариуцлагаас мултрах гэсэн явдал, улс төрийн хариуцлагыг хэн үүрэх юм гэж шүүмжилсэн. Би яг энэ тухай бодож байсан л даа. Ингээд намын хорооныхоо шийдвэрийг дагаж өргөдлөө буцааж авсан.
-Хувь хүнийх нь өнцгөөс харвал нэг нүүрээр хоёр өөр зүйл ярих хэцүү юм?
-Эвгүй байсан. Больё гэж нэг хэлээд, болихоо болилоо гэж нэг амаар хоёр юм ярьж байгаа хэрэг шүү дээ. Улс төрд зүтгэж яваа хүнд өөрөөс нь шалтгаалахгүй улс төрийн шийдвэрүүд гарах тохиолдол байдаг.  Байхаас ч аргагүй. Сайханбилэг, Баяр нарыг Оюутолгойн гэрээнд буруутгаж  байна. Тухайн цаг үед тэр хүмүүс хувь хүнийхээ үүднээс  тэр гэрээг хийхээс татгалзаж ч байсан юм билүү бид мэдэхгүй ш дээ.  Дээрх үйл явдлын аль аль шийдвэр надаас хамаарахгүй гарсан. Надад ажлаа өгөх хүсэл байгаагүй ээ. Би МАН-аас нэр дэвшиж иргэдээс сонгогдсон. Намын малгай дор бодлого шийдвэрт нэгдэж яваа хүн учир намын шийдвэрийг дагана. Хурлын даргыг ажлаас чөлөөлөх тухай асуудал энэ тэр бол байх л хэрэг. Харин ч ийм санал гаргаж байгаа нь манай намын төлөөлөгчид хэн нэгнээс хамааралтай бус эрүүл сэтгэхүйтэй байна гэсэн үг.


-Та хэдэн онд МАН-д гишүүнээр элссэн бэ?
-1992 онд
-Тэр үед залуучууд ардчиллыг сонгодог байсан биш үү?
-Тийм шүү. Тэр үед хүмүүс намд элсдэггүй, элслээ гэхэд ардчиллыг сонгодог байлаа. Ер нь залуу хүн бол ардчиллыг дэмжих ёстой гэж ойлгодог. “Чи залуу хүн байж ямар сонин шийдвэр гаргадаг юм бэ гэж олон хүн хэлж байсан. Залуусын сонголт өөр тийшээ эргэж байхад МАН-ыг зориод ирсэн болохоор тухайн үеийн намын ахмадууд намайг их дэмжсэн.  Намд элсээд л Намын анхан шатны байгууллагаас нь л сонгуульт ажилд зүтгэсэн дээ. Намын анхан шатны үүрийн даргаар нэлээн олон жил ажилласан. Дөнгөж хорь гарч яваа залуу хүүхэд үүрийн даргын сонгууль хүлээж байлаа.
-Та аймгийн намын хорооны дэд даргаар ажиллаж байсан хүн. Намын бодлого шийдвэрийн углуурга дээр ажиллаж байсны хувьд сайн мэдэх хүний нэг биз?
-Тэгэлгүй яахав. Нам гэдэг улс төрийн байгууллагын гал тогоонд чанагдсан учраас намын сахилга бат, үнэ цэнийг нь илүү мэднэ.
-Сахилга бат гэснээс та төрд олон жил ажиллаж бичиг цаастай зууралдсан. Таны удирдаж байгаа ИТХ-ын ажлын алба чамбай байх учиртай ?
-Би 21 настайгаасаа хойш улс эх орондоо ажиллаж, 1992 оноос хойш төрд ажиллаж байна. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд тогтсон бүтэц стандарт гэж байдаггүй. Тухайлбал хөрш Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба гурван хэлтэстэй, орон тооны 21 ажиллагсадтай. Манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлтэсгүй, 12 ажилтантай. Аймаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө өөрийнхөө бүтцийг баталдаг. Харин Төрийн албаны шинэ хуулиар төрийн албан хаагчдынх нь ажлын байрны тодорхойлолт, албан тушаалыг баталгаажуулдаг болсон. Манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтцийг төрийн албаны зөвлөлөөс жишиг болох бүтэц гэж үнэлсэн. Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтцээр бусад аймгууд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны зохион байгуулалтаа хийхийг зөвлөсөн. Манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурал найман бодлогын хороотой. Манай ажлын албаны ажилтнууд бодлогын хороогоо давхар хариуцдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтнүүдэд бодлогын хороог хариуцуулснаар төлөөлөгчид бодлогын хорооны ажлаа хийхэд нь тусалж бичиг баримтыг нь  боловсруулдаг болсон. Манай орон тоонд  ахлах ажилтан, хэвлэл мэдээлэл, хууль эрхзүй, дотоод хяналт, санхүү, намын бүлэг хариуцсан ажилтан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан мэргэжилтэн бий. Дарга хэн байхаас үл  шалтгаалан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажил төрийн залгамж халаа үргэлжлэх ёстой. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд үйлчлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах үүрэгтэй.
-Та өөрийнхөө ажиллаж байсан газар юу үлдээхийг зорьдог вэ? 
-Хэнтэй ч хаана ч ажиллах чадвартай мэргэшсэн албан хаагчдыг үлдээхийг хүсдэг. Тэр ч үүднээсээ зөвхөн өөрийн ажлын албаныхан гэлтгүй бусад төрийн албаны ажилтнуудад ч хатуу шаардлага тавьж ажилладаг. Хуралд оруулж ирсэн бодлогын баримт бичгүүдийг өөрөө нэг бүрчлэн хянаж цоохорлож засварладаг. Манай хурлын Төлөөлөгчид ч гэсэн бичиг цаасны боловсруулалт дээр их анхаарч хуралдаан дээр тогтоол шийдвэрийн төслийг сайжруулах тал дээр санал шүүмжлэл түлхүү хэлнэ. Зарим төлөөлөгч бол төрийн албаныхны олж хараагүйг  олж харна шүү. Төрийн албан хаагч аль болох маш чадварлаг, мэдрэмжтэй байж өөрийгөө байнга хөгжүүлэж байх шаардлагатай. Тэд чадварлаг байж, Монгол төр хүчтэй байна. Би ийм шаардлагыг өөрийнхөө ажиллаж байсан бүх газарт хамт ажиллаж байгаа хүмүүстээ тавьж, энэ хэмжээнд сургахыг хичээдэг.  Залуу хүмүүсийн суурийг зөв тавих ёстой. Тэд урт удаан хугацаанд төрд зүтгэнэ. Тэдний карьер , ажлын амжилт чадвар нь Хишигтогтохтой ажилласнаар дуусах ёсгүй. Харин ч Хишигтогтохтой ажиллаж байснаар хаана ч гологдохгүй үнэ цэнэтэй байгаасай гэж хүсдэг. Надтай ажиллаж байсан миний шавь нар, бэлдсэн олон залуу тэр чадварыг эзэмшсэн. Би тэднээрээ бахархаж явдаг.
-Энэ удаагийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг Та ямраар дүгнэх вэ?
-Бүтээлч хурал. Яагаад гэвэл өнгөрсөн жилүүдэд бид талцаж намчирхаагүй. Сөрөг хүчинтэйгээ маш сайн хамтарч ажилласан. Манай төлөөлөгчид ямар ч асуудалд нам улс төрийн үүднээс хандаж ирсэнгүй. Тийм ч учраас олон чухал шийдвэрүүдийг зоригтой гаргаж чадлаа. Мөн аймгийн Засаг даргатайгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маш сайн хамтарч бие биенээ дэмжиж ажиллаж чадсан гэж би боддог. Аймгийн Засаг дарга маань залуу хүн гэхэд хуралтайгаа, хурлын төлөөлөгчидтэйгээ ойлголцож хамтарч ажиллах тал дээр сайн байсан гэж би үнэлэх байна. Газрын тосны Дачин Тамсагийн замыг хаах, усны хэрэглээг хянах гэх мэт шийдвэрүүдийг гаргахад тийм ч амар байгаагүй. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ингэж зориглон тууштай үйл ажиллагаа явуулсанаар бид зохих үр дүнд хүрч чадсан. Ямартаа ч Петро Чайна Дачин Тамсаг компани тендерүүдээ нээлттэй явуулдаг болж орон нутгийн олон компанитай гэрээ байгуулах боллоо. Олон жил аймгийн Хөгжлийн санд  50 мянган долларын  дэмжлэг үзүүлэх төдий явж ирсэн бол  одоо 1 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг өгдөг болсон. Дорнод аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд нийтдээ 4 тэрбум гаруй төгрөгийн хандив орон нутгийн Хөгжлийн санд төвлөрүүлэх боллоо. Энэ бол бодит үр дүн. Өмнө нь нэг ч төгрөг өгдөггүй компани олон байсан.
- Бидний ярилцлага өндөрлөлөө. Баярлалаа Танд.

Сурвалжлагч Б.Одмаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%