Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж: Улс төрч болохын тулд сонгогчдынхоо зүгээс тавьж байгаа олон шалгуурыг давах хэрэгтэй болно

2020-03-02

- Таны улс төрийн гараа хэзээнээс эхэлж байсан бэ?

- Анх 2000 оноос улс төр рүү орсон гэж хэлж болно. Төрийн албанд 21 дэх жилдээ ажиллаж байна. Багш мэргэжилтэй. 1999 онд төрөлх нутаг Бат-Өлзийд нэг жил багшилсан. 2000 онд сумын Монголын залуучуудын холбооны салбар зөвлөлийн тэргүүнээр ажиллаж эхэлснээр нийгмийн идэвхтэй оролцоо эхэлсэн гэж хэлж болно. Гэхдээ Монголын залуучуудын холбоо бол улс төрийн хамааралтай бус, Монголын нийт залуучуудын нийтлэг хүсэл зорилго, эрх ашгийг төлөөлсөн байгууллага юм. 
2000 оны сонгуулийн дараа НАМЗХ-нд элсэж, тэр үеэс улс төрийн байгууллага руу эргэлт буцалтгүйгээр орсон. 2004 онд сумын Засаг даргаар ажиллаж, өнөөг хүртэл 16  жил зөвхөн улс төрөөр явж байна даа. 

- Таны онолоор улс төрч гэж хэн бэ?

- Олон өнцгөөр тайлбарлаж болох байх л даа. Миний хувьд иргэдийнхээ итгэл үнэмшил нь болж, тэдний хүсэл сонирхол, эрх ашгийг хамгаалахын төлөө яваа хүмүүсийг улс төрч гэж хэлнэ. Гэхдээ улс төрч болохын тулд сонгогчдынхоо зүгээс тавьж байгаа олон шалгуурыг давах хэрэгтэй болно. Хэлснээ хэрэгжүүлж чадахаар хүн мөн үү, ажлын дадлага туршлагатай юу, боловсрол мэдлэгтэй юу, хувийн эрх ашгаас илүүтэй нийтийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж чадах уу гээд, цаашилбал удам угсаа, хүмүүжил, төлөвшил гэхчлэн маш олон талаас харж сонголт хийдэг байх. 

- Таны хувьд 2002 оноос эхлэн сум, аймгийн ИТХ-д Бат-Өлзий сумаас сонгогдон ажиллаж байна. Тэгэхээр иргэд, сонгогчдынхоо тавьсан шалгуурыг давж чадсан гэж ойлгож болох уу?

- Улс төрч хүний хамгийн том дутагдал юу вэ гэхээр сонгуулийн үед сайхан амлачихаад сонгуулийн дараа чимээгүй алга болдог явдал юм. Дахиад очих нүүргүй болж байна гэсэн үг. “Дөрвөн жилийн өмнө сайхан яриад алга болсон хүүхэд байна даа, дахиж хууртахгүй дээ” гэсэн сонголтыг л хийнэ шүү дээ. Иргэд, сонгогчийнхоо итгэлийг алдахгүй байхын тулд амласан зүйлээ хэрэгжүүлэх нь Төлөөлөгч хүний хамгийн том зорилго байх ёстой. Иргэдийнхээ өмнө хэлж, ярьсан нэг зангаараа, зарчмаараа л байвал дахин итгэл хүлээх боломжтой байдаг. Гарч ирсэн хойноо хувийн ашиг сонирхлоо хөөцөлдөөд улс орныхоо эрх ашгийн эсрэг юм хийгээд байвал буцаад л байрандаа бууна.
Өөрөөр хэлвэл, иргэд сонгогчид өөрийн төлөөлөл болгон сонгосон хүнээ ямар шинэ соргог ажлыг санаачилж хийж байгааг байнга харж, дүгнэж байдаг гэж ойлгодог. 
Бат-Өлзий сумаас сонгогдсон гурван төлөөлөгч 2016 онд суманд хийж хэрэгжүүлнэ гэж амласан амлалтаа бараг 100 хувь биелүүлээд байна. Мэдээж, сонгуулийн үед очихдоо тайлангаа тавина.

   - Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусгавар болно. 2016 онд тавьсан зорилтоо хэр биелүүлсэн гэж дүгнэж байна вэ?

   - Аливаа хүн зорилгоо бүрэн гүйцэд тодорхойлоогүй бол  амжилтанд хүрдэггүй. Харин зорилгоо тодорхой төлөвлөөд чармайн ажиллавал хүссэн үр дүндээ хүрч чадна. Үүнтэй адил бид 2016 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн бүрэн эрхээ баталгаажуулаад ажлаа эхлэх үедээ яавал аймгаа хөгжүүлэх вэ, ажлын байрыг яаж нэмэгдүүлэх вэ, иргэдийнхээ орлогыг хэрхэн өсгөж, тэднийг ая тухтай орчин нөхцөлд амьдруулахын тулд юу хийх вэ гээд олон зорилтыг өмнөө тавьж байсан. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл гээд олон бодлогын баримт бичгүүдийг 41 Төлөөлөгч оюун ухаанаа уралдуулж, санал бодлоо хэлж, багцалж батласан. 
Жил бүрийн эцэст аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, бодлогын баримт бичгүүдийнхээ хэрэгжилтийг дүгнэдэг. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэл, Зорилтот жилийн ажил 90-ээс дээш хувийн биелэлттэйгээр дүгнэгддэг нь бид өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж байгаагийн илрэл юм. 

- Аймгийнхаа хөгжлийн гарцыг аль салбарт голлон чиглүүлж байгаа вэ?

- Өвөрхангай бол мал аж ахуй давамгайлсан аймаг. Аймгийн эдийн засгийн хөгжлийн бодлогын баримт бичигт мал аж ахуйгаа түлхүү хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн салбар, дөрөвт уул уурхайг хөгжүүлэх зорилт тавьсан байдаг. 
2016 оноос хойш махны гурван үйлдвэр ашиглалтад орсон нь аймгийн эдийн засагт томоохон дэмжлэг болж байгаа. Монгол Улсад төрийн эзэмшлийн махны үйлдвэр ганцхан байдаг нь Арвайхээр сум дахь “ӨВ Эко Мийт” махны үйлдвэр юм. Тус  үйлдвэр 2019 онд тэрбум төгрөгийн мал худалдан авсан байна. Энэ мөнгө малчдын гар дээр очиж байгаа. Эргээд банк санхүү, оюутны сургалтын төлбөр, зах зээл гээд бусад салбар руу эргэлдэж, айл өрхийн эдийн засагт томоохон дэмжлэг болж байгаа. 
Удахгүй арьс ширний үйлдвэр ашиглалтад орж, үйл ажиллагаа нь эхлэх байх. Тэгвэл  малын мах, арьс шир нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болж, зах зээлийн эргэлтэнд орно. Тэнд ажлын байр бий болно. Сүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдэрч, сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодын эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй экспортод гаргаж эхэллээ. Энэ мэтээр хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд жил тутамд ахиц дэвшилттэй байгаа. 
Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор аялал жуулчлалын гол зам, маршрутын дэд бүтцийг сайжруулж байна. Орхон голын Онгоцтойн гүүрийг шинэчлэн барьснаар Улаан цутгалан, Төвхөн гээд байгалийн үзэсгэлэнт газар руу аялагчдын тоо эрс нэмэгдэнэ гэж үзэж байгаа. 
Сарлагийн баяр, адууны баяр, айрагны баяр гээд эвент арга хэмжээнүүд тогтмолжиж байна. 2019 онд Монгол хөхүүрийн айргаа ЮНЕСКО-ийн Соёлын өвд бүртгүүлж чадсан нь том бахархал юм. 
Үйлдвэрлэлийн салбарын хүрээнд орон нутгийн оёдлын үйлдвэрүүдийг дэмжихэд нэлээн анхаарч байна. “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана. Үүний үр дүнд ажлын байр нэмэгдэх, зарим нэр төрлийн бүтээгдэхүүнүүд зориулалтын сав, баглаа боодолтой, шошготой болох, аймгийн брэнд бүтээгдэхүүний тоо нэмэгдэх боломж бүрдэнэ. 


- Өнгөрөгч гурван жилд хийсэн, бүтээсэн зүйл их байна. Үүний зэрэгцээ алдаа дутагдал ч бас бий байх?

- Ажил хийж байгаа хүнд мэдээж, алдаа, оноо аль аль нь байдаг. Гэхдээ алдаанаас айгаад хэл амнаас зугатаад юу ч хийхгүй байж бас болно. Чимээгүйхэн явж байгаад дөрвөн жилийг өнгөрөөж болно л доо. Гэвч бид тэгсэнгүй. Шинэлэг, бүтээлч ажлуудыг эхлүүлж байна. Зоригтой алхам хийснээрээ алдаа  гаргадаг, гэхдээ оноо нь давуу байдаг. Нөгөө талдаа шүүмжлэлийг ч дагуулдаг.

- Сүүлийн үед аймгийн удирдлагуудтай холбоотой сөрөг мэдээлэл цахим сүлжээнд багагүй цацагдаж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

- Улс төрийн сонгууль дөхсөнтэй холбоотойгоор худал хуурмаг мэдээллийг их тарааж байна. Жишээ нь: аймгийн дарга бид хоёрыг  махны үйлдвэр, нүүрсний уурхайтай холбож, баахан мөнгө төгрөг угаасан, завшсан юм шиг сөрөг ойлголтыг  олон нийтэд төрүүлж байгаа.  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бол Төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн олонхийн дэмжсэн шийдвэрийг баталгаажуулдаг албан тушаалтан шүү дээ. Хуулинд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн өмчийн эзэн байдаг. Аль нэг байгууллагын компьютер, ширээ сандал, машин техник, байр байшин гэх мэт хөрөнгийг шинээр авах, балансаас балансад шийлүүлэхэд зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр л хэрэгжүүлнэ. 
Төрийн болон Орон нутгийн өмчийн хуулинд заагаад өгчихсөн эрх нь энэ. Баянтээгийн уурхайн 70 хувь нь орон нутгийн өмч. Тэр утгаараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Орон нутагт ноогдож байгаа ноогдол ашгаас махны үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх талаар удирдах зөвлөлөөрөө авч хэлэлцэнэ үү” гэсэн утгатай тогтоол гаргасан. 
Баянтээгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь үүнийг авч хэлэлцээд 450 сая төгрөгийг шилйдвэрлэсэн. Энэ мөнгөний зарцуулалтыг харъя гэвэл хэнээс ч нуух юм байхгүй. “Өв Эко Мийт” махны үйлдвэр даргатай, нягтлантай, няравтай, хөндлөнгийн хяналт өндөртэй бие даасан байгууллага. Орон нутгийн аудитын байгууллага ч аудит хийсэн. Хамгийн гол хянагчид бол махны үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байгаа Шунхлай группийн төлөөлөл юм. Энэ хүмүүс маш өндөр хяналт тавьж байгаа гэж бодож байна. 
Сонгуулийн жил дөхөхөөр зарим нэг улс төрийн хүчнүүд үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлдэг. Тэр хүрээндээ баримт, нотлогоо багатай элдэв мэдээллээр улс төрчдийн нэр хүндийг унагаах зорилготой гүтгэлгийн мэдээлэл цацдаг нь бараг хэвийн үзэгдэл болж. Гэхдээ нэр хүндэд хэт халдах, иргэд, уншигчдад буруу зөрүү ойлголт, мэдээлэл өгөх явдал даамжирвал үүнтэй хатуу тэмцэнэ. Хуулийн хүрээнд нэр төрөө сэргээлгэж, буруу зөвийг нь тогтоолгоно. Сөрөг хүчин сонгууль дөхөхөөр гэнэт сэрсэн юм шиг аашлахдаа гол нь биш,  гүйцэтгэх засаглал барьж байгаа улс төрийн намынханы үйл ажиллагаанд бүх жилүүдийн турш тогтмол хяналт тавьж, бүх шатанд буруу алхам, зөрүү үйлдэл гаргуулахгүй байхын төлөө шүүмжлэхдээ шүүмжилж, хэлж зөвлөхдөө хэлэлцэж ярьж, нягт хамтран ажиллах ёстой.
Нэг зүйлийг баталж хэлэхэд надтай холбоотой ямар нэгэн төсвийн хөрөнгө шамшигдуулсан, булхай луйварт холбогдсон асуудал огт байхгүй гэдгийг хэлье.

- Та БНСУ-д ажиллах үеэрээ Нийтийн сонсголыг хэрхэн хийх талаар мэдээлэл авсны үндсэн дээр аймагтаа хоёр ч удаа зохион байгууллаа. Хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ?

- Аймгийн хэмжээнд Нийтийн сонсголыг хоёр удаа зохион байгуулсан. Энэ жил ч зохион байгуулна. Нийтийн сонсгол бол төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах, ил тод байдлыг хангах үр дүнтэй арга хэрэгсэл юм. 
Орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажил, бүтээн байгуулалтын чанар, үр дүнгээр Нийтийн сонсгол зохион байгуулахад иргэд төсвийн зарцуулалтын талаар эргэлзээтэй байгаа асуудлаа тодруулах, мэдээлэл авах, саналаа хэлэх боломж бүрддэг. 
Иргэдийн саналыг хэрэгжүүлэгчид буюу Засаг дарга түүний Тамгын газар, холбогдох байгууллагуудаас мэдээлэх, хариулт өгөх байдлаар оролцдог бол ИТХ түүний Тэргүүлэгчид хөндлөнгийн буюу ажиглагчийн байр суурьнаас оролцож, дараагийн гаргах шийдвэртээ ямар зүйлийг засаж залруулах талаар дүгнэлт хийдгээрээ ач холбогдолтой болдог.

-  Аймгийн ИТХ-ын даргын нэр дээр хаягласан өргөдөл, санал гомдол иргэдээс хэр их ирдэг вэ?

- Өргөдөл ирнэ. Ирсэн өргөдөл, саналыг хурлын хэмжээнд шийдвэрлэх боломжтой бол шийдвэрлэнэ. Бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэр, хөтөлбөрт тусгах саналууд байвал тусгана. Иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлого болгох нь Иргэдийн хурлын нэг чухал үүрэг юм.  Хурлын хэмжээнд шийдвэрлэх боломжгүй бол холбогдох хэлтэс агентлагт уламжилж, энэ асуудлыг шийдвэрлэж ажиллах чиглэл, санал зөвлөмжийг өгнө. Иргэдийн дуу хоолойг дагаж гаргасан шийдвэрийн хэрэгжилт нь үр дүнтэй, амьдралд бодитой тусдаг. 

- 2019 онд УИХ-аас хэд хэдэн томоохон хуулийн шинэчлэл хийсний дотор Үндсэн хууль багтаж байгаа. Эдгээр хуулийн өөрчлөлтийн талаар та ямар бодолтой байна вэ?

- Хууль дүрэм аятайхан болж байна. Төрд ажиллаж байгаа залуучууд мерит зарчмаар тогтвортой ажиллаж, өсч хөгжих боломжийг хуульчилж өглөө. Аймгийн ЗДТГ-т гэхэд их, дээд сургууль төгсөөд шууд ажиллах боломжгүй, харин анхан шатанд буюу байгууллага эсвэл суманд дэс түшмэлийн албан тушаалаа хашаад, сайн ажиллах юм бол дараа дараагийн албан тушаалд дэвшээд явах боломж нээлттэй болсон. Төрийн албан хаагчдыг хөндлөнгөөс харахад тогтмол цалин, орлоготой түүнийгээ дагаад баталгаатай амьдралтай мэт харагдавч үндсэндээ 80 хувь нь цалингийн зээлтэй л байна. Сонгуулийн дараа улс төрийн нам, дарга удирдлага солигдонгуут хүний нөөцийн тогтвортой байдал алдагдаж, төрийн албан хаагчид айдас түгшүүртэй ажилладаг байсан. Тэгвэл хуулиар энэ байдлыг өөрчилж, төрийн алба улс төрөөс хамаарахгүйгээр тогтвортой ажиллах боломжтой болж байгаа юм. Сайн л ажиллаж чадах юм бол шатлан дэвших зарчмаараа яваад л байна.
Монгол Улс зах зээлийн олон тулгуурт бодлого хөгжүүлэх нийгэмд шилжсэнээс хойш үндсэндээ 30 жилийн дараа Үндсэн хуулиндаа өөрчлөлт орууллаа. 2000 онд нэг өөрчлөлт оруулсныг 20-иод жилийн турш шүүмжилсээр ирсэн шүү дээ. Хуулийн хэрэгжилтийн явцад нөхдүүд хууль гажуудуулчихгүй л бол аятайхан болохоор харагдаж байна.  Үндсэн хууль гэдэг байшин, барилгаар бол суурь, хундам нь юм. Суурь нь зөв, сайн цутгагдах юм бол дээш нь барьж байгаа барилга бат бөх баригдана гэдэг зүйрлэлээр харьцуулахад Үндсэн хуулийн зүйл заалт зөв байвал улс орны ирээдүй жигд хөгжилтэй байна. 
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой гурван том өөрчлөлт Үндсэн хуульд орсон учраас Үндсэн хуультайгаа нийцүүлж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлах шаардлага үүсч байгаа. Энэ хуулинд шинэчилсэн найруулга хийгдсэнээр баг, сум, аймгийн түвшинд хийх ажлуудыг тодорхой, ялгаа заагтай болно. Одоо бол эрх, үүрэг нь давхардчихсан, сумын ажлыг аймгийн дарга хийгээд байгаа ч юм шиг эсвэл аймгийн даргын ажлыг сумын дарга нар хийгээд байгаа ч юм шиг тодорхойгүй байдаг. 

- Иргэд, сонгогчдодоо хандан таны хэлэх үг. 

- Хувь хүнийхээ зүгээс хэлэхэд аймгийн ИТХ-ын дарга болсноос хойш аймаг, орон нутгаа хөгжүүлэхийн төлөө, ард иргэдээ ая тухтай амьдруулахын төлөө аймгийн Засаг даргатайгаа, УИХ-ын гишүүдтэйгээ нягт хамтран ажилласны үр дүнд 2016 онд иргэд, сонгогчиддоо амлаж байсан амлалтаа өндөр хувьтай хэрэгжүүлсэн гэдгийг хэлэхэд таатай байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр бол хамтын шийдвэр юм.
Та бүхний итгэл хүлээлгэн сонгосон Төлөөлөгчид  аймгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхээр олон шинэ санал, санаачилгууд гарган баталж, орон нутгийн бие даасан байдлыг хангах, ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Удахгүй болох УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд иргэн бүр идэвхтэй оролцож, Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө  эдлэхийг нийт иргэддээ уриалъя.  
-- Ярилцсан Б.Чимэг --