“Элэг бүтэн-Монгол” хөтөлбөрт эрүүл
мэндийн даатгалгүй иргэдийг хамруулах талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
хуралдаанаар хэлэлцлээ.
Өвөрхангай аймагт эрүүл мэндийн
даатгал төлөөгүй 13883 иргэн байгаагаас 4035 буюу 29 хувь нь даатгалаа төлөх
боломжгүй нэн ядуу иргэн байна. Тэд “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөрийн илрүүлэг шинжилгээнд
хамрагдах болон эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад сүүлийн 5 жил эрүүл мэндийн
даатгал төлсөн байх шаардлагатай юм. Тухайлбал нэг иргэн 221280 төгрөгийн
даатгалыг өнгөрөгч 5 жилд төлсөн байх ёстой аж.
Эдгээр иргэдээс хүнсний талонд
хамруулах замаар 2020 оны эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх ажлыг ХХҮГ-тай хамтран
хийх, ажил хөдөлмөр эрхлэх насны хүн амыг түр ажлын байранд зуучлан хөдөлмөрийн
хөлсөөр нь эрүүл мэндийн даатгалыг нь төлүүлэх арга хэмжээ авах, Эрүүл мэндийн
даатгалын ерөнхий газарт нян ядуу иргэдийн эрүүл мэндийн даатгалыг зөвхөн
сүүлийн 1 жилээр төлүүлэх саналыг уламжлан шийдвэрлүүлэх зэрэг саналыг аймгийн
Эрүүл мэндийн газраас уламжиллаа.
Хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Эрүүл
мэндийн даатгалаа төлөөгүй боловч төлөх боломжтой 9848 иргэнийг даатгалд
хамруулах ажлыг зохион байгуулах, даатгалаа төлөх боломжгүй 4035 иргэний
илрүүлэг шинжилгээнд шаардагдах түргэвчилсэн оношлуурын зардлын эх үүсвэрийг
шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгалаа.
Өвөрхангай аймаг нийт 114845 хүн
амтайгаас 78672 буюу 68,7 хувь нь В, С вирусийн эрт илрүүлгийн үзлэг,
шинжилгээнд хамрагдах ёстой. Одоогийн байдлаар тэдгээрийн 70 хувь нь үзлэгт
хамрагдсан бөгөөд 2998 иргэнд В вирус, 2961 иргэнд С вирус илэрчээ.
-- Б.Чимэг --