Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж, Баруунбаян-Улаан, Өлзийт, Сант сумдын Гэмт
хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын мэдээллийг сонслоо.
Дээрх сумдууд гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс
сумын төвийг камержуулах, гэрэлтүүлэг нэмэх, замыг тэмдэг, тэмдэглэгээтэй
болгохоос гадна эргүүлийн үүрэг гүйцэтгэх, сургалт, сурталчилгааг зохион
байгуулах, шаардлагатай тонон
төхөөрөмжийг авахад хөрөнгө шийдэж өгөх зэргээр ажиллаж байна.
Мэдээлэлтэй холбогдуулж, Тэргүүлэгчид асуулт асуун саналаа хэлсэн юм. Тухайлбал,
аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж архидан согтуурахыг багасгах, АА бүлгийг дэмжиж
ажиллах, гэмт хэрэг, зөрчилд өртөх магадлалтай хүүхдүүдийн судалгааг гаргаж,
түүн дээр үндэслэн тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх үүрэг, чиглэлийг
өглөө.
Мөн Тэргүүлэгч О.Сумъяасүрэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, сургууль, багш нартай уялдаа холбоотой ажиллахыг, Тэргүүлэгч Т.Нарангарав сум бүр өөрийн онцлогт тулгуурлан төлөвлөгөөг гаргаж ажиллахыг зөвлөлөө.