Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Улсын аварга малчин Т.Дамдинсүрэн: Хаврын сард тэнгэр дуугарахаар онцгүй байдаг, цаг их зүтгэдэг гэж хууччуул хэзээний ярьдаг байсан

2020-04-29

   Нарийнтээл сумын 1 дүгээр багийн малчин Тоомой-Ёндонгийн Дамдинсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрөгч сар шинээр “Улсын аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм.

o   Сайхан хаваржиж байна уу. Цагт тарган, тавтай оров уу?

o   Сайхаан, сайхан хаваржиж байна уу. Онд мэнд орлоо.

o   Та хэдэн жил мал маллаж байна вэ? Энэ жил “Улсын аварга малчин” гэх алдар нэрийг авсан шүү дээ.

o   Мэдээ орсон цагаасаа л аав, ижийтэйгээ хамт мал маллаж ирсэн. 16-тайгаасаа бие даан мал маллаж, үндсэндээ 50 гаруй жил малын буяныг хүртэн амьдарч байна. 1500-аад толгой малтай. Анх гэр бүл болохдоо цөөвтөр малтай л тусдаа гарч байсан. Хувьчлалын үеэр ам бүлийнхээ тоонд оногдох 160-аад хонь, 17 адуу, 11 үхэр аваад, тэрийгээ өсгөн үржүүлж, 2006 оноос хойш тарсалтгүй мянгаас дээш мал тоолуулж байна даа.

o   Өвөлжөө, хаваржаа хэр тавлаг байна вэ?

o  Өнгөрсөн зун газрын гарц муутай байсан учраас хатуухан өвөл боллоо. Манайх уг нь малаа бараг тэжээлгүй л онд орчихдог юм. Зун нь зун болоогүй болохоор мал тарга муутай... одоо төллөсөн бүх малаа л тэжээж байна.

    Намар 9 сар гарангуут говь руу оторлож, малаа таана идүүлдэг байсан. Таана идсэн мал, ялангуяа ямаа янзын таргалдаг юм. Гэтэл өнгөрсөн намар бороо дусаагүйгээс таана гараагүй. Тэгээд тэрүү, мал чөмөг сууж чадаагүй, тарга алдаад их л тэжээлгэж байна. Үхэр, адуугаа ч тэжээлд орууллаа.

o   Нэг үе малчдыг жалга, довоо тойрч байна. Холхон явж нүүсэнгүй гэж шүүмжилдэг байсан. Одоо хүссэн хүсээгүй оторлодог болжээ. Танайх оторлов уу?

o   Манайханы Шаргын тэр хавиар айл болгон гайгүй малтай, отор нүүдлээр нэг их явахгүй болохоор газар нутгаа талхлах гээд байдаг юм. Нэг дор байгаа улс чинь нэгийгээ муухай загнаад байж чаддаггүй, болох бүтэхээрээ явцгааж л байдаг. Энэ жил газар гараагүй болохоор өөрийн эрхгүй нүүцгээсэн. Бараг малчин өрхийн 80-иад хувь нь өөр баг, сум, аймагт отроор яваа байх.

  Энэ жил ер нь отор хийх газар ч олдоогүй шүү. Харин манай 3 дугаар багийн нутагт газрын гарц гайгүй байсан болохоор манайх тийшээ оторлосон. Сумандаа үлдсэн бүх айл тэр хавиар бөөгнөрөөд л өвөл, хаврыг өнгөрүүллээ. Ногоо гарахаар л нутаг буцацгаана.  

o   Төл мал хэр авч байгаа вэ?

o   Цагийн байдлыг харгалзаад хуцаа арваад хоног л тавьсан. Ухна ерөөсөө тавиагүй. Ямаагаа энэ жил өнжөөж байгаа. Одоо 70-аад хонь төллөөд байна. Төл малдаа зориулж, 200-аад литр сүү хадгалсан. Тэрний хүчинд л хэдэн хургаа угжиж байна даа. Хонь жилбэ муутай, хургаа хооллохгүй, голж байна гэж жигтэйхэн. Мал чинь царай муутай болохоороо л төлөө голоод эхэлдэг юм. Тарга тэвээрэгтэй мал бол эзэндээ ч арчилгаа, маллагаа багатай амар байдаг. Нэлээн хэдэн гүү унагалчихсан байгаа. Цаг сайхан болвол барих л байх даа.

o   Цайгаа сүлэх гэж малаа саадаг байсан бол одоо өөрт нь зориулах гэж л сүү, цагаа авдаг болж дээ?

o   Хавар төлөө угжих гэж л сүү нөөцлөдөг болсон. Манай зун үхрээ алдаг, оног саана. Харин намар, өвөл сааж хурганыхаа сүүг авна даа. Бид нар өөрсдөө хар цайгаа уугаад болоод л байна. Боломжийнхоо хэрд таарсан цагаан идээ авчихдаг байсан. Энэ зун ч чадах болов уу л гэж бодогдож байна.

o   Хаврын сар гарсаар тэнгэр нэг л өөдөлсөнгүй. Малчид маань их зутарч байгаа байх даа?

o   Цас орохгүй, жаахан үүл гарахаар л шороо нүдчих юм. Сая хаврын дунд сарын 26-нд тэнгэр дуугарчихлаа. Тэгээд 27-нд шуургатай, тав муутай өнгөрсөн. Тэгэхээр энэ сар л лав сайн ч үгүй л байх болов уу. Хаврын сард тэнгэр дуугарахаар онцгүй байдаг, цаг их зүтгэдэг гэж хууччуул хэзээний ярьдаг байсан. Алтыг нь ухаад байхаар тэгдэг юмуу, яагаад байдаг юм. Жил ирэх бүр л хур бороо орох нь багасаад газрын гарц муудаж байна. Нарийн учрыг нь мэдэхгүй юм даа.

      o   Намар хадлан, тэжээл хэр бэлтгэсэн бэ, сум, орон нутгаас дэмжлэг үзүүлэв үү?

o   Манайх өвс хаддаг хадууртай. Машинаараа явж 2-3 тэвш байгалийн хадлан хадсан. Дээр нь нэмээд 100 гаруй боодол өвс авсан. Энэ жил манайх хэдэн ч тонн хивэг хэрэглэв, тоогоо алдсан. Хорголжин тэжээл, янз бүрийн холиод л зуурч өгөхөд шуудай хивэг өдөрт хүрэхгүй шахам байна. Сумаас гайгүй л дэмждэг. Гэхдээ малын тоогоор биш өрхийн тоогоор өгч байгаа болохоор шальдаггүй л дээ. 2-3 боодол өвс, 1-2 шуудай хивэг оногддог юм.

  Ноолуурын үнэ гайгүй байх аз байна уу, үгүй юу. Гайгүй авчихаасай л гэж залбирч байна даа. Манайх жилд 200-аад кг ноолуур самнадаг. Энэ жил арай гүйцэхгүй байх аа.

o   Та мал маллах арга туршлагаасаа хуваалцахгүй юу?

o   Аав ээжээс өвлөсөн мал маллагааны арга барил дээр өөрийн ажлын туршлагыг нэмээд малаа маллаж байна. Малаа цөөхөн байхад олон болгох гээд янз бүрээр үздэг л байлаа. Айлаас ихэр ишиг, хурга хүртэл авч тэжээгээд явдаг л байсан. Одоо харж байхад хөдөө мал малладаг залуу хүн ховор болж. Бүгдээрээ л төв суурин бараадаж, залхууг сурч л байх шиг санагдах юм.

o   Гэхдээ хаана амьдрахаас хамаарахгүйгээр амьдралаа л зөв авч явдаг байх хэрэгтэй. Тэгж чадвал  аав, ээжийнхээ ачийг хариулж байгаа нь тэр гэж боддог. Өөрөөр эжий, аавынхаа ачийг хариулна гэж байхгүй.

o   Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Малчин болж байгаа хүүхэд бий юу?

o   Долоон хүүхэдтэй. Нэг бандийгаа голомт залгах малчин болгож байна. Бусад нь мөн л сургууль, соёл гээд явсан.

o   Ярилцсанд тань баярлалаа. Эрүүл энхийг хүсье.

Б.Чимэглэн