Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Д.Гүндэгмаа: Айраг гэдэг идээ чинь Монголын дархлаа юм шүү дээ

2020-05-08

Хулгана жилийн босгон дээр Өвөрхангай аймгаас “Аймгийн аварга малчин”-аар 100 гаруй хүн тодорч, мал маллах нөр их хөдөлмөр, зүтгэлээ төр засгаар үнэлүүлсэн билээ. Тэдний нэг нь Баян-Өндөр сумын 2 дугаар багийн малчин Б.Сайнбилэг, Д.Гүндэгмаа нар юм. Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлийг ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхэд голлох хувь нэмрийг оруулсан аварга малчидтай цөөн хором хөөрөлдлөө.

-Таны гэр бүлийн хувьд энэ жил бахдам амжилтууд арвин байна. “Аймгийн аварга малчин” боллоо. Мөн монголчуудынхаа өв соёлыг дэлхийд тамгаллаа. Та хоёртоо баяр хүргэе?

Б.Сайнбилэг: Аав, ээжийн минь буян, нутгийн минь түшиг тулгуур, ах дүү, анд нөхөд, авааль гэргий, алаг хонгор үрсүүд аль алиных нь ариун цагаан хөдөлмөр шингэсэн “Аймгийн аварга малчин” хэмээх цолыг хүртлээ. 1971 онд эвлэлийн илгээлт, намын уриагаар Монголын 51 охид, хөвгүүд мал дээр гарч ажиллаж байсны нэг нь би байгаа юм. Эдүгээ 49 жил мал маллаж байна. Энэ хугацаанд голдуу эм хонь мал маллаж ирсэн. Мянга гаруй толгой малтай.

Д.Гүндэгмаа: Эгч нь олон жил мал маллалаа. Малынхаа ашиг шимийг л сайн ашиглаж байх нь зөв гэж боддог. Улаанбаатарт 10 гаруй жил айрагны гэр барьж, нийслэлчүүддээ хөхүүрийн айргаар үйлчилж ирсэн. Түүний хүчинд Монголынхоо айргийг дэлхийд нэрд гаргалаа. 


-ЮНЕСКО-ийн албаны хүмүүс танайд амьдарч, хөхүүрийн айрагны өв соёлыг судалсан гэж сонссон. Судалгааг ямар байдлаар авч байсан бэ?

Б.Сайнбилэг: Манайд хоёр хонож, өглөө адуунд явахаас эхлээд тавих хүртэлх бүх цаг үед зураг авч байсан. Унагаа чагтлах, адуу малаа чөдөрлөх, гүүгээ богтлох, айргаа бүлэх, исгэх, тэр бүү хэл чөдөр, ногтоо зангидахыг хүртэл сонирхож байсан юм. Эхнэр, хүү хоёр маань бэлдсэн үхрийн ширээ дэлгэж байгаад хөхүүр эсгэж, оёж харуулж байлаа.

Д.Гүндэгмаа: Айргаа батлуулах гэж олон жил явсан. Айраг гэдэг идээ чинь Монголын дархлаа юм шүү дээ. Ургамал сайтай газрын айраг сайхан байдаг юм. Манай Баян-Өндөрийн айраг сайхан шүү.

-Хөхүүрийн айрагны онцлогийг ярьж өгөөч?

Б.Сайнбилэг: Үхрийн шир сэрүүн чанартай байдаг. Харин адуу халуун чанартай болохоор зохицолдолгоо нь таарч байгаа юм. Саванд исгэсэн айрагнаас тэс өөр амттай байдаг. Хөхүүрийг үхрийн ширээр хийнэ. Нас бие гүйцсэн шарын ширээр хийсэн хөхүүр  200-300 литрийн багтаамжтай байдаг.

Д.Гүндэгмаа: Хөхүүрийн айраг хэд хоносон ч муудахгүй, эрүүл мэндэд сайн. Манайх гурван үеэрээ л хөхүүрээ хийж, айргаа исгэж ирлээ. Малаас дан ганц мах, сүү гарахгүй. Дэл, сүүл, ноос үс, сүү цагаа бүгд л малын ашиг шим. Залуучууд малынхаа ашиг шимийг л ашиглаж сурах хэрэгтэй. Наад зах нь аргалаа түүгээд шавчихдаг, хялгасаа томоод гэрийнхээ хэрэглээг хийчихдэг баймаар санагддаг юм. Монгол уламжлал гээгдэх гээд байна.


-Та мал маллах арга туршлагаасаа хуваалцахгүй юу.  Өвөлжилт, хаваржилт танай нутгаар хэр болов?

Б.Сайнбилэг: Газар гараагүй, Оготно идсэн, цөлжилттэй, сайн байгаагүй. Гэхдээ би отор хийгээгүй, нутагтаа үлдсэн. Мал сайн орсоон. Манайх 400 гаруй хоньтой, тэрийгээ 200, 200-аар нь жилд ээлжилж төллүүлдэг. 1-4 дүгээр сард хонио төллүүлж, арай давуу, оновчтой цаг хугацааг тодорхойлж үзлээ. 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 1-ний хооронд хонь төллөөд дуусч байвал энэ 15 хоног хамгийн оргил хугацаа гэж дүгнэсэн. Одоо малыг тоо хөөлгөхгүй, чанаржуулна гээд ярьдаг боллоо. Малд чанар суулгана гэвэл хонийг өнжиж төллүүлэх нь л зүгээр юм. Ийм маягаар сүүлийн гурван жил хонь мал маллаж байгаа. Эх мал л чанартай байх юм бол төл сэнсэрнэ гэж байдаггүй. Эх мал муу бол оройхон төллөсөн ч л сэнсэрнэ.