Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Э.ГАНБАТ: БИ ХЭЛСНЭЭ ХИЙЖ, ХИЙСНЭЭ Л ЯРЬДАГ

2020-10-03

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Эрдэнийн Ганбатын ярилцлага mass.mn сайтад нийтлэгдсэнээр нь хүргэж байна.

-Э.Ганбатыг дүүргийн тань олон иргэн танина. Гэхдээ хувь хүний хувьд хэн бэ, ямар намтар түүхтэй залуу Сүхбаатар дүүргийн ИТХ-ыг удирдаж байна вэ гэдгийг мэдэхгүй хүн олон байгаа байх. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Би 1973 онд  Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлэгт 10 хүүхэдтэй айлын отгон хүү болж мэндэлсэн. Манайх эцэг, эхээс арвуулаа, өнөр олуулаа өссөн л дөө. Намайг багад манайх Сүхбаатар дүүргийн 13, 3,дугаар хороодод шилжин суурьшиж, амьдарч байлаа. Одоо манайх 6-р хороонд амьдардаг. Сүхбаатар дүүргийн 17 дугаар сургуульд суралцаж байгаад Хорооллын 40 дугаар сургуулийг төгссөн. Манай аав, ээж хоёр Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул хүмүүс. Хүүхэд наснаасаа аав, ээжийнхээ төрсөн нутагт очин мал маллаж, монгол зан заншил, өв соёлтой ойрхон өссөн минь хожмын амьдралд олон удаа хэрэг болж байсан. Социализмын үе байсан учраас хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэдэг зарчмаар л бид хүн болцгоосон. Ахын багадсан хувцсыг дүү нар нь өмсдөг. Би л гэхэд ахынхаа хувцсыг маш цэвэрхэн угаана. Яагаад гэвэл тэр хувцас надад ирэх учраас жинсийг хуучруулахгүйн тулд маш нарийн техниктэй угаадаг байснаа ер мартдаггүй юм. Манай аав толгой, шийрийг өвөл олноор нь авч хөлдөөчихнө. Би түүнийг нь хуйхалж, чанадаг байлаа. Тэгээд л ах нарт бүтэн толгой оногдож байхад дүү, бид хоёрын дунд нэг толгой оногдох жишээтэй. Тэр үедээ хурдан том болох юмсан, бүтэн толгой идэхгүй юу гэж боддог байж билээ. Ер нь дээд боловсролоос гадна амьдралын их сургуульд хүн асар их зүйлийг олж авдаг юм билээ, зөв дадал зуршил, ахмад настнаа хүндлэх ухаан, багаар ажиллах чадвар, хүлээцтэй байх ухааныг гэр бүлээсээ, аав ээжээсээ авч үлддэг юм болов уу. Аав, ээжийн хүмүүжил, амьдралын их сургууль л хамгийн том боловсрол гэж боддог доо.

-Хэр сахилгагүй хүүхэд байв. Олон ах нартай учраас нэлээд дэггүй л байсан болов уу?

- Мэдээж их хөдөлгөөнтэй. Хүүхэд насны нэг дурсамж одоо ч тодхон санагдаж байна. Би багадаа долдугаар ангийн хүүхэд байхдаа айлын хадлан хадах ажлыг “Өнөр бүл” киноны “Гажиг” Гармаа буюу МУГЖ Ч.Алтан-Өлзий агсантай хамт хийдэг байлаа. Нас хол зөрүүтэй атлаа бид хоёр тун ч дотно найзална. Найман номерын шимээсгээр өвс хадах чинь маш сонирхолтой ажил. Гавьяатын туулж өнгөрүүлсэн амьдрал, тоглосон кино зэрэг үлгэр домог шиг яриаг сонсоод л ядрах завгүй л өвсөө хадчихдаг байсан. Аав маань эр хүн хээр хөдөө хонож үзсэнээр айдсаа даван туулдаг юм гэж сургадаг байлаа. Нэг удаа аав “За миний хүү өвсөө хадаж байгаарай. Аав, ах хоёр нь орой ирнэ ээ” гээд хот гараад явчихлаа. Би ч шимээсгээ бариад хадаад л байлаа. Орой болсныг ч анзаарсангүй. Шөнө ч боллоо. Намар орой байсан учраас хуурай мөчир хугараад, салхи сэвэлзээд нэг л зэврүүн шөнө. Нөгөө хоёр маань байдаггүй шүү. Би ч айж байна гэж жигтэйхэн. Тэгээд л өөрийгөө тойруулж алх, шимээсэг зэргээ тавьчихаад сууж байснаа унтчихаж. Сэрээд хартал өглөө болчихсон, миний хацарт алхны мөр гарчихсан байж билээ. Би тэгэхэд л айдсаа даван туулчихсан. Сургуульдаа хамгийн өндөр харайдаг, математикийн хичээлдээ гайгүй хүүхэд байлаа. Харин оюутан болоод Сангийн аж ахуй руу ургац хураалтаар явдаг байсан. Тэнд л нэг нэгнийхээ төлөө хичээж, харилцан тусалж, дэмжих зэрэг олон чадварт суралцдаг юм. Алганы амт үзэхийн тухайд хамгийн том ахаасаа цөөнгүй л алганы амт үзсэн дээ /инээв/.

-“Засагт ханы хөх харчууд” гэж тун чиг цуутай эрс байдаг гэлцдэг. Танай аав ч тэр эрчүүдийн нэг байсан нь дамжиггүй. Тэр олон хүүхдүүдийг бүгдийг нь аав, ээжийнхээ “чихийг халууцуулахгүй” хүн болгож өсгөнө гэдэг амаргүй л байсан болов уу?

-“Мундаг Эрдэнэ Гаагаа” гэж нутагтаа нэр хүндтэй хүн байсан даа. Сэтгэлийн тэнхээтэй, хийе гэснээ хийчихдэг, шинийг сэтгэж бүтээж чаддаг хүн байлаа. Аав маань Хар азаргын нуруугаар нутагладаг хөх харчуудын нэг байсан. Тэр сайхан засагт ханы гэдэг нэрийг хэзээ ч сэвтүүлж яваагүй хүн бол миний аав. Аавынхаа тэр замаар үр хүүхдүүд нь урагшилж, сайн эцэг, эхийн нэрийг сэвтээхгүй явахсан гэж хичээж сууна. Эр хүн гэдэг жудагтай, хамт олондоо нэр хүндтэй, ажил хийхдээ бүрэн гүйцэтгэлтэй хийчихдэг байхад л болчих юм шиг санагддаг. Өөрөөсөө илүү гарсныг өрөөлийн сайн сайханд зориулдаг байх нь Засагт ханы хөх харчуудын амьдралын философи. Манай аав хөвгүүддээ болох, болохгүйг их сайн ойлгуулсан. Мөн юмханаар юм хийж сурах, хоол амттай хийх ёстойг ч сайн сургасан. Намайг хүүхэд байх үед манай дүүрэгт атаман их байдаг. Тэд байрны гадаа тамхи татаад л зогсоно. Би ч сониуч зандаа хөтлөгдөөд тэнд очиж их зогсоно. Тэгээд гэрт ороод очтол аав цохиод авдаг байгаа. Би ч “Ааваа та яагаад намайг цохиж байгаа юм бэ. Би тамхи татаагүй” гэхэд аав маань “Чиний хувцаснаас тамхи үнэртэж байна. Өнөөдөр чи татаагүй ч энэ үнэрийг мэдэрсээр байвал хожмоо чи  татна. Архи уудаг хүмүүсийг хараад байвал бас л уудаг болно” гэж зэмлэж билээ. Аавын тэр үг орой руу орсон ч юм уу би өнөөдрийг хүртэл тамхи татаж үзээгүй. Согтууруулах ундааг бараг хэрэглэдэггүй. Ээжийг маань нутгийн ахан дүүс, таньж мэддэг хүмүүс “Жаахан ээж” гэж хүндэтгэн дууддаг бөгөөд ээж маань насаараа банк, худалдааны салбарт ажилласан. Байгууллагадаа манлайлагч, хамгийн түшигтэй, эв эеийг хичээгч шилдэг ажилтан нь байсан гэдэг. байлаа. Намхан, жижигхэн атлаа тэр биедээ багтамгүй хайр, энэрэл, бусдын төлөө гэсэн халуун сэтгэл миний ижийд байсан учраас тэгж дууддаг байсан хэрэг. Харин аав маань “Автобус бааз” компанид ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа маш олон зүйлийг шинээр санаачилж, идэвх санаачилгатай ажилладаг байсныг нь одоо ч ахмадууд нь дурсдаг. Одоо найман хүүхэд нь төр, хувийн хэвшлийн салбарт амжилттай ажиллаад явж байна..  

-Та ч гэсэн нийгмийн идэвх өндөр юм байна. Төрийн ажлаас гадна сайн дурын, хүмүүнлэгийн олон байгууллагад, жишээлбэл: олон улсын ротарийн Монголыг хариуцсан бүсийн захирагч гэсэн чухал албыг хүртэл хашиж байсан байх юм. Яаж энэ бүхнийг амжуулаад байна вэ?

-2004 онд би БНСУ-д ажиллаж амьдралын их сургуульд суралцаж байлаа. Тэнд байхдаа хэрэгтэй зүйлийг нь сураад очно доо гэж боддог байлаа. Юманд ноу-хау гэж юм байдаг биз дээ. Бизнесийн олон талын мэдлэг, мэдээлэл хуримтлуулахаас гадна Солонгосын олон мундаг залуус, ах нартай найз болсон юм. Тэр хүмүүс маань хүмүүнлэгийн ажил их хийнэ, энэ нь их бахархалтай байсан тул нутагтаа эргэж ирээд, буцаж холбоо барьж бусдад туслахын тулд олон улсын “Ротари” клубын нэг салбар буюу “Туул ротари” клубыг нөхдийн хамт үүсгэн байгуулалцсан. Өнгөрсөн хугацаанд манай клуб чамгүй олон ажил хийжээ. Тэр дундаа төрөлхийн зүрхний асуудалтай 340 гаруй хүүхдийн зүрхний хагалгааг БНСУ-д үнэ төлбөргүй хийлгэсэн. Хүүхдэд амьдрал бэлэглэж, шинэ зүрхтэй болгосон энэ ажлаараа би өнөөдрийг хүртэл бахархаж явдаг даа. Түүнчлэн, Монголыг ногооноор нь байлгах төсөл эхлүүлж, таван аймгийн 230 га газарт мод тарих ажлыг мөн 2005 оноос эхлүүлсэн. Энэ ажил нь бүс нутгийн хөгжил тэр дундаа орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоо биелүүлсэн. Мөн төрөлхийн уруул нь сэтэрхий, тагнайны цоорхойтой 50 гаруй хүүхдүүдэд мөн үнэ төлбөргүй хагалгаа хийлгэсэн. Хүүхдүүдээс гадна эмч нарын багийг ч мөн Солонгос руу хамт авч явдаг. Өөрөөр хэлбэл, цаашдаа ийм төрлийн хагалгааг хийх мэргэжлийн эмч нараа дадлагажуулж, туршлага судлуулдаг гэсэн үг. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг учраас Ротари, JCI зэрэг ТББ-ын шугамаар бусдын төлөө олон ажил хийж явна. JCI олон улсын байгууллагад гишүүнээр ажиллаж байхдаа 2010 оноос “Амьдрал бэлэглэе” донор өдөрлөгийг санаачлан хийж эхэлсэн. Цусаа хандивлах энэхүү өдөрлөгийг хийж эхэлснээр өнөөдөр донорын тоог нэг дахин нэмэгдүүлж, 20 гаруй мянга болгож чадсан байна. Ер нь би хийсэн хүмүүнлэгийн ажлаа энд тэнд ярьж явахаасаа илүү үр дүнг нь хараад урам, сэтгэлийн их эрч хүч авдаг.

-Хобби ч юм уу, чөлөөт цагаараа хийдэг зүйл бий юу. Та соошл орчинд өөрийнхөө хийсэн гарын хоолыг сурталчилж, нэлээд олон фэнүүдтэй юм билээ?

-Амьдралын энэ хэмнэлд наадах чинь хамгийн чухал болчихоод байна. Би долоо хоногт хоёр удаа фитнест явдаг. Өөрийнхөө бодол, оюуныг цэгцлэхэд маш дэмтэй. Мөн аялах дуртай. Тэр тусмаа Монгол орны үзэсгэлэнт байгалиар аялах нь маш их таашаал, сэтгэлийн амар амгалан байдлыг бий болгодог юм. Би малын дайвар бүтээгдэхүүн цармаамаг /студень/ хийх их дуртай. Тэр тусмаа бог малын шийрээр хийх их гоё. Ааваас өвлөсөн эрдмыг үр хүүхэддээ тэр их ухааныг зааж сургахын тулд биеэр үлгэрлэх шаардлагатай болно. Тийм ч учраас соошлд энэ талаар мэдээллээ оруулж, олон нийттэй хуваалцдаг. Таван хошуу малын махыг бол түүртэх юмгүй эвдэж, янзална. Өнөө цагийн залуус хөрөөдөж, сүхээр цавчих гэх мэтээр дэндүү хайран санагдахаар мах эвдэж байгааг хараад эмзэглэж л суудаг. Бид өв соёл, уламжлал, үүх түүхээсээ улам бүр л хөндийрч, холдож байгаа нь харамсалтай. Ер нь ингээд хараад байхад, хүнийг төлөвшүүлэх зүйл нь сургуулийн боловсролоос гадна амьдралын их сургууль, аав, ээжийн хүмүүжил л гэдгийг ойлгож байна даа. Гэхдээ дипломын боловсролыг үгүйсгэж байгаа хэрэг биш шүү. Миний хувьд академик боловсролын тухайд хэдэн хэдэн сургууль дүүргэсэн.

-Төрд ажиллах энэ хугацаанд авлига өгөх гэж оролдох, эсвэл албан тушаалын давуу байдлаа ашиглаач гэсэн санал ирэх юм уу?

-Миний хувьд холыг зорьж яваа залуу хүн учраас энэ бүхнээс ангид байхыг цаг ямагт чухалчилдаг. Хүн нэрээ тогос өдөө гэдэг үг байдаг даа. Би авлига авч, албан тушаалаа урвуулан ашиглалаа гэхэд хувь хүн Э.Ганбатын нэр сэвтэхгүй. Иргэдийн Хурлын дарга гэсэн албан тушаалын нэр дагаад миний аав ээж, гэр бүл, ах дүү, найз нарын маань нэр сэвтэнэ. Миний найз нөхөд “Би Э.Ганбатыг таньдаг” гэж хэлэхээсээ ичих вий. Эсрэгээрээ “Манлайлагч, бүтээгч, шинийг санаачлагч Э.Ганбат бол миний найз шүү дээ” гэж бардам хэлдэг байгаасай гэж хүсдэг. Ер нь Монголд танил талаараа ажил амжуулдаг буруу жишиг тогтчихсон, гэхдээ төрийн үйлчилгээ өмнөхийг бодвол өөр болчихсон гэдгийг иргэд ойлгодоггүй. Танил талаас үл хамааран “Нэг цэгийн үйлчилгээ”-гээр 10 минутад л ажлаа амжуулж болно. Би үүнийг олон хүнд ойлгуулаад л гаргаж байгаа. Би бол хуулийг хэрэгжүүлэгч. Тийм учраас хуулийн хүрээнд л ажиллана гэдгийг би найз нөхөд, ажил гуйж орж ирсэн хүмүүст хэлээд гаргадаг.

-АН-ыг яагаад сонгосон юм бэ. Ямар улс төрийн итгэл үнэмшлээр энэ сонголтыг хийж байв?

-1993 онд оюутан байхдаа Ардчилсан нам, ардчиллын үнэт зүйлийг бид бүхэн мэдэрсэн. Тухайн үед тэр үеийн залуусын мөрөөдөл гадагшаа явж сурах боломж, үг хэлэх эрх чөлөөг ардчилал бий болгож байсан. Тиймээс эрх, эрх чөлөөний төлөө АН-ыг сонгож байлаа. Тэр итгэл үнэмшил маань ч өнөөдөр хэвээрээ. Судалж, итгэл үнэмшлээрээ орно гэдэг тууштай явахын шинж. Хэн нэгний ятгалгаар орж ирсэн бол хол явж чадахгүй. “Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа” гэж үг байдаг шүү дээ. Үе тэнгийн залуусуудтайгаа үзэл бодлоороо нэгдэж яваа сонголттондоо хэзээ ч харамсдаггүй.

-Таны сонгосон намын нэр хүнд тартагтаа тултал унаж байна гэж хүмүүс шүүмжлэх боллоо. Та юу гэж дүгнэж байна?

-Хүн болгоны ертөнцийг харах цонх өөр шүү дээ. Улс төрийн өрсөлдөгч намуудын зүгээс сөрөг пиарыг хангалттай хийж байгаа. АН-ын дотоод зөрчил байнга ил байдаг учраас хүн бүхэн бидний алдаа оноог шүүдэг. Энэ ил тод байна гэдэг чинь ардчилал шүү дээ. Эсрэгээрээ МАН бүх зөрчлөө нууж хаадаг. Өнөөдөр энэ нам ч чинээндээ хүртэл тарж бутарчихсан л байгаа шүү дээ. Сайн, муу нийлж сав дүүрдэг жамаар АН-д алдаа, амжилт аль аль нь байдаг, гэхдээ өдий хүртэл явж ирсэн итгэл үнэмшил маань хувирахгүй. Мэдээж шинэчлэл өөрчлөлтөд залуус бид тэргүүлж нэлээд шийдэмгий хандаж, тэмцээд явж байна, нам шинэчлэгдэж байна, үе солигдож байна гэж би хэлнэ. Гэлээ гэхдээ бид өмнөх түүх рүүгээ хэзээ ч нулимахгүй.

-ИТХ-ын дарга бол олон намаас сонгогдсон төлөөлөгчдийн бодол санааг зангидаж, засаг даргыг бодлогоор чиглүүлэх том үүрэгтэй хүн. Та дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан цаг хугацаагаа хэрхэн дүгнэх вэ?

- Дүүрэгт манай нам ялсан боловч ИТХ дах сөрөг хүчнээ хүндлэж, хууль зарчим барьж, олонхийн саналаар асуудлыг шийдээд л явж байна. Мэдээж зарим үед намчирхаж ширүүн асуудлууд үүсдэг боловч төвийг барьж, хууль,төсөв, сонгогчдынхоо л эрх ашгийг дээдлэн ажиллаж ирлээ.

-Одоо МАН дийлэнх олонхиороо ялсан байгаа энэ үед АН яагаад ялах ёстой гэж та хэлэх вэ?

- Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН нийт сонгогчдын 44 хувийг л авч ялсан, тэгвэл үлдсэн 56 хувийн сонгогчдын төлөөлөл хүсэл зорилгыг АН хэрэгжүүлэхийн тулд энэ удаагийн сонгуульд ялах ёстой, мөн Монголын улс төрийг тэнцвэржүүлэх нь нэн чухал байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%