Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Э.Ганбат: Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдэж чадахаар сэтгэл, зүтгэлтэй удирдлага л хэрэгтэй байна

2020-10-03

Улаанбаатар хотын хөгжил, тулгамдсан асуудлуудын шийдлийн талаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбаттай ярилцлаа.

-Улаанбаатар хотын нэн тэргүүний тулгамдаж байгаа асуудал нь авто замын түгжрэл. Хүн бүр л дор бүрнээ хэлэлцэж түгжрэлийн талаар гарц, гаргалгаа хайж байна. Таны хувьд түгжрэлийг яаж бууруулах боломжтой гэж харж байгаа вэ?

- Шууд түгжрэл гэж ярихаасаа илүүтэй эхлээд хүн амын төвлөрөл, өсөлтийн асуудлыг ярих хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод маань байнгын оршин сууж буй болон байнга ирж, очиж байдаг иргэд нийлээд 1.7 сая хүн ам амьдарч байна гэсэн судалгаа байгаа. Тэгвэл энэ байдлаараа 2040 он хүртэл үргэлжилбэл 2.4 сая хүн Улаанбаатар хотод амьдрахаар дүр зураг харагдаж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн асуудал түгжрэлд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа. Тухайлбал,  Манай Сүхбаатар дүүрэгт одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургууль гэхэд  төрийн 23, төрийн бус 25, цэцэрлэгийн тухайд төрийн 38, хувийн 31 цэцэрлэг байдаг. Мөн одоогийн байдлаар 150 мянга гаруй оюутан залуус суралцаж байна.Тэгвэл эдгээр сургууль цэцэрлэг төв дүүрэгт байна гэдэг нь хүн амын нягтрал бий болоход том нөлөө үзүүлж байгаа юм. Энэ хүн амын хэт төвлөрөл чинь түгжрэлийн гол шалтгаан. Тэгвэл бид энэ мэт асуудлуудад бэлтгэлтэй байж цаашид хүн амын төвлөрөлтийг задалж чадвал 10, 20 жилийн дараа түгжрэлийг шийдэж чадна.

-Хүн амын төвлөрлийн тухай ярихаар Улаанбаатар хотын төлөвлөлттэй холбоотой асуудал руу зайлшгүй орох гээд байна. Тэгэхээр ингээд л нэг дороо шаваараад байх уу. Дагуул хот байгуулах зэргээр хүн амын нягтралыг бууруулах боломж байгаа болов уу. Энэ асуудлыг та юу гэж хардаг вэ?

-Нэг түүхийг ярихад 1937 онд Афин хотод дэлхийн алдартай архитектуруудын том уулзалт болж хот дахин төлөвлөлтийн тухай анх хэлэлцэж байсан байгаа юм. Гэхэд манайд  1954 онд анхны ерөнхий төлөвлөгөөг орос ах нарын тусламжтайгаар  хийсэн бөгөөд Улаанбаатар хотод 130 мянган хүн амьдрахаар тооцсон байдаг. Өнөөдөр хот түр оршин суугчидтайгаа нийлээд 1.7 сая хүн амтай болсон. 2040 онд 2.4 сая хүн амтай болох гээд байна. Иймд ухаалаг хотын дахин төлөвлөлтийг нэн даруй хийх хэрэгтэй байна.. Тиймээс хүн амын төвлөрөлтийг сааруулах боломжит гарцуудыг судлаад, хэрэгжүүлэх нь чухал байна. Тухайлбал, худалдаа үйлчилгээг гэхэд хүргэлтийн системд нэвтрүүлэх, техник технологи хөгжчихсөн энэ үед онлайн худалдааг дэлгэрүүлэх зэргээр шийдэж боломж байгаа.

Манай Сүхбаатар дүүрэгт байрладаг 100 айлын барилгын материалын худалдаа үе үе асуудал үүсгэдэг. Гэтэл тэдгээрийг нүүлгэх, нүүлгэхгүй гэхээсээ илүү смарт ухаалаг шийдлүүдийг гаргах хэрэгтэй. Ер нь товчхондоо бидэнд Улаанбаатар хотын энэ мэт асуудлыг шийдэж чадахаар хийж бүтээх чин сэтгэлтэй, зөв хандлагатай  удирдлага л хэрэгтэй байна. Ганцхан жишээ хэлэхэд, ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байгаагаас болж тохижилтын ажил дөнгөж хийгээд дуусахад, дулааны шугам сүлжээг нь янзлах гээд тохижилтын ажлыг сүйтгээд ухаж, төнгөчөөд өмнөх ажлыг үнэгүйдүүлэх зэрэг асуудал их гардаг. Энэ мэтээр нийслэлийн салбар бүрийн асуудлыг судалж, уялдуулж ажиллаж чаддаг бүтэн Улаанбаатарыг бий болгох л шаардлагатай байна.

-Жил бүрийн намар оюутан залуус цуглах, цэцэрлэг, сургууль орох үеэр түгжрэлийг хэсэг яриад өнгөрдөг. Түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн асуудлыг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй гээд байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээгээ сайжруулаад түгжрэлийнхээ асуудлыг шийдэж чадсан туршлага дэлхийн улс орнуудад олон байдаг. Тиймээс бид нийтийн тээврийн үйлчилгээгээ сайжруулах нь хамгийн чухал. Хэрвээ нийтийн тээврээр зорчиход тохитой тухтай байдаг бол иргэд тус тусдаа нэг, нэг машинд суугаад авто зам дээрээ түгжрээд цаг хугацаа алдахыг хүсэхгүй нь лавтай. Тиймээс нийтийн тээврийн асуудлыг нэн даруй шийдэх ёстой. Өөр нэг шийдэл нь сургуулийн автобусыг бүрэн нэвтрүүлэх хэрэгтэй байна. Нэвтрүүлж чадвал хүүхдүүдийн сургуульдаа явах,ирэх үеийн аюулгүй байдал бүрэн хангагдана. Тэгээд ч нэг ангийн 40 сурагч нэг автобусанд суугаад явах нь дээр үү, 40 эцэг, эх хүүхдээ сургуульд нь хүргэхээр 40 машин унаад авто зам дээр түгжрээд зогсож байх нь зөв үү, бодох л асуудал. Мөн хот руу орж ирж байгаа цэгүүд дээр нийтийн зогсоол хийж орон нутгаас орж ирж буй иргэд машинаа тэнд тавиад нийтийн унаагаар хотын төв орох боломжийг бүрдүүлж өгвөл хотын төвийн түгжрэл багасна гэж боддог. Өөр хэлбэл орон нутгийн машинууд төв рүү орохгүй богино эргэлт хийнэ гэсэн үг.

-Та нийслэлчүүдийн цагийн менежментийн хувьд юу гэж хэлэх үү. Бараг бүх байгууллага өглөө 09:00 цагт цуглаад орой 18:00 цагт тарж байна. Тэгвэл ажил цуглах, тарах цагийг зөрүүлэх хэлбэрээр түгжрэлийг багасгах боломж байна уу?

- Цагийг зөрүүлэхээсээ илүү дахиад л сургууль, цэцэрлэгийн байдлаа ярих хэрэгтэй.Тухайлбал,хүүхдийнх нь цэцэрлэг Баянзүрх дүүрэгт байдаг байхад ээж, аавынх нь ажил Сүхбаатар дүүрэгт байдгаас болж л нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү хүүхдээ зөөдөг асуудал нь авто замын түгжрэлд томоохон хувь нэмэр оруулж байгаа. Тиймээс байгууллагуудын хажууд цэцэрлэг байгуулах нь оновчтой шийдэл болно. Жишээ нь, Манай Сүхбаатар дүүрэг гэхэд албан хаагчид нь яг хажууд байгаа цэцэрлэгтээ хүүхдээ өглөө өгчхөөд, ажлаа хийгээд, орой ажлаа тараад хүүхдээ аваад гэртээ харивал ямар байх уу.

-Сургуулийн болоод дүүргийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр танай дүүрэг хэр ахицтай ажиллаж байна?

-Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын хувьд энэ асуудал дээр бүрэлдэхүүнтэйгээ хамтдаа ажиллаж байгаа. Иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хүүхэд багачуудыг бусдад уруу татагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлд манай салбар зөвлөл цөөнгүй ажил хийлээ. Тухайлбал, хүүхэд холбогдсон гэмт хэргийн гаралт, давтамжийг цагдаа, тагнуултай хамтран судлаад тэр судалгаандаа үндэслэж “Сурагчийн аюулгүй байдал” гэж ном гаргасан. Энэ номонд юу орсон бэ гэхээр, хүүхэд гэртээ байхдаа маш их хүчирхийлэлд өртдөг шүү дээ. Тухайлбал, хүүхэд хаалга тогшиход очоод “хэн бэ” гэж асуулаа гэж бодъё. Хаалганы цаанаас “ээж нь байна аа” гэхэд шууд л онгойлгочихдог. Гэтэл ээжтэй нь адилхан дуутай, эсвэл дууг нь бичээд авчихсан байвал яах вэ. Тэгэхээр энэ тохиолдолд хүүхэд өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэх мэтээр нийт 75 тохиолдлыг номонд тусгаж өгсөн. Сүхбаатар дүүргийн ЕБС-иудад тарааж өгөхөөс гадна уншлага зохион байгуулдаг. Манай ном нийслэлийн зургаан дүүрэгт тараагдсан. Мөн сайн зан чанар, төлөвшлийг бий болгох үүднээс “Сайн зан чанарыг төлөвшүүлье” гэсэн номыг агуулга, утга санааны хувьд зөвлөгөө өгч хүнээр бичүүлж ажилласан. Нийгэмд бий болж буй цагаан тахал буюу хар тамхины эсрэг ч чамгүй олон ажил хийлээ. Дүүргийнхээ хүүхдүүдэд хар тамхины эсрэг хор хөнөөлийг таниулсан зөвлөмжийг мөн тарааж өгсөн. Эдгээрийг зөвхөн өгөөд орхих бус уншуулах, хор хөнөөлийг нь мэдрүүлэхийн тулд “Дэвжээ” тэмцээн хэлбэрээр зохион байгуулах гэх мэтээр цаашдаа ч олон ажил хийнэ. Мөн баруун гарын дүрэм буюу цацруулагчтай ханцуйвч хүүхдүүдэд зүүлгэснээр замаар явж буй автомашин хүүхэд явж байгааг холоос харах, бугуйвчаар нь хүн зам гарч байгааг мэдэх боломжтой. Ингэснээр хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Мөн дүүргийнхээ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах ажлыг хийж байна. Цаашдаа ч Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл маань олон ажлыг гишүүн байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа.

-Бид бүхэн гэр хорооллын дэд бүтцийн инженерчлэлийн асуудалд бэлэн байж чадаж байгаа болов уу. Цаашдаа ер нь юу хийх ёстой вэ?

-Энэ хүрээнд бид 2012 онд Сэлбэ, Баян хошуу дэд төв гээд долоон дэд төвийн үйл ажиллагааг эхлүүлж байсан. Сэлбэ дэд төвийн тухайд ярихад нэг метрийн өргөнтэй бохирын хоолой татсан, цэвэр ус, дулааны гээд инженерийн байгууламжийг нь хийгээд өгчихсөн. Тиймээс тэнд дахин төлөвлөлт буюу шинэчилсэн газар зохион байгуулалтыг хийх нь чухал болсон. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд бид богино, дунд, урт хугацааны хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэх нь зөв.

-Гэр хорооллын иргэд хашаандаа сайхан амьдрах ёстой, газрын үнэ цэнэ нэмэгдэх ёстой гэж та үзэж байна уу ?

-Тэгэлгүй яахав. Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн хувьд хашаа нь нийтийн биш өөрийн эзэмшил. Тиймээс хашаандаа мод, жимс жимсгэнэ тариад тохитой, тухтай амьдарч болж байна. Мөн хүүхдүүддээ тоглох сайхан тоглоомын талбай хийгээд өгчиж болно. Гэвч тэнд хөрсний бохирдол гэх том асуудал байна. Учир нь манай нийслэлийн хөрс 80 хувийн бохирдолтой болчихсон. Тэгэхээр энэ бохирдлын асуудлыг бид иргэд болон аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч шийдэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаас гадна иргэдтэйгээ хамтраад эрх зүйн орчинг бий болгох зохион байгуулалтыг хийж чадвал бид энэ асуудлаас гарч чадна.

- Энэ бүх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нийслэлд том төсөв хэрэгтэй, төсөв бүрдүүлэлтийн талаар таньд сайн шийдэл байна уу?

Төсөв бүрдүүлэхдээ аж ахуйн нэгжүүдийг татвараар дарамтлах биш, харин татварыг бууруулж, бизнэс эрхлэх хүнд сурталыг багасгаж, эрх зүйн орчин, санхүүгийн дэмжлэг үзүүлвэл татвар төлөгчдийн тоо өсөж энэ чинээгээр төсөвийн бүрдүүлэлт сайжирна гэж боддог. Эцэст нь хэлэхэд нийслэлд чин сэтгэлтэй, зөв хандлагатай, зүтгэлтэй удирдлага л хэрэгтэй байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%