Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ирэх оноос шинэ хууль хэрэгжиж эхлэснээр орон нутагт төсвийн эрх мэдэл нэмэгдэж, бие даан хөгжих боломжтой болно

2021-03-29

      УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-нд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ хууль нь Монгол улсын 21 аймаг, 330 сум, 1640 баг, нийслэлийн 9 дүүрэг, 152 хорооны харилцааг зохицуулдаг. 1992 оноос хойш гурав дахь удаагаа шинэчлэн батлаж байгаа энэ хуулинд эдийн засаг, эрх үүрэг, өмч хувьчлалтай холбоотой зургаан чиглэлээр өөрчлөлт оржээ. Хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүдын онцлох ишлэлүүдээс хүргэж байна.

1. Сум, баг , дүүрэг хорооны удирдлагын чиг үүргийг тодорхой болгов

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Энэ хуулийг шинэчлэн найруулан батласнаар орон нутгийн болон төрийн чиг үүргийг салгаж зааглаж өгсөн. Чиг үүргийг ингэж зааглаж, нарийвчилж байгаа нь шинэ гарсан хуулийн хамгийн гол амин сүнс.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Орон нутгийн болон төрийн чиг үүргийг салгаж өгсөн нарийн зааг ялгаа байдаггүй учраас бид зарим тохиолдолд тухайн хуулийн хэрэгжилтийг бүх шатны засаг дарга нар хариуцна гэж бичдэг байлаа. Одоо манайд маш олон тийм хууль байна. Энэ нь үндсэндээ хариуцах эзэнгүй байгааг харуулж байна. ЗЗНДНТУТХ-ийг шинэчлэн батласнаар энэ асуудлыг аймаг, энийг сум, энийг баг хариуцна гээд чиг заагийг нь ялгаад өгчихөөр эзэнтэй болж байгаа юм.

Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх Р. Дагва: Өнөөдөр хэрэгжиж байгаа хуулинд дүүргийн засаг дарга энэ хүртэлх, нийслэлийн засаг дарга энэ хүртэлх эрх мэдэлтэй гэж зааж өгсөн ч, зарим нэг чиг үүрэг давхацдаг. Жишээ нь газар олгох, газар эзэмшиж ашиглахтай холбоотой асуудлаар нийслэлийн засаг дарга, дүүргийн засаг даргын чиг үүргүүд давхацдаг. Дэд бүтэцтэй газарт нийслэлийн засаг дарга газар олголт хийнэ, дэд бүтэцгүй газар нь дүүргийн засаг дарга газар олголт хийнэ гээд газрын тухай хуулинд тодорхойлж зааж өгсөн. Гэхдээ ямар газрыг нь дэд бүтэцтэй газар гэдгийг нь тодорхойлж өгөөгүй учир давхцал бий болдог. Энэ байдлаар дээд доод шатны хоёр засаг даргын захирамж давхцаж, тэр нь иргэд аж ахуй нэгжид чирэгдэл учруулдаг зэрэг асуудал байдаг.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар-УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч: Өнгөрсөн хугацаанд ИТХ, Засаг даргын чиг үүрэг, бүрэн эрхийн асуудлыг л бид бүх хуулинд тусгаж ирсэн. Энэ удаа ИТХ, Засаг даргын бүрэн эрх, чиг үүрэгт анхаарал хандуулахаасаа илүүтэй орон нутгийн чиг үүрэг гэж юу юм бэ гэдгээ тодорхойлоод дараа нь задлаад аймаг, сум, баг, хороо, нийслэл дүүргүүдийг чиг үүргийг тусад нь салгасан.

УИХ-ын гишүүн Ц. Сандаг-Очир: Хуулийн шинэчлэлийн хүрээнд төсөвтэй нь нилээн холбож өгсөн. Дүүргийн засаг дарга, сумын засаг дарга нар сум, дүүрэг орон нутгийнхаа барилга байгууламжийг урсгал зардал, урсгал засварыг өөрсдөө хариуцна. Тэр сум дүүрэгт шинээр барилга байгууламж барьвал яамны асуудал. Тэгэхээр сум, дүүргийн засаг дарга сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар дээврийнхээ, цонхоо засуулах гээд яам руу гүйдэг байдал арилна гэх мэт.

2. Нутгийн удирдлагын бие даасан байдлыг нэмэгдүүлэв

УИХ-ын гишүүн Ж.Энх-Амгалан: Эдийн засгийн ямар эрх мэдэл орон нутагт шилжиж байна вэ гэхээр Монгол улсын өөрийн төсвийн орлогод 10 их наяд төгрөгийн төсвийн орлого бий. Тэгэхээр орон нутагт бид нэг их наяд төгрөгийн татварыг сангийн яам руу төвлөрүүлдэг биш, орон нутагт нь үлдээдэг болгож байна. Энэ бол орон нутагт маш том эрх мэдэл ирж байна гэсэн үг.

УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатар: Татварын хамгийн боломжтой бааз сууриудыг сум, дүүрэг рүү шилжүүлсэн. Энэ хуулийн гол онцлог бол чиг үүргийг дагуулж буюу хийх ажилтай нь зэрэгцүүлж санхүүжилт, төсвийн асуудлыг шийдэж өгч байгаа юм. Сум дүүрэг дээр татварын том хэсэг шилжихээр, тухайн сум дүүрэг татвараа хурааж авах сонирхол эрс нэмэгдэнэ. Хурааж авахын тулд тэнд байгаа бизнес аж ахуй нэгжийг идэвхжүүлэх хүсэл эрмэлзэл өөрсдөд нь үүснэ.

3. Эрх мэдлийн, төсвийн төвлөрлийг сааруулав

Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх Р. Дагва: Энэ хуулиар концесс болоод үнэт цаас гаргах, ялангуяа өмч хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж олж авч байгаа нь маш сайн мэдээ. Тухайлбал Улаанбаатар хот Монгол улсын ДНБ-ний 64 хувийг үйлдвэрлэдэг. Тэгээд бүртгэлтэй өмчөө тооцоод үзэхээр 3,3 их наяд төгрөгийн өмч байдаг. Энэ өмч ямар ч эдийн засгийн эргэлтэнд орох боломж байдаггүй. Энийгээ шууд захиран зарцуулах эрх иргэдийн хурал болоод засаг даргад байдаггүй учраас тэр хөрөнгө маань үхмэл хөрөнгө байсан.

4. Орон нутагт улс төржилтийг багасгах заалтуудыг тусгасан

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр нэг хүчтэй яригдсан зүйл бол ерөөсөө засаг даргын томилгоог босоо шугаман удирдлага талаасаа хандвал яасан юм бэ? ИТХ-аас хэт хамааралтай байхаар хурлын барьцаанд ороод тэгээд төв засгийн газрын төлөөлөгчийн ажлаа хийж чадахгүй байна гэж яригдсан.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: ЗЗНДНТУТ хуулинд оруулсан нэг дэвшил бол ерөнхий сайд болон, дээд шатны засаг дарга тухайн сум дүүрэг баг хорооны засаг даргаар ажиллах хүнийхээ талаар санал хүргүүлэх эрхтэй болж байна.

5. Нутгийн өөрийн удирдлагад иргэний оролцох оролцоо, эрхийг тодотгож өгөв

Ажлын дэд хэсгийн гишүүн, доктор Д.Ганзориг: Сумын хурал бол үндсэн хуульд зааснаар ИТХ. Тэгвэл тийм хурлыг яаж иргэдийн хурал болгох вэ, яаж улс төрийн байгууллагуудаас хамааралгүй болгох вэ гэх мэ эхний алхамууд тодорхой хэмжээгээр шинэчилсэн хуулинд туссан.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Тухайлбал дүүрэг, сумын сонгуулийн эрх бүхий иргэд дүүрэгт таван хувь, суманд 10 хувийн саналаар иргэдийн хуралд хэлэлцүүлэх асуудлыг санаачлах эхлэлийг тавьж байна.

6. Нэгжүүдийн өмчтэй байх эрхийг баталгаажуулсан.

УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатар: Орон нутгийн өмчийн хүрээнд цоо шинэ зүйл оруулж ирсэн. Тэр нь сум дүүргийн өмч гэдгийг бий болголоо. Одоо бол аймаг, нийслэлийн өмчийн хүрээнд орон нутгийн өмчийг ойлгож байна. Сум дүүрэг бол өмчгүй явсаар ирсэн.

Ажлын дэд хэсгийн гишүүн, доктор Д.Ганзориг: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бидний шийдэж чадсан нэг асуудал бол аль ч тохиолдолд орон нутаг буюу аймаг, сум өөрийн гэсэн өмчтэй байна.  Өөрөөр хэлбэл орон нутгийг бие дааж хөгжүүлье гэж бодож байгаа бол хамгийн түрүүнд өмчийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх хэрэгтэй байсан. Одоо харин тэр өмчийг захиран зарцуулах, ашиглах эрхийн хүрээ, хязгаар хаагуур байх вэ гэдэг асуудлыг зохицуулж өгөх хэрэгтэй.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэнэ. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дагаж гарах хууль журмуудыг батлах ажил энэ онд хийгдэнэ.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

Эх сурвалж: parliament.mn 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%