Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Малчин эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой нь болохыг хүссэн

2021-04-12

Бөөрөлж багаас 40 км зам туулж, Эрдэнэбулган сумын төвд очин иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа суудаг Ч.Оюунчимэг гэх малчин бүсгүйн түүхийг хуваалцъя.

            Ч.Оюунчимэг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд дунд сургуулиа дүүргэж, дараа нь УБ хотын ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн автомажуулалтын инженерийн анги төгссөн ба нэг жил Говь ХК-нд мэргэжлээрээ ажиллаж байгаад нутагтаа ажиллахаар очсон ч эзэмшсэн мэргэжлээр нь ажлын байр хүрэлцээтэй байсангүй. Тэрээр мэргэжлээрээ ажилд ороогүй ч гар хумхиж зүгээр суулгүй малаа маллаж, үр шимийг нь хүртэн, энэ хугацаанд хувийн амьдралаа ч зохиов. Эрдэнэбулган сумын залуутай гэр бүл бүлж, хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн байна. Залуу хосууд найман жил мал малласны хүчинд өнгөрсөн жил сумын мянгат малчин өрх болжээ.

           УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг 2017 онд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж эхлэсэн. Төслийн хүрээнд Эрдэнэбулган сумын ИТХ тэтгэлэгт хөтөлбөрт хэрэгжүүлж, Ч.Оюунчимэг үүнд оролцсон байна.  Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэбулган сумын ИТХ-ын ажлын алба, “Энгүйн наран” ТББ, “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээ хамтран эмэгтэйчүүдэд зориулсан сургалт зохион байгуулжээ. Энэ сургалтад Эрдэнэбулган сумын таван багаас тус бүр нь 20 эмэгтэйг хамруулж, тэднийг нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь зэрэг чиглэлээр үе шаттай сургасан байна. Үүний үр дүнд 2020 оны орон нутгийн сонгуулиар Эрдэнэбулган сумын иргэдийн төлөөлөгч 21 хүний наймыг нь эмэгтэйчүүд төлөөлөх эрхтэй болжээ. Ингэснээр Эрдэнэбулган сум шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэнэ гэсэн зорилгоо биелүүлсэн байна. 

            Тэдний нэг нь Эрдэнэбулган сумын иргэдийн төлөөлөгч Ч.Оюунчимэг. Тэрээр удаа дараагийн сургалтад сууж мэдлэг мэдээлэлтэй болсныхоо дараа малчин эмэгтэйчүүдийнхээ дуу хоолой нь болохыг хүсжээ. Учир нь орон нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх тохиолдол цөөнгүй гардаг. Иймээс тэр хамт сонгогдсон эмэгтэй төлөөлөгчид болон сумын ИТХ-ын ажлын албаны дарга Б.Эрдэнэ-Оюуны санаачилгаар хэрэгжүүлж буй хүчирхийлэлд өртөж буй иргэдийг хамгаалах зорилготой “Түр хамгаалах байрыг тохижуулах” төсөл дээр  Цагдаагийн хэлтэс, Эмэгтэйчүүдийн зөвлөл зэрэг байгууллагатай хамтран гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

            Эрдэнэбулган сумын иргэдийн төлөөлөлд найман эмэгтэй сонгогдсон тохиолдол өмнө нь гарч байсангүй. Дээд тал нь дөрвөн л эмэгтэй ажиллаж байв. Харин энэ удаа эмэгтэйчүүдийн төлөөлөл найм болсон нь иргэдийн хурлын ирц, сахилга бат, ажил хэрэгч байдалд нь шууд нөлөөлж эхэллээ. Тодруулбал, 2020 оны орон нутгийн сонгуулиас хойш иргэдийн төлөөлөгчдийн хурал гурван удаа 100 хувь, нэг удаа 91 хувийн ирцтэй хуралджээ Ийнхүү иргэдийн хурлын байгууллага нь өмнөхөөсөө илүү ажил хэрэгч, хариуцлагатай, нягт нямбай ажиллах болсон. Энэ нь эмэгтэй төлөөлөгчдийн тоо өссөнтэй шууд холбоотой гэж Эрдэнэбулган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга Б.Эрдэнэ-Оюун хэллээ.

    Эрдэнэбулган сумын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид 

Эрдэнэбулган сумын ИТХ-ын ажлын                Эрдэнэбулган сумын ИТХ-ын
албаны дарга Б.Эрдэнэ-Оюун эмэгтэй төлөөлөгчид

            Ч.Оюунчимэг л гэхэд Бөөрөлж багаас 40 км зам туулж, Эрдэнэбулган сумын төвд ирж иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа суудаг. “Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл цаг наргүй хөдөлмөрлөдөг малчны ажлынхаа хажуугаар багийн иргэдээ төлөөлж хуралд сууна гэдэг амаргүй. Гэхдээ хурал цуглаантай үед нөхөр маань ар гэрийн ажлаа хариуцаад үлддэг болохоор санаа амар, ажил хэргээ амжуулдаг” гэж Ч.Оюунчимэг ярьсан.

Сумын эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлийн ажил, үр хүүхэддээ л анхаарахаас биш шийдвэр гаргах хэмжээнд санаачлага, оролцоо багатай байдаг. Харин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Швейцарын хөгжлийн агентлагийн төслийн сургалтад сууснаар эмэгтэйчүүд ИТХ-д орж, өөрсдийн санал, үзэл бодлоо илэрхийлэх нь ямар өндөр ач холбогдолтойг нутгийн иргэд ойлгож эхэлжээ. Үүний үр дүнд найман эмэгтэй төлөөлөгчтэй болсон бөгөөд тэдний нэг нь малчин, хоёр нь багш, нэг нь тэтгэвэрийн насны, нэг нь банкны эрлэгч бусад нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүд байна.

Мөн Эрдэнэбулган сумын  зургаан төрийн байгууллага болон орон нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг таван төрийн бус байгууллагын удирдлагын 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна.  

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 310
159 / 51%
64 / 21%
48 / 15%
25 / 8%
14 / 5%