Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Д.Ганзориг: Иргэдээс гарсан санаачилгыг иргэдийн хурлаараа заавал хэлэлцээд шийдвэр гаргах зохицуулалтыг бий болгосон

2021-04-30

        МУИС-ын Хууль зүйн сургуулийн Үндсэн хууль, захиргааны эрх зүйн багш, доктор Д.Ганзоригтой 2022 оноос хэрэгжиж эхлэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлийн талаар ярилцлаа.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэл иргэдийн оролцоог хэр нэмэгдүүлсэн хууль болсон бэ?

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлан гаргах болсон үндсэн шалтгаан нь юу вэ гэдгийг эхлээд хэлье. Нутгийн удирдлагын чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс 2015 оноос хойш одоогийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөний талаар судалгаа хийсэн.  Энэ судалгаанаас төрийн  удирдлага ба нутгийн өөрөө удирдах ёсыг хослуулах зарчим бүхий Үндсэн хуулийнхаа заалтыг бид бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн суурь дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл нэг талдаа төрийн ажил хэрэг, нөгөө талдаа нутгийн өөрөө удирдах ёсны буюу иргэдийн өөрсдийнх нь ажил хэрэг гэсэн хоёр зарчмыг хослуулахад шаардагдах санхүү болоод бусад өөр зүйлүүдийг шийдэх асуудал хэрэгжихгүй байна гэсэн үг. Тэгэхээр Үндсэн хуулийн энэ үзэл санааг Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар бэхжүүлэх нь гол суурь шалтгаан байсан. Үндсэн хуульд иргэний ардчилсан нийгмийн хамгийн гол цөм нь Монгол хүн байна гэдэг асуудлыг чухалчилдаг. Тэгвэл Үндсэн хуулийн үзэл санааг бэхжүүлэх энэхүү суурь шалтгаан дотор таны сая асуусан иргэний оролцооны асуудал өргөн утгаараа багтаж байгаа юм. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлт нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өөрөөр харахад түлхэц болсон. Жишээлбэл, бид нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжиж байна. Тэгвэл хот хөгжүүлэх, гудамж хороогоо моджуулах, дэгтэй байх, замын түгжрэлээ багасгах гээд суурин газраа аятай, тухтай амьдрах нь төрийн гэхээсээ илүү иргэний асуудал юм. Тиймээс бидэнд иргэнээ яаж оролцуулах вэ гэдэг механизм хэрэгтэй болж байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлан гаргаснаар иргэн талдаа ямар давуу байдал үүссэн бэ, төр талдаа ямар давуу байдал үүссэн бэ гэдгийг хэдэн зүйлээр хувааж ярья. Нэгдүгээрт, энэ хууль хэрэгжиж эхлэхэд иргэн хүн өөрөө өөрийнхөө ажил хэргийг бие даагаад эрхлэн явуулах боломж бүрдэнэ. Тухайлбал, гудамж талбайгаа цэвэрлэх, хог, гэрэлтүүлэг, хөдөө орон нутагт бэлчээр, сумын сургуулийн сургалтын орчныг сайжруулах гэх мэт асуудлууд байна. Энэ бол төрийн гэхээс илүү тухайн орон нутагт амьдарч байгаа иргэн, аав ээж нарын асуудал. Тийм учраас үүнийг өөрсдөө эрхлээд явах, тэр тусмаа бие дааж шийдэх боломжийг нэгдүгээрт хүчтэй тавьж өгч байна. Хоёрдугаарт, иргэдийн хурлаас гаргадаг шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд өөрсдөө санаачилж оролцох, биечилж оролцох шинэ зохицуулалтууд бий боллоо. Иргэд нэг удаагийн шинжтэй шийдвэр, мөн хэм хэмжээний тогтоол эсвэл хэлэлцэх асуудал санаачилж, иргэдийн хурлаараа хэлэлцүүлж болно гээд тодорхой зүйл заалтууд бий. Өөрөөр хэлбэл, иргэдийн хурал нэгэнт иргэдийн өөрсдийнх нь байгууллага учраас иргэдээс гарсан санал санаачилгыг заавал биелүүлж, хүсэл зоригийг нь илэрхийлж байх ёстой. Энэ үүднээс тухайн сум, хот, дүүрэгт амьдарч байгаа иргэдээс гарын үсэг цуглуулаад тодорхой асуудлыг хэлэлцүүлье гээд санал гаргахад заавал хэлэлцдэг байх ийм механизмтай болж байна. Явган хүний замаар жишээ татъя. Ажиглаад байхад гурав дөрвөн жил болоод л шинэчилдэг. Үүний цаана иргэдийн татварын мөнгө урсаад байдаг. Тэгвэл яагаад үүнийг дахин өөрчлөөд байгаа юм бэ, үнэхээр ингэж дахин засах шаардлага байсан уу, санхүүг нь яаж шийддэг юм бэ, ном журмынх нь дагуу хийж байна уу гээд энэ асуудлуудыг иргэдийн хурлаараа хэлэлцсэн тохиолдол байна уу гэхээр, байдаггүй. Тэгвэл одоо энэ асуудлаа иргэдийн хурал дээрээ иргэд өөрсдөө ярих тухай юм. Яг одоо бол бид төр, засаг дарга, тэдний мэдлийн орон нутгийн өмчит компаниудад энэ асуудлаа өгчихөөд иргэнээс огт хол юм шиг ойлгоод байна. Тийм учраас шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцох оролцоог төрөл бүрээр нэмэхээр зорьсон.

Таны хэлсэн шиг иргэд амьдарч байгаа орон нутгийхаа шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцохын тулд яг юунаас эхлэх ёстой вэ? Ямар нэг асуудлын талаар хэлэлцүүлье гэвэл гэрээсээ гараад эргэн тойрны оршин суугчдаасаа гарын үсэг цуглуулахаас эхлэх үү?

Нэгдүгээрт, журам гаргах ёстой. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль ирэх оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор журмууд боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн санаачилгыг яаж дэмжих юм, санаачилсан материалыг иргэдийн хуралдаа яаж хүргэх вэ, иргэдийн хурал нь тухайн асуудлыг яаж хэлэлцэх юм бэ гэсэн ийм нарийвчилсан журам гарна. Хоёрдугаарт, одоо төсөөлж байгаагаар бол энэ санаачилгыг нэг иргэн ч гэсэн гаргаж болно. Гагцхүү ганцхан иргэний санал, бодол болгохгүйн тулд тухайн нэгжид оршин сууж байгаа иргэдээс гарын үсэг цуглуулаад тодорхой тоонд хүрэх ёстой юм. Сумын нийт иргэдийн арван хувь, дүүргийн нийт иргэдийн таван хувь гэж заасан. Иргэдийн саналыг тухайн дүүргийн, сумын иргэдийн хурал нь заавал хэлэлцэх ёстой. Нэг ийм санал гарчээ гээд орхиж болохгүй, заавал иргэдийн хурлаас шийдвэр гарах ёстой. Энэ бол бусад улс орнуудад их түгээмэл байдаг иргэнээ оролцуулдаг хэлбэр. Тэгэхээр иргэдийн хурлаар хэлэлцэх энэ асуудал бол нэг удаагийн чанартай асуудал байж болно. Эсвэл хэм хэмжээ тогтоосон шийдвэр байж болно. Өөрөөр хэлбэл, байнга үйлчилдэг тийм шийдвэр гэсэн үг. Жишээ нь, би иргэн хүнийхээ хувьд боловсруулчих юмсан гэж боддог шийдвэрийн төсөл бий. Явган хүний замыг машин таглаад зогсчихдог асуудал их байдаг. Тэгвэл үүнийг журамлахын тулд заавал нэг замын цагдаа, засаг дарга биш иргэн өөрөө энэ асуудлаа шийдэх боломж бий болж байна.

Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор сум орон нутагт татварын орлого нэмэгдэхээр болж байна. Үүнтэй холбогдуулаад орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, эсвэл иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар иргэдээс санал, санаачилга гаргах боломж бүрдэж байна уу?

Энэ хууль иргэнд их боломжийг бий болгосон. Хамгийн чухал санаа нь эдийн засаг, санхүүгийн хувьд асуудлаа шийдвэрлэх тэр нөөц бололцоо нэмэгдэж байгаа юм. Эхлээд төсвийн хуваарилалтын асуудлыг ярья. Тэгэхээр орон нутаг хөгжихийн тулд татварын болон татварын бус орлогоос өөрсдөө бас тодорхой хэмжээгээр мөнгө олдог байх ёстой. Тэгвэл хууль шинэчлэгдсэнээр хэд хэдэн төрлийн татваруудыг шууд орон нутагт нь үлдээхээр болсон. Жишээлбэл, хүн амын орлогын албан татварын орлого шууд сум, дүүрэгт үлдэнэ. Олон ажилтантай, бүгдээрээ нийгмийн даатгалын шимтгэл төлдөг том сумын хувьд мөнгөн дүн өндөр гарна. Жижиг сумдад бол зарим нэг асуудал бий. Мөн аж ахуйн нэгжийн орлогын тодорхой хувь нь улсад төвлөрч, үлдэх хэсэг нь аймаг, нийслэлийн төсвийн орлогод үлдэхээр болсон. Одоогийн манай процесст аж ахуйн нэгжүүд сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг атлаа татвар нь дандаа улсын төсөвт төвлөрч байна. Жишээ нь, Төв аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг үйлдвэр байлаа гэхэд татвараа яг хаана төлөөд байна вэ гэдэг асуудал бий. Тухайн аймгийн нутагт  үйл ажиллагаа явуулдаг атлаа тэндээ юм өгөхгүй болохоор тэр татварыг авах сонирхол аймаг, сумдад байдаггүй. Тийм учраас үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэртэй нь холбогдуулж татварынхаа механизмийг өөрчилье гэсэн санаа туссан. Үүнийг бусад хуульд өөрчлөлт хийх, журам гаргах зэргээр нарийн зохицуулах ёстой.

Хоёрдугаарт, аймаг, сум төрөл бүрийн үйл ажиллагаа явуулаад мөнгө олж болно. Жишээлбэл, Сүхбаатар аймаг музейн хичээл гаргах боломжтой. Хунгийн чуулганы үеэр юм уу, хүмүүст юм үзүүлээд тэндээсээ орлого оллоо гэж бодъё. Одоогийн механизм яадаг вэ гэхээр олсон орлого нь төрийн нэгдсэн сан руу ордог. Тэгэхээр орон нутаг өөрөө бие даагаад орлого олох сонирхлыг улам багасгаад байна гэсэн үг. Тэгвэл одоо орон нутагтаа орлого олж болно, орлого нь тэндээ үлдэнэ гэсэн зарчим бий болж байна.

Түүнээс гадна урьд өмнө байгаагүй нэг шинэ зүйл энэ хуулиар бий болгож өгсөн нь орон нутаг өөрийн гэсэн бие даасан сантай байж болно. Тухайлбал Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум иргэдээ зохион байгуулаад самар түүлгээд орлого оллоо. Байгалийн нөөц ашигласны төлбөрөө сумын засаг даргын тамгын газрын төсөвт аль хэдийн төлчихсөн, олсон самраа борлуулаад, иргэддээ бас тодорхой хэмжээний орлого өгчихсөн. Тэгээд үлдсэн орлогоо хаана хийх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Одоогийн хуулиар энэ дээр зохицуулалт байхгүй, бүгд хаалттай. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлээр энэ боломжийг нээж өглөө. Орон нутаг төсвийн бус бие даасан сантай болсноор олон нийтээс өгч байгаа хандив зэргийг ямар дансанд хийх үү, яаж захиран зарцуулах вэ гэдэг боломжийг нээлттэй болгож өгч байна. Ганцхан зарчим юу вэ гэхээр орж ирсэн мөнгөний зарцуулалт ил тод байх ёстой.

Дараагийн санхүүтэй холбоотой асуудал юу вэ гэхээр улс, засгийн газар, их хурал нь орон нутагт санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар сумын өмнө, аймгийн өмнө хариуцлага хүлээнэ гэдэг заалт хуулинд цоо шинээр оруулж ирсэн. Манай улс хэчнээн нэгдмэл зохион байгуулалттай ч гэсэн бусад улс орны туршлагаас харахад заавал орон нутгаа тэтгэж авч явдаг. Энэ бол төрийн өөрийнх нь үүрэг. Тийм учраас тодорхой хэмжээгээр хөрөнгө мөнгө хүрэхгүй асуудлаараа улсаас санхүүгийн дэмжлэг авдаг, хэчнээн мөнгө олдог байлаа ч гэсэн улсаас мөнгө авдаг байна гэж тусгасан. Тэгэхээр санхүүгийн ийм боломжууд гарч ирлээ. Одоо энэ олсон орлогоо яаж зарцуулах вэ, иргэн яаж оролцох вэ гэхээр нөгөө иргэдийн хурал дээрээ ярих ёстой болж байгаа юм.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар чиг үүрэг гэдэг ойлголт бий болж, орон нутаг өөрсдөө хариуцаад хийж хэрэгжүүлэх ажил нэмэгдсэн. Энэ талаар? 

Энэ хуулиар орон нутгийн чиг үүрэг гэсэн цоо шинэ ойлголтыг гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, орон нутгийн чиг үүрэг гэдэг маань иргэд өөрсдөө бие даагаад шийдвэрлэх асуудлуудыг тодорхой болгож өгсөн юм. Жишээлбэл, зарим сумдад сүүлийн хэдэн жил шинээр боловсон хүчин огт очоогүй, эсвэл Улаанбаатарт ойрхон атлаа ааруул, цагаан идээгээ борлуулж чадахгүй байна. Төв зам дагасан зарим сумдад орчин үеийн үйлчилгээ үзүүлдэг төвүүд харьцангуй бага, энэ төвөө яаж тавтай тухтай болгож, орлогоо нэмэгдүүлэх вэ? Мөн сумын сургуулийн орчноо эсвэл эмнэлэгээ хэрхэн сайжруулах вэ гэх мэт асуудлыг сумандаа бие даагаад шийднэ гээд чиг үүргээр нь заагаад өгчихсөн. Тэгэхээр салбар яамдаас төсөв гуйдаг биш, өөрсдөө шийддэг болох гол зорилго байна.

Улс орнуудын туршлагыг харахад тухайн нэгжийнхээ хүчин чадлаасаа хамаараад орон нутагтаа шийдэж, хариуцах чиг үүргүүд янз бүр байдаг. Манайд бол зарим нь дийлэхээргүй чиг үүргүүд ганц нэг байж магадгүй. Гэхдээ юу гэж харж байгаа вэ гэхээр одоогийн сумын байдлаар, одоогийн аймгийн байдлаар аймаг, сум давжаа байна, жижиг байна гэж төсөөлж ерөөсөө болохгүй. Хөгжинө, гоё болно гэсэн өөдрөг төсөөлөлтэй байх хэрэгтэй.  

Дараагийн хэлэх чухал зүйл юу вэ гэхээр хурлын төлөөлөгч хүн намын бүлэг, өөр ямар нэг ашиг сонирхлын бүлгийн гэхээсээ илүү орон нутгийнхаа, иргэдийнхээ ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй хүн гэж хуульд анх удаа оруулсан. Тэгэхээр дээр дурдсан чиг үүргүүдийг иргэдийн хурал дээр хэлэлцлээ гэхэд тэнд ямар нэг намын,  улс төрийн хүчний сонирхол гэхээсээ илүү иргэдийн өөрсдийн ашиг сонирхлыг төлөөлөх үүргийг оруулж өгсөн. Жишээлбэл бэлчээр, хогны асуудал дээр нэг их айхтар улс төрийн өнцгөөр ширүүн тэмцэл болно гэж бодохгүй байна. Тийм учраас энэ хуулиар сум, аймгийн хурлын дотоод зохион байгуулалтын үндсэн нэгж болох хороодыг их сайн ажиллуулдаг болгоё гэж байгаа юм. Тухайн асуудлаар дагнасан, илүү судалгаа хийсэн, илүү мэргэшсэн тийм хороод байх ёстой гэж үзсэн. 

Дахиад нэг хэлэх зүйл юу вэ гэхээр аймгуудад их түгээмэл байдаг асуудал. Аймгийн хурлын төлөөлөгч атлаа Улаанбаатарт амьдардаг хүн байна. Тэгвэл энэ тохиолдолд төлөөлөгчөө эргүүлэн татдаг болж байна. Тухайн аймаг, сумаас сонгогдсон төлөөлөгч орон нутгийнхаа иргэдийн төлөө юм хийдэг байх ёстой шүү дээ. Гэтэл өөр юм хийгээд, орон нутгийн өмчит компанийн захирал болох гээд байгаа бол уучлаарай, зорилго чинь буруу байна гээд эргүүлэн татаж болохоор болж байна. Одоо эргүүлэн татах журам шинээр боловсрогдох ёстой. Энэ бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль байтугай бүр 1992 оноос хойш анх удаагаа бий болж байгаа заалт. Эцсийн дүндээ иргэдээсээ та үүсэлтэй шүү гэдгийг байнга бодож яваарай гэдгийг сануулах ийм зүйл заалт.

Баг, хороодод иргэдийн нийтийн хурал хуралдаж асуудлуудаа хэлэлцдэг. Тэгвэл иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг хуулийн шинэчлэлд яаж тусгасан бэ? Өмнөхөөсөө ялгаа нь юу вэ?

Хорооны хурал, багийн хурлын эрх хэмжээ, хуралддаг процесс, гаргадаг шийдвэр, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх асуудал бол хамгийн сул зохицуулагдсан. Хуучин ч тийм байсан, одоо ч айхтар мундаг болж чадаагүй. Цаашдаа улам сайн болох ёстой. Яагаад гэвэл багийн хурал, хорооны хурал гэдэг маань иргэн хүн ямар нэг сонгууль, элдэв зүйлгүйгээр өөрөө хүрэлцэн ирээд оролцох боломжтой ийм хурал байх ёстой. Энэ тал дээр урьдчилаад зарлах нь хамгийн чухал. Хөдөө орон нутагт газар нутаг том, хүн ам цөөн, онцлог бий. Тиймээс багийнхаа хурал дээр айл саахалтаараа амьдардаг хүмүүсийн төлөөллүүдийг оролцуулж, аль болохоор оролцоог жигд хангах ёстой. Нэг хэсгийг нь оролцуулаад, нөгөө хэсгийг нь оролцуулдаггүй байж болохгүй. Жишээлбэл, өнөөдөр нэг багийн нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын лиценз өгөх боллоо гэхэд багийн иргэдийн нийтийн хурлаас санал авдаг. Гэтэл тэр хавийн хүмүүстэй нь хуралдаад лиценз олгохыг дэмжиж байна гээд санал өгүүлсэн болгоод тараадаг асуудал маш их гардаг. Үнэн чанартаа ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа, тухайн газар амьдарч байгаа хүмүүс нь хуралдаа оролцоогүй байдаг. Тийм учраас тэнд амьдарч байгаа, ялангуяа ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хүмүүсийн оролцоог жигд хангах асуудлыг тусгаж өгсөн. Одоогийн зохицуулалтаар яадаг вэ гэхээр хүний тоо гээд нэг юм тавьчихсан, өөр газрын хүмүүсийг цуглуулаад, нөгөө тоондоо хүргэчихэж байгаа юм. Тэгвэл одоо тооноос гадна жигд оролцуулна гэсэн шалгуур тавьж өгсөн. 

Хоёрдугаарт сум, аймгийн төлөөллийн хурлууд өмнө нь хоёр удаа хуралддаг байсан. Одоо улиралд нэг буюу жилд дөрвөн удаа хуралддаг болж байна. Үүнийг зарим хүмүүс тийм олон хуралдах, цаг зав хаана байна гэж хэлдэг. Гэтэл чиг үүргүүд нэмэгдээд, тодорхой асуудлуудыг хариуцуулаад ирэхээр энэ хурлууд харин ч цөөдөх болов уу гэж харагдаж байна. Тиймээс төлөвлөгөөгөө зөв гаргаад, хэрэгжүүлээд явах нь чухал.

Орон нутагт чиг үүрэг түүнийг хэрэгжүүлэх төсөв санхүү нэмэгдлээ. Үүнийг дагаад иргэдийн төлөөлөгчдийн хуралд  нэлээд эрх мэдэл очсон юм болов уу гэж харагдаж байна.

Зарим нь бол иргэдийн хуралд эрх өгөөгүй, харин төвлөрүүлчихлээ гэж шүүмжилж байна. Үүн дээр заавал хэлэх ёстой нэг юм бий. Ер нь иргэдийн хуралтай холбоотой, орон нутагтай холбоотой 300 орчим хууль яг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Он цагаар авч үзвэл 1957 оны манай хамгийн ахмад хууль болох “Алдарт эхийн одонгийн тухай” хууль байна. Тэгвэл засаг даргаасаа тодорхойлолт авна гэдэг ч юм уу, үүн дээр орон нутаг яаж оролцох юм бэ гэх зэргээр бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлууд гарч ирж байна. Өнөөдрийн хүчин төгөлдөр болох гэж байгаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд энэ хуулиар сумын, аймгийн хурлын бүрэн эрхийг тодорхойлохгүй гэж заасан. Тодорхой нэг салбарын бүрэн эрхийг нөгөө 300 орчим хуулиудаар тодорхойлно. Тухайлбал “Ашигт малтмалын хууль”-д яг тухайн чиглэлээр нь баг, сум, аймгийн хурал тус бүрдээ юу хийх вэ, сум, аймгийн засаг дарга юу хийх вэ гэдэг бүрэн эрхийг нь зааж өгнө. Тиймээс дараагийн том ажил юу вэ гэхээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхлэхээр дээрхи 300 орчим хуулиудаа бүгдийг нь шинэчлэх ийм шаардлага байгаа юм.

Хоёрдугаарт, тухайн салбарын хуулиудаар засаг дарга, иргэдийн хурлын эрхийг тодорхойлохдоо аймаг, сум, баг тус бүрдээ ямар чиг үүрэгтэй байх вэ гэдгийг одоо хэрэгжих Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ерөнхий тодорхойлолтыг харгалзаж гаргана. Үүн дээр баримталсан гол зарчим нь тухайн асуудлыг шийдэх эрхийг хамгийн боломжтой, хамгийн ойрхон нэгжид өгөхөөр тусгасан. Жишээлбэл, багийн хурал шийдэж чадах бол багийн хуралд өгөх зохицуулалт хийсэн. Иргэндээ хамгийн ойр байдаг нэгжид нь бүх бүрэн эрх мэдлийг өгөхөөр зохицуулсан гэсэн үг. Үнэн хэрэгтээ суманд болж байгаа асуудлыг Улаанбаатарт тэр бүр мэдэхгүй. Тиймээс тухайн орон нутгийн иргэндээ хамгийн ойр нэгж нь аймаг, сумынхаа асуудлыг бие даан шийдэх бодлого барьсан. Тийм учраас энэ хуульд сум бол үндсэн нэгж гэсэн тодорхойлолт анх удаа гарч ирсэн.  Харин аймаг нь сум, төр хоёрыг холбодог, сум хоорондын бодлогын шинж чанартай асуудлыг шийддэг байя гэж тусгасан.

Өөр нэг чухал зүйл бол сумаас эсвэл багаас асуулгүйгээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд тухайн орон нутагт том барилга байшин барих шийдвэр гарчихдаг. Тэр нь эргээд сумандаа ашиглахааргүй, арчилгаа үйлчилгээнээс нь эхлээд бэрхшээл болчихдог тал бий. Жишээлбэл, аймгийн төвд баг болгонд биеийн тамирын заал, мөн Дундговь аймгийн Гурвансайхан суманд жигтэйхэн том цогцолбор барьчихсан гэх зэрэг асуудал байдаг. Эргээд тэрийгээ арчлах, авч явах асуудлыг тэр сум дийлэх үү? Гэтэл үүний цаана татвар төлөгчдийн мөнгө урсаад байдаг. Тиймээс цаашдаа аймаг нь өөрөө мөнгөө төсөвлөөд орон нутагтаа хэрэгтэй барилгаа барьдаг, салбарын яам нь ийм аж ахуйн асуудалд оролцохгүй, бодлогоо хариуцаад явдаг байя гэсэн алсын зорилго байна. Өнөөдөр тухайлбал тендерийн сайт руу ороод харахаар Барилгын яам дээр баахан тендер байна. Тэгээд нэг суманд тендер зарладаг, хотоос нэг компани ялсан болоод очоод нэг юм барьдаг, тэр нь хүчтэйхэн салхи гарахад нураад унадаг жишээ бий. Тиймээс энэ ажлаа зохион байгуулдаг, хянадаг эрхийг нь орон нутгийн иргэдэд өөрсдөд нь өгье. Салбарын яамд нь бодлогоо барьдаг байя,  иргэд нь орон нутагтаа эдийн засаг, нийгмийн асуудлаа өөрсдөө шийддэг энэ систем рүү орох ёстой гэдэг гол санаагаар энэ хуулийн шинэчлэл хийгдсэн.  

Орон нутагт хэт их эрх мэдэл өгөхөөр, орон нутагтаа тендер зарласан болоод чанаргүй барилга байгууламж барих, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулах асуудал гарахгүй гэх баталгаа байхгүй. Хяналт яаж тавих вэ? 

Гарах эрсдэл бий. Яаж хяналт тавих вэ гэдэг асуудал УИХ-аар хэлэлцэх үед яригдаж байсан. Одоо аймаг, сум харьцангуй мөнгөтэй болчихлоо. Тэгвэл энэ мөнгийг яаж зарцуулах вэ, зориулалт нь юу вэ гэхээр зөвхөн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх мөнгийг засаг дарга зарцуулж болно гэсэн шийдвэрийг сумын, аймгийн иргэдийн хурлаас гаргах ёстой. Чиг үүрэгтэй холбогдохгүй бол уучлаарай энэ мөнгийг зарцуулж болохгүй гэж шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Тухайлбал орон нутгийн удирдлагууд энэ мөнгийг аваад байвал яах вэ, үнэтэй тансаг зэрэглэлийн машин тэрэг авдаг асуудал гарвал яах вэ гэдэг дээр хариуцлага талаасаа өмнө байгаагүй нэгжийн үйл ажиллагаан дахь төрийн хяналт гэсэн ойлголт хуулийн 80-р зүйл дээр шинээр оруулж ирсэн. Үүн дээр дараагийн салбар хуулиуд болох Төрийн аудитын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудад өөрчлөлт орно гэж харж байна.

Ярилцсан таньд баярлалаа.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%