2021 оны 04 дүгээр сарын 23-нд сумын нийт нутаг дэвсгэрийн 40 гаруй хувьд ахиу хэмжээний цас орж цасны зузаан жалга гуундаа 15см-1м, бусад газартаа 5-40см орсон бөгөөд 24-25-ны өдрүүдэд хүчтэй цасан шуурга шуурч цас ихтэй Гичгэнэ, Дэлгэрэх багуудад хаваржилт хүндэрч цасан шуурганд малаа уруудуулж алдах, хот хороо муутай газарт осгоох зэргээр малын зүй бус хорогдол нэлээдгүй гарлаа.
Сумын Онцгой комисс хаваржилт хүндэрсэн газруудад яаралтай хариу арга хэмжээ авах ажил зохион байгуулж сумын дотоод нөөцөөс өвс, тэжээл бэлтгэн малчдад хүргэн өгөх, зарим малчдыг нүүлгэх, хүн эмнэлэг, мал эмнэлгийн яаралтай тусламжуудыг хүргэж ажиллаа. Мөн цас ихтэй хаваржилт хүндэрсэн багийн малчдад аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, сумын Онцгой комиссын зүгээс нэг хот айлд 2 уут багсармал тэжээлийн дэмжлэг үзүүллээ. Энэхүү яаралтай, онцгой нөхцөлийн ажилд бодит дэмжлэг үзүүлж өөрийн унаа техникээрээ цас ихтэй газруудад ажиллаж өгсөн иргэн Б.Дашням, Б.Бүрэнням, Ж.Эрдэнэбат, Ч.Гомбосүрэн нарт сумын Онцгой комисс, нийт малчид иргэдийн өмнөөс талархал илэрхийлж байна.