Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ц.Хөвсгөлдалай: Орон нутаг хүнээ, төсөв санхүүгээ, өмчөө мэддэг байвал сумдын хөгжил урт хугацаандаа жигдэрнэ

2021-05-07

         Хөвсгөл аймгийн хоёр дахь том сум бол Тариалан сум. Нийт хүн амынхаа тоогоор Мөрөн сумын дараа орно. 6000 гаруй оршин суугчтай. Тариалан сум нь Хөвсгөл аймгийн газар тариалангийн бүс нутаг гэж хэлж болно. Тус сум ажлын байр нэмэгдүүлсэн, нялхсын эндэгдлийг бууруулсан, орон нутаг болон улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг таван жил дараалан давуулан биелүүлсэн зэрэг шалгуур үзүүлэлтээр 2018 онд улсын тэргүүний сум болж байв.

Тариалан сумын засаг даргын албыг 20 жил хашсан Ц.Хөвсгөлдалайтай бид ирэх оноос хэрэгжих Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль сумдад ямар боломж авчирч болох талаар ярилцлаа. Ц.Хөвсгөлдалай 2020 оны арванхоёрдугаар сард гавъяаныхаа амралтанд суусан ч зүгээр суулгүй,  Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Мөн тэрээр Тариалан сумынхаа тамгын газрын даргаар найман жил, сумын иргэдийн төлөөлөгчөөр гурван удаа сонгогдон ажиллаж байсан арвин туршлагатай эрхэм билээ.         

                                 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022 оноос хэрэгжиж эхлэнэ. Хуулийн хүрээнд сумдын хийж хэрэгжүүлэх ажил нилээн нэмэгдлээ. Шинэчлэгдсэн хуультай танилцаж амжив уу? Сум, орон нутаг шинээр ямар ажлууд хариуцахаар болсон бэ?

Ирэх оноос хэрэгжиж эхлэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг таниулах талаар “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс зохион явуулж байгаа сургалтанд сая хамрагдлаа. Ер нь тодорхой хэмжээнд сумдын хариуцаж, хийж хэрэгжүүлдэг ажлуудыг илүү дэлгэрүүлсэн байна. Хамгийн гол нь энэ ажлуудыг хийе гэхээр төсөв, санхүү хүрэлцдэггүй байсан асуудлыг шийдэж өгсөн харагдлаа.  

Хувь хүний орлогын албан татвар, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татварын орлого сумандаа зуун хувь үлдэхээр болсон. Ингээд тооцохоор Тариалан сумын орлого яаж нэмэгдэж байна вэ?

Манай Тариалан сум бол Хөвсгөл аймгийн хөдөөгийн хамгийн том сум. Шинэ хуулийн хэрэгжилттэй холбоотой Татварын хууль, Төсвийн хууль гээд бусад холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орж байна. Сумаараа жишээ авахад Тариалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, багийн ерөнхий үйлчилгээний суурь зарлага 450-500 сая төгрөг байдаг. Нэгжийн хууль хэрэгжиж эхлэснээр аймагт төвлөрүүлдэг байсан орлогууд сумд ирвэл манай Тариалан сум эдийн засгийн хувьд биеэ даана.

Тухайлбал 2021 оны төсөв батлахад манай ерөнхий үйлчилгээний нийт зарлага 510 сая төгрөг, суманд хураадаг арав гаруй татварын орлого 257 сая төгрөг гэж батласан. Ингээд харахаар цалин хөлс түүнтэй адилтгах орлогын татвар 220-225 сая төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татвар 22-25 сая төгрөг, газрын төлбөр 15-22 сая төгрөгийн орлогыг аймагт өгдөг. Энэ татварын орлого ирэх жилээс сумдад ирэхээр үндсэндээ 300 орчим сая төгрөг болж байна. Ингээд харахаар Тариалан сумын тухайд ерөнхий үйлчилгээний зарлага, санхүүжилтээ бүрэн хангах боломж бүрдэнэ. Дээд газрын гар харахгүй, өөрсдөө асуудлаа зохицуулаад явах боломж бүрдэж байгаа гэсэн үг. Цаашлаад Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгож байгаа чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх, ялангуяа иргэдийнхээ ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх бололцооны хөрөнгийн эх үүсвэр бүрдлээ гэж үзэж байна. Хамгийн гол нь төсвийнхөө төлөвлөлтийг маш сайн, үнэн зөв бодитой хийх ёстой.

Дээрх татварын орлогууд сумандаа шууд үлдэхээс гадна Мал аж ахуйн орлогын албан татварын орлого орон нутгийн хөгжлийн санд орохоор болсон. Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр нэмэгдээд ирэхээр иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдэх боломжтой гэж харж байна уу?

Манай Тариалан сум 254-260 мянган толгой малтай. Энэ жил 252 мянган толгой мал тоологдсон. Бид нийт малынхаа тоо толгойг янз бүрийн хувилбараар тооцож үзэхэд Тариалан суманд багаар бодоход Малын тоо толгойн албан татвар 25 сая төгрөг, дунджаар тооцвол 71 сая төгрөг, арай гайгүй түвшинээр бодвол 100 гаран сая төгрөгийн орлого орохоор болж байна. Үүн дээр нэмээд ямар нөөц байна вэ гэвэл сум өөрийнхөө орлогоо давуулж биелүүлвэл давсан орлого нь сумандаа үлдэнэ. Тийм учраас орон нутгийнхаа хөгжлийн сан дээр нэмээд, дээрээс нь улсаас манай Тариалан суманд дунджаар 150-180 орчим сая төгрөг ирдэг. Үүн дээр Мал аж ахуйн орлогын албан татварын орлого нэмэгдэнэ. Ингэснээр нэгжийн шинэ хуульд заасан сум орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүрэг болох ялангуяа нийтийн эзэмшилтэй холбоотой ард иргэдийн ажиллаж амьдрах, сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлуудаа яам, тамгын газар, аймгийг харахгүйгээр бие даагаад ээлж дараагаар шийдээд явах боломжтой гэж харж байна. Тариалан сумын тухайд Орон нутгийн хөгжлийн сангийн орлого дээр Мал аж ахуйн орлогын албан татварын орлогыг нэмээд бусад давсан орлогоо тооцоод, түүнээсээ суурь зардлаа авч үлдээд, үлдснийг нь тулгамдсан асуудлаа шийднэ гээд тооцоход багаар бодоход 300 сая төгрөг, орлого сайн орвол 500-аад сая төгрөг ерөнхий үйлчилгээнээс илүү гарах гэж байна. Энэ орлогыг орон нутагтаа тулгамдаад буй олон арван асуудлыг ээлж дараагаар шийдэхэд зарцуулж болно. Өнгөрсөн хугацаанд сумынхаа зам даваа, гүүрийг засъя, нийтийн эзэмшлийн газруудаа ногоон байгууламжтай болгоё, гэрэлтүүлэг, хог хаягдлын асуудлаа шийдүүлье гээд дандаа УИХ-ын гишүүд, аймагт санал тависаар ирсэн. Тэгвэл одоо төсөв санхүү нь шийдэгдэж байгаа учраас ийм асуудлаа өөрсдөө бие даагаад шийдэж болохоор боллоо.

Хуульд дээрх орлогуудаас гадна орон нутаг төсвийн бус сан бий болгоод түүгээрээ чиг үүргийнхээ хүрээний үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж болно гэж заасан. Энэ тухайд?

Тэр бол их зөв зүйтэй. Засгийн газрын тусгай сангийн хуультай холбоотой УИХ-аас орон нутагт байсан олон сангуудыг журамласан. Шинэ хуулиар төсвийн бус орон нутгийн сантай болох юм байна. Өөрөөр хэлбэл энэ сангийн эх үүсвэр төсвийн бус хөрөнгө байх ёстой. Жишээлбэл байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн, ард иргэдийн хандив зэрэг төсвийн бус хөрөнгөөр орон нутаг орлого олох боломж нөхцлийг бүрдүүлж байгаа нь орон нутагт санхүү, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх боломж гэж үзэж байна.

Одоо суманд Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан гэж бий. Орон нутгийн хөгжлийн сангийн зарлагын зориулалт нь журамлагдсан байдаг ба сум хөгжлийн сан нь зээлийн эргэлтийн зориулалттай байдаг. Иймээс тодорхой тулгамдсан орон нутгийн чанартай асуудлаа шийдэх боломжгүй талтай. Иймд төсвийн бус орон нутгийн сантай болно гэдэг асуудал их чухал. Жишээлбэл, сумдад тэдэн жилийн ой хийдэг, түүнд нь ард иргэд хандив өгдөг. Гэтэл тэр мөнгийг хаана төвлөрүүлэх үү, ямар санд хийх вэ гээд асуудал гардаг. Тэгвэл одоо орон нутгийнхаа санд эх үүсвэрээ төвлөрүүлээд, зарим асуудлаа шийдээд явах боломжтой гэж харлаа.  

Төсвийн бус орон нутгийн санд Тариалан сум өөрсдөө хөрөнгө, санхүү бүрдүүлэх эх үүсвэрийн тухайд та юу гэж харж байна вэ? 

2018 онд манай сум самрын орлогоос 800 орчим сая төгрөгийн орлого оруулсан. Үүнээс зохих хувийг аймаг аваад үлдсэнээр нь сумынхаа төвд 2,1 км авто зам тавьсан. Ийм байдлаар явах ёстой. Үүнээс гадна нутгийн захиргааны байгууллагууд туслах аж ахуй зохион байгуулаад, үүнийхээ орлогыг энэ орон нутгийн санд оруулвал зүгээр санагдаж байна. Энэ талаар Төсвийн хуульд өөрчлөлт оруулсан зүйл байхгүй байна. Гэхдээ үүнийг цаашдаа анхаарах хэрэгтэй.

Ер нь төсвийн бус орлого гэхээр сум, орон  нутаг өөрсдөө ямар ч эх үүсвэрээс орлогоо бүрдүүлж болно. Сангаа яаж бүрдүүлэх вэ гэдэг эрхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгч байна. Заавал ийм эх үүсвэрээс байх ёстой гэж хатуу хязгаарлаагүй, иргэдийн хурлаас өөрсдөө санаачлагаа гаргаад орлогоо бүрдүүлэх эрхтэй болж байна. Тухайлбал манай Тариалан сумын багууд хадуур, трактортой. Өвс, тэжээл бэлдээд, борлуулаад энэ сан руу хийгээд байж болох зэргээр өөрсдөө санаачлаад, бие даагаад хэрэгжүүлээд явж болох юм байна. Хамгийн гол нь сумын иргэдийн хурал энэ тал дээр ийм эх үүсвэрээс хөрөнгө бүрдүүлнэ, ийм зориулалтаар зарцуулна, ингэж хяналт тавина, зориулалтын бусаар зарцуулвал ингэж хариуцлага тооцно гэдэг журмыг маш сайн шийдэх ёстой.

Сумдын татварын орлого нэмэгдээд ирэхээр орон нутгийн удирдлагууд орлогоо бүрдүүлэх, суурь баазаа нэмэгдүүлэх тал дээр нилээн идэвхтэй ажиллах болов уу?

Тэгнэ шүү дээ. Татварынхаа бааз суурийг өргөжүүлэхийг бодно. Манай Тариалан сум өнгөрсөн хугацаанд улсын төвлөрсөн төсвийн орлого, аймгийн орлого, сумын орлого таслаж байгаагүй, дандаа биелүүлж байсан. Гэхдээ улс, аймагт өгдөг татварыг дандаа дээш нь аваад явчихдаг болохоор орон нутаг татварын бааз суурь нэмэгдүүлэх талаар төдийлөн хөөцөлддөггүй, шахаж шаарддаггүй байсан. Тэртээ тэргүй энэ орлого суманд орохгүй гэсэн хандлага байсан. Одоо бол тийм байдал гарахгүй гэж бодож байна. Татвар төлөгчидтэйгөө сайн тулж ажиллах, тэдний нийгмийн бааз суурийг өргөжүүлэх, далд эдийн засгийг илрүүлэх зэргээр илүү ажиллана гэж харагдаж байна. Ингээд өөрийн толгой дээр хамаг юм буугаад ирэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга гээд хэн ч ялгаагүй санаачлага гаргаад, сайн ажиллана гэж бодож байна. Тэгэх ч ёстой.

Гол нь орон нутгийн удирдлагуудаас өөрсдөөс нь их зүйл шалтгаалах нь гэж харагдаж байна.

Тийм, үнэхээр өөрсдөөс нь шалтгаална.

Тариалан сумын хувьд томдоо ордог сум. Нөгөө талаараа жижиг сумдын хувьд хэдийгээр дээрхи татварын орлого орон нутагт шууд үлдэж байгаа ч, сумдад хариуцуулж байгаа хорин хоёр чиг үүргийг бие даагаад хэрэгжүүлэх бололцоогүй гэсэн эргэлзээ байх шиг байна. Та хорин жил сумын засаг даргаар ажилласан хүний хувьд энэ тал дээр юу гэж хэлэх вэ?

Хуучны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе гэдэг юм уу, энэ хууль гарахаас өмнө бүхнийг дандаа дээрээс зохицуулж ирсэн. Жишээлбэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсвийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ёсчилж баталдаг байлаа. Нэг ч эрх мэдэл байхгүй, дээрээс нь нэмдэг ч үгүй, хасдаг ч үгүй. Тэгвэл одоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийнхаа өмнө тулгамдсан ямар ч асуудлыг хараат бус байдлаар шийддэг боломжтой боллоо. Өөрийн тань хэлдгээр зарим жижиг сумдад хэцүү байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хууль хэрэгжиж эхлэснээр улсын хэмжээний 330 сум урт хугацаандаа биеэ даагаад, хөгжөөд явах боломж бүрдэж байна. Дээр дурдсан гурван татварын орлого, мөн мал аж ахуйн орлогын албан татвараас сумынхаа орлогыг бүрдүүлэх боломжтой боллоо. Хамгийн гол нь төсвийнхөө төлөвлөлтийг бодитой үнэн зөв хийх ёстой. Мэдээж бидэнд ийм боломж олдлоо гээд бүхнийг нэг өдөр, нэг амьсгаагаар шийдэж чадахгүй. Ер нь тухайн орон нутаг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төлөөллийн байгууллага нь байгаа санхүүгийнхээ эх үүсвэрт нийцүүлээд, тулгамдсан асуудлаа зөв эрэмбэлээд, ээлж дараатай төлөвлөөд хэрэгжүүлээд явахад болохгүй гэх газаргүй.

Түүнээс гадна манай зарим сумд бие дааж хөгжинө гэхээр л бүх засвар үйлчилгээ, бүх зүйлээ орон нутаг өөрөө хариуцах юм байна гэж ойлгоод байна. Орон нутаг өөрт байгаа нөөц боломжоо дайчлан орлогоо бүрдүүлнэ, гүйцэтгэлийг нь хариуцна. Хуулийн 15-р зүйл дээр орон нутгийн чиг үүргээ хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэр нь төрийн үүрэг гэсэн заалт бий. Манайхан болохоор орон нутаг бие дааж хөгжинө гэхээр улсаас татаас, дэмжлэг авахгүйгээр бүх зүйлээ хийх нь гэж ойлгоод байна. Тийм биш ээ. Орон нутгийн орлогын нөөц эх үүсвэрийг бүрэн дайчилж орлогын суурь баазыг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг илрүүлэхэд санаачилгатай ажиллаад, харин чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа шаардлагатай хөрөнгийг улсын төсөвтөө тавьж шийдүүлэх боломжтой. Нөгөө талаас улсын төсөвт цэцэрлэгийн тоглоомын талбайн засварын мөнгө гэхэд боловсролын сайдын багцад тавигддаг байсан. Тэгвэл одоо энэ нь орон нутгийн хөрөнгө оруулалт гэж улсын төсөвт жагсаалтаар тусаад, тусгагдсан хөрөнгийг тухайн сум өөрөө аваад хэрэгжүүлэх боломжтой гэж харагдаж байна.

Тэгэхээр сумын чиг үүрэгт заасан, хийж хэрэгжүүлэх ёстой хорин хоёр асуудлаа сум ихэнхийг нь хийж чадна. Эхлэлийг нь тавина, санал санаачилгаа гаргана, яам, тамгын газар, УИХ, Засгийн газартаа ч хандана. Мэдээж, сумдад бүх эрх мэдлийг өгчихлөө гээд Засгийн газар нь аймаг, сумдаа хаяхгүй нь ойлгомжтой. Тийм учраас үүнийг нэг өнцгөөс харж, туйлшралгүй, олон талаас нь хандаж, зөв ойлгох хэрэгтэй. Манайхан чинь асуудалд хандахаараа нэг өнцгөөс хараад, туйлшраад, бүх зүйл хар толгой дээр бууж байгаа юм байна гэж ойлгоод гутарч няцаж, гуньж туньдаг асуудал бий. Яг өөрөөсөө хамаарах, орон нутгаас хамаарах бүхнийгээ өөрсдөө хийдэг байх хэрэгтэй. Түүнийгээ хийж чадаагүй байж, хуучин шигээ тэжээвэр хурга шиг тамгын газрынхаа дээврийг янзлахын тулд аймгаас эсвэл улсаас мөнгө нэхээд сууж байх нь утгагүй. Харин авто зам, нийгмийн салбарын үйлчилгээний эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих асуудал, нийтийн эзэмшилтэй холбоотой томоохон зам, даваа засах асуудлыг аймаг, улстайгаа хамжиж л хийнэ.

Сум өөрийн гэсэн өмчтэй байж болно гэсэн заалт хуулинд орсон. Ингэснээр суманд ямар давуу тал бий болох вэ?

Өмчийн асуудал дээр манай суманд орон нутгийн өмчийн мэдлийн нийтийн ахуйн үйлчилгээний төв буюу дулаан түгээдэг компани бий. Өмнө нь энэ компаний төлөөлөн удирдах зөвлөлийг аймаг мэддэг, захирлыг нь аймгаас томилдог байсан. Нийтийн ахуйн үйлчилгээний энэ хувьцаат компани манай сумын дулаан, хог тээвэр, халуун ус, цэвэр ус гээд бүгдийг хариуцдаг. Өнгөрсөн жилээс энэ асуудлыг ярьсаар байгаад тус компанийг сум хариуцдаг болсон. Ер нь ийм байдлаар аймаг бүх зүйлийг хариуцаад, эрх мэдлийг хэт төвлөрүүлэх нь утгагүй. Одоо орон нутгийнхаа мэдэлд ирчихээр ямар хэмжээний зардал гаргаад орон нутгийнхаа өмчийн байгууллагыг үр ашигтай аваад явах уу гэдэг асуудлаа бид өөрсдөө шийддэг болж байна.

Сүүлийн хэдэн жил улсын хэмжээнд төсвийн сахилга, хариуцлагыг дээшлүүлж байна гээд төсөв, хөрөнгө, өмч хөрөнгийн хувьд нилээн төвлөрүүлчихсэн. Одоо эрх мэдлийг орон нутагт зоригтой өгч байгаа бол энэ хэмжээгээрээ өмчийн асуудлыг бусад хуулиудаараа зохицуулаад өгвөл зөв зүйтэй. Үүнтэй холбогдуулаад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Худалдан авах ажиллагааны тухай хууль зэрэг хуулиудад даруй нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй. Орон нутаг хүнээ мэддэг, төсөв санхүүгээ мэддэг, өмчөө мэддэг байвал сумдын хөгжлийн асуудал урт хугацаандаа жигдэрнэ.

Хамгийн гол нь төрд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, нутгийн өөрөө удирдах болон төрийн байгууллагын удирдах ажилтнууд, төсвийн захирагч нар зөв төлөвлөгөөтэй, зөв зохион байгуулаад, хуулийг зөв хэрэгжүүлээд явбал үнэхээр бидэнд сайхан боломж, эрх мэдэл нээгдэж байна. Энэ эрх мэдлээ зөв зүйтэй эдлэх ёстой. Хэтрүүлж л хэрэглэх юм бол хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ хаа хаанаа бодож тунгаах хэрэгтэй.

Ер нь орон нутаг бие даахын тулд нэгдүгээрт хүний нөөц, хоёрдугаарт төсөв, санхүү, эдийн засаг, гуравдугаарт өмчийн эрх мэдэл гэсэн гурван үндсэн асуудлыг шийдэх хэрэгтэй гэж гавъяат хуульч Б.Чимид багш хэлж байсан. Тэгвэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлээр энэ боломж бүрэн бүрдлээ гэж харж байна.

Ярилцсан таньд баярлалаа.

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%