Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Н.Мядагмаа: Суманд үлдэх мал аж ахуйн албан татварын орлогыг эргээд малчдадаа зарцуулна

2021-05-24

Мал аж ахуй эрхэлнэ гэдэг хүнд хөдөлмөр. Тэр тусмаа хадлангийн талбай бага, булаг шанд цөөнтэй говь нутагт бүр ч хүнд. Дундговь аймгийн Дэрэн сум бол ийм говийн бүс нутаг. Говийн хүнд цаг уурт малчид өвлийг өнтэй давахын тулд өвсний нөөцөө бусад орон нутгаас бүрдүүлэх, зундаа худаг ус гаргах ажил хамгийн чухал. Тийм ч учраас ирэх жил сумдад үлдэх татварын орлогыг малчидтай холбоотой ажилд зарцуулах нь нэн тэргүүний ажил гэж Дэрэн сумын засаг даргын орлогч Н.Мядагмаа хэлж байв. Бид түүнтэй ирэх жилээс хэрэгжиж эхлэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаар ярилцлаа.

Та ирэх онд хэрэгжиж эхлэх хуулийн талаар ямар бодолтой байна вэ? Боломж уу, бэрхшээл үү?

Хуулийн нийтлэг агуулгыг харах юм бол орон нутаг бие даан хөгжих боломж гэж харж байна. Нөгөө талдаа өөрсдөө орлогоо бүрдүүлж, зарлагаа нөхөхөөр хүн ам цөөнтэй, уул уурхай багатай, дан мал аж ахуй түшиглэсэн манайх шиг говийн бүсийн жижиг сумдад бага зэрэг хүндрэлүүд гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ шинэ хуулийн зохицуулалтаар орон нутгийг бие даалгасан гээд орхихгүй. Сумдын чиг үүргээ хэрэгжүүлэхэд дутагдаж байгаа эх үүсвэрийг төрөөс санхүүжүүлэхээр хуулинд зааж өгсөн. Энэ нь одоогийн орлого зарлагын зөрүүгээр санхүүгийн дэмжлэг авч байгаатай адил гэж ойлгож байна. Хамгийн гол нь сум бие даасан төсөвтэй болоод хаана, юу хэрэгтэй байна гэдгээ тооцоолоод орон нутгийнхаа нөхцөл байдалд тохируулж, төсвөө зарцуулна гэдэг нь чухал. Одоогийн хууль эрх зүйн хүрээнд дээрээс нэг тоо ирээд, тэрийг нь аймаг батлаад, сум ёсчлоод л явж байна. Тэгвэл ирэх онд энэ байдал өөрчлөгдөх байх.

Өмнө нь би 1992-2000 оны хооронд сумандаа татварын байцаагчаар ажилладаг байхад одоо мөрдөж эхлэх хуулийн зарчмаар ажилладаг байсан. Хэр сайн орлого бүрдүүлнэ, тэр хэмжээгээрээ сумандаа зарцуулдаг байлаа. Гэтэл 2002 онд хууль эрх зүйн шинэчлэл хийгдээд энэ байдал үгүй болсон. Нэг тоо ирдэг, түүнийг нь биелүүлчихвэл дахин татвар хураамжийн хойноос хөөцөлддөггүй болсон. Зарлагын тухайд дээрээс зарцуулах хөрөнгөө хүлээнэ. Тэр нь дутах асуудал гарна. Өөрөөр хэлбэл, олон жилийн дунджаар зардлыг тооцож явуулдаг. Манай байгууллага жилд дөрвөн сая төгрөг зарцуулдаг байлаа гэхэд хоёр сая төгрөг өгөх зэрэг асуудлууд гарна гэсэн үг. Тэгвэл одоо зардлын тооцоогоо өөрсдөө гаргаад түүнийгээ санхүүжүүлэх нь хамгийн бодитой, ил тод хэрэгжих боломжтой зүйл. Асуудлаа шийдэхийн тулд орлогоо бүрдүүлэх шаардлагатай болно. Тухайлбал, суманд хэрэглэж байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг орон нутаг руугаа шилжүүлэх, татвар хураамжийг нь төвлөрүүлэх тал дээр идэвх санаачлагатай ажиллана гэсэн үг.

Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар, газрын төлбөр, үл хөдлөхийн татварын орлого шууд сумандаа үлдэнэ. Танай суманд орлого хэр нэмэгдэхээр харагдаж байна?  

Жижиг суманд бол орлого айхтар нэмэгдэхгүй.  Гэхдээ олсон орлогоо аймаг, төв рүү төвлөрүүлэх эсвэл сумандаа орлогоо оруулна гэдэг асар их ялгаатай. Үүнийг дагаад сумандаа оруулах орлогын хойноос илүү их хүчин чармайлт гаргаж ажиллана гэсэн үг. Энэ утгаараа орон нутагт их үүрэг хариуцлага ирж байна.

Ирэх жилээс хэрэгжих хуультай холбоотойгоор Малын тоо толгойн албан татварын тухай хууль батлагдсан. Малын тоо толгойд ногдуулсан татвар Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулагдан зарцуулахаар болсон. Энэ нь сумдад очиж байгаа төсвийн томоохон дэмжлэг болох уу?

Манай сум бол мал аж ахуйд суурилсан сум. Тэгэхээр мал аж ахуйн орлогын албан татварын орлогыг эргээд малчидтай холбоотой ажилд зарцуулах нь хамгийн чухал. Дэрэн суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар олон нийтээс санал авахад малчидтай холбоотой санал хамгийн их ирдэг. Малчдын хамгийн их шаарддаг зүйл нь бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, худаг усны тоог нэмэгдүүлэх тухай байдаг. Нөгөө талдаа манай сум өөрсдийн гэсэн хадлангийн талбай байхгүй учраас өвөлжилтийн бэлтгэл хангахад хүндрэлтэй. Өөр аймаг, орон нутгаас өвс тэжээл татаж, нөөц бүрдүүлдэг. Өвлийг өнтэй давах өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх хөрөнгийн асуудал шийдэгдэнэ гэдэг нь сумын Засаг даргын тамгын газарт үнэхээр том дэмжлэг. Тиймээс Мал аж ахуйн татварын хувь хэмжээгээ зөв тооцоод, татвараа зөв ногдуулбал эргээд татварын орлогоороо энэ мэт малчидтай холбоотой ажлаа санхүүжүүлнэ гэдэг нь манай суманд хамгийн чухал.

Төсвийн бус орон нутгийн сантай байж болохоор зохицуулалт бий. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

Өмнө нь бол орон нутгийн удирдлагууд бусдаас хандив тусламж, татвар хураамж авч сан бүрдүүлэх боломж байгаагүй. Харин шинэчилсэн хуулиар энэ боломжийг нээж өгсөн нь маш зөв зүйтэй алхам гэж бодож байна. Одоо нутаг орноо гэсэн сэтгэлтэй хандив тусламж үзүүлэх гэсэн хувь хүн албан байгууллагууд их болсон. Тэдний хандив тусламжийг бүрдүүлээд сан байгуулах, тэр хөрөнгөө ил тод зарцуулдаг байх нь бас нэг шийдэл. Хандив тусламжаас бусад орлогоор ч төсвийн бус сангаа бүрдүүлж болно. Аж ахуйн үйл ажиллагааны орлого олоод түүнийгээ төсвийн бус сандаа төвлөрүүлж болно. Манай сумын тухайд аймгийн харъяа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байдаг. Түүний үйл ажиллагааг илүү сайжруулаад олсон орлого нь зардлаасаа давж байгаа нөхцөлд тухайн орлогыг энэ сандаа төвлөрүүлэх боломжтой гэж харж байна.

Орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүргийн тухайд ямар өөрчлөлтүүд гарах бол?

Чиг үүргийн хувьд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсон гэж харсан. Хүн ам, газар нутгийн хэмжээнээс хамаараад сум болгонд өөр өөр байгаа байх. Зарим үед орон нутгийн захиргааны байгууллагууд бие даан журам гаргаад, дагаж мөрдүүлэх тал дээр хүндрэлтэй зүйлүүд гардаг байсан. Тухайлбал төрийн хяналтын байгууллага, төрийн захиргааны төв байгууллагатай үйл ажиллагаа, чиг үүрэг давхцах зэрэг асуудлууд байсан. Тэдгээр асуудлуудыг хуульд нэг мөр болгож давхцал, хийдлийг арилгасан гэж харж байна.

Аймгийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдчихоод Улаанбаатар хотод амьдардаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдчихоод өөр газар ажиллаж амьдрах тохиолдлууд байдаг. Тэгвэл эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг хориглож өгсөн.

Энэ маш зөв заалт оруулсан. 2008 оноос хойш тийм явуулын байдалтай төлөөлөгчид их болсон. Хуульд зургаан сараас дээш хугацаагаар тухайн орон нутагт оршин суусан бол нэр дэвшиж болно гээд заачихсан. Энэ хүрээнд зургаан сарын өмнө ирж бүртгүүлээд сонгуульд дэвшээд гарчихдаг. Төлөөлөгчөөр сонгогдонгуутаа өөр газар ажиллаж амьдраад байх тохиолдлууд их болсон. Зарим нь нутаг орныхоо төлөө сэтгэл гаргаад идэвхтэй ажилласан тохиолдлууд бий. Гэхдээ л тухайн газрын нөхцөл байдлыг бүрэн ойлгож мэдэх, ард иргэдийн ахуй амьдрал, чиг хандлагыг мэдрэхийн тулд тухайн сум орон нутагтаа амьдрах шаардлагатай. Яг бодит байдлаас харахад сум, орон нутагтаа ажил албаа эрхлээд, амьдарч байгаа төлөөлөгч илүү идэвхтэй үр дүнтэй ажилладаг.

Шинэ хуулийн хүрээнд шат шатны нэгжийн удирдлагын хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой заалтууд орсон. Сумын засаг дарга хуулинд туссан чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол эргүүлэн татна. Мөн багийн дарга заавал дээд боловсролтой хүн байна гэх зэрэг заалтууд бий. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

Сумын засаг дарга нэг сонгогдсон бол сайн ч бай, муу ч бай тэр чигтээ ажиллаж байгаад дөрвөн жил болоод солигдох эсэх нь шийдэгддэг байсан. Харин шинэ хуулиар ёс зүйн алдаа дутагдал гаргасан бол, иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй бол, мөн бусад хууль тогтоомж зөрчсөн бол эргүүлэн татаж болох зохицуулалт орсон нь зөв.

Багийн засаг дарга нарыг сумын засаг дарга нь томилдог байя гэсэн санал гарч ирээд дэмжигдээгүй. Харин дээд боловсролтой байх ёстой гэдэг нь зөв. Яагаад гэвэл орчин үед адаглаад компьютерийн программууд дээр ажиллах шаардлага үүсэж байна. Гэтэл найман жил, арван жилийн боловсролтой хүмүүс ажлын байрны шаардлага хангахгүй. Адаглаад аливаа ажилд хяналт тавих, хариуцлага ярихад хүний эзэмшсэн мэргэжил боловсрол чухал. Тэгэхээр тодорхой хэмжээнд боловсролын босго тавьж өгсөн нь зөв гэж бодож байна.

Таны хувьд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд тав, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хоёр удаа сонгогдож, сумын засаг даргаар найман жил ажилласан. Энэ хугацаанд анзаарсан, тулгамдаж байсан олон асуудал байсан байх?

Босоо тогтолцоотой байгууллагуудын ажилтнууд суманд ажилладаг. Тухайлбал нийгмийн даатгал, татвар, улсын бүртгэл, газрын албаны мэргэжилтнүүд байна. Ингээд бодохоор сумын тамгын газрын нийт ажилтнуудын гуравны нэг нь босоо удирдлагатай. Засаг дарга ажил үүрэг өгөх гэдэг, нөгөөдүүл нь дургүйгээ хүрвэл хийхгүй, дураа хүрвэл хийсэн болоод өнгөрдөг. Хэдийгээр суманд үйлчлэх ёстой, сум удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэгтэй ч цалин тушаал нь дээрээсээ шийдэгддэг учраас удирдах, удирдуулах ёс, дүрэм журам дээр зөрчил гарах үе бий. Энэ асуудлыг сумын засаг даргаар ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа бүх хүн хэлнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай холбоотойгоор 300 гаруй хуульд өөрчлөлт орох ёстой. Тэгвэл энэ асуудлыг дээрх хуулийн хүрээнд шийдэх боломжтой гэж харж байна. Нэгэнт тухайн сумын ард иргэдэд үйлчилж байгаа төрийн албан хаагчийг сумын засаг дарга удирдлага, зохион байгуулалтаар хангаж байгаа бол хариуцлага нэхдэг, тооцдог байх тогтолцоонд шилжих хэрэгтэй.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхлэхээр аймаг, сумын дарга нар маш их мөнгөний эрх мэдэлтэй болох нь, хяналтгүй зарцуулах нь гэсэн шүүмжлэл бас гарч байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

Орон нутагт эдийн засаг, төсөв санхүүгийн боломж нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Тэр хөрөнгийг сумын удирдлагад байгаа хоёр, гуравхан хүн захиран зарцуулахгүй. Хамгийн гол нь иргэд олон нийтийн оролцоогоо нэмэгдүүлж, хяналтаа зөв тавьж чадвал боломж гэж харах хэрэгтэй. Энэ нь ч шинэ хуулиар нээлттэй болж өгсөн. Иргэдийн гаргасан санал санаачилгыг иргэдийн хурлаараа заавал хэлэлцэх ёстой гэсэн эрх зүйн зохицуулалттай болсон.

Нөгөө талдаа сум орон нутгийн удирдлагад байгаа хүмүүс ил тод нээлттэй ажиллах хэрэгтэй. Ер нь тэгээд ирэх жилээс хууль хэрэгжээд ирэхээр хүндрэлтэй асуудлууд гарч ирнэ. Тэр болгонд орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Засаг даргын тамгын газартайгаа, төрийн үйлчилгээний байгууллагуудтайгаа нягтарч, хамтрах байдлаар асуудлынхаа ард гарна даа.

Ярилцсанд баярлалаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 310
159 / 51%
64 / 21%
48 / 15%
25 / 8%
14 / 5%