Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын 8000 гаруй төлөөлөгчийн мэдлэг чадвар дээшилж, үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бэхжлээ

2021-06-28

          УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлсэн “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дээрх үр дүн гарлаа. 2017-2021 онд хэрэгжсэн уг төсөл өнөөдөр хаалтын хурлаа цахимаар хийж, төслийн үр дүнгээ хэлэлцлээ.

“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулахад дэмжлэг үзүүлсэн. Үүний үр дүнд аймаг, сум, баг, нийслэл, дүүргийн хариуцах чиг үүргүүд илүү нарийн, тодорхой болж, төвлөрөл саарч, орон нутагт чиг үүргээ хэрэгжүүлэх төсвийн эрх мэдэл нэмэгдлээ. Тухайлбал цалин хөлс ба түүнтэй адилтгах татвар, газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар зэрэг хэд хэдэн төрлийн татварын орлого сумандаа шууд үлдэхээр болсон.

Түүнчлэн төслийн хүрээнд иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан зохион байгуулах жишиг дэгийг бий болгосноор хуралдааны зохион байгуулалтын чадавх сайжирч, иргэдийн оролцох боломж илүү нэмэгдлээ. 2021 оны тавдугаар сарын байдлаар 21 аймаг, 330 орчим сум иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төслөөс боловсруулсан хуралдааны жишиг дэгийн дагуу өөрсдийн хуралдааны дэгээ шинэчлэн батлан мөрдөж байна.

Төслийн хүрээнд Удирдлагын Академи, “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээтэй хамтран Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд

  • Бүх шатны иргэдийн төлөөлөгчдийг чадавхжуулах суурь сургалт
  • Манлайллын сургалт
  • Эмэгтэй төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт
  • Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт зориулсан сургалт
  • Үндэсний сургагч багш нарын сургалт гээд олон төрлийн сургалтууд зохион байгууллаа.

Төслийн хугацаанд эдгээр сургалтад давхардсан тоогоор нийт хорин мянга орчим төлөөлөгч хамрагдсан. Судалгаанаас харахад дөрвөн жил тутам орон нутгийн сонгуулиар сонгогдож байгаа 8000 гаруй ИТХ-ын төлөөлөгч нарын 60 орчим хувь анх удаа сонгогддог байна. Иймээс төлөөлөгч нарыг чадавхжуулах суурь сургалтыг тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ шаардлага байна. Төлөөлөгчдийг тасралтгүй чадавхжуулах бололцоог бүрдүүлэхийн тулд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Хурлын төсөвт төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлыг тусгана гэсэн заалт орууллаа.

Төслийн хүрээнд ИТХ-ын хяналт, чадавхийг дээшлүүлэх зорилгоор жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарлаж ирсэн. 2017-2020 оны хугацаанд нийт 73 ИТХ, мөн нутгийн удирдлагын чиглэлээр ажилладаг 23 ТББ-д тэтгэлэг олгосон. Тэтгэлэгийн хүрээнд ИТХ-ын үйл ажиллагаанд оролцох эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо нэмэгдсэн, байгаль орчны нөхөн сэргээлт, орон нутгийн төсвийн зарцуулалтад тавих хяналт сайжирсан зэрэг үр олон үр дүн гарлаа.

ИТХ-ын тухай иргэдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, төлөөлөгчдийн сайн туршлагыг дэлгэрүүлэх зорилгоор 21 аймаг, 330 сум, 9 дүүргийг нэгтгэсэн khural.mn сайтыг төслийн хүрээнд бий болгон, идэвхтэй ажиллуулж байна. Тус цахим хуудсыг цаашид ЗГХЭГ хариуцан авч явна.

Сонгогдсон төлөөлөгчдөд дэмжлэг үзүүлэх УИХ-ын тамгын газрын ажилтнуудын чадавхыг сайжруулах чиглэлд “Монгол Улсын ЗЗНДНТУХ-ийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ”, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” зэрэг олон арван бодлогын дүн шинжилгээ, судалгаа, бусад орны парламентын дэгийн талаар ном зэргийг эмхэтгэн гаргаж, хууль тогтоогч, эрдэмтэн, судлаачдын гарын авлага болгохоор өргөн барилаа.

Түүнчлэн УИХ, ЗГХЭГ, ИТХ-ын төлөөлөгчид ХБНГУ, Швейцар, Финланд, Япон, Польш, Словак улсуудад айлчилж олон улсын парламент, нутгийн удирдлагын сайн туршлагын талаар туршлага солилцлоо.

2017-2019 онд зохион байгуулсан сургалтууд, тэтгэлэгт хөтөлбөр, төлөөлөгчдийг чадавхжуулах үйл ажиллагааны үр нөлөөг үнэлэх хөндлөнгийн судалгаагаар төслийн үр дүнгийн ерөнхий үнэлгээ 82 хувьтай гэсэн дүн гарсан байна.

“МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛ

2021 ОН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1263
493 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%