Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 9 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2021-09-30

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2021 оны 09 дүгээр сард 1 удаа хуралдаж 10 асуудал хэлэлцэж 12 тогтоол баталлаа. Үүнд:

1.Арга хэмжээ батлах тухай асуудлыг хэлэлцээд техник технологийн хөгжлийн хурдацтай, цахим эдийн засгийн шилжилт өөрчлөлтийн өнөө үед иргэдийн эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Иргэн та эдийн засагч” арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээр баталлаа.

2.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай хэлэлцээд ”Соёл урлаг хүний хөгжилд” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг “Хангалттай” гэж дүгнэлээ.

3.Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэр өөрчлөх тухай асуудлыг хэлэлцээд ”Хөтөл-Ус” ОНӨААТҮГ-ын нэрийг “Гавшгай-Ус” ОНӨААТҮГ болгон өөрчлөн тогтоолоо.

4.Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцээд Мандал сумын Түнхэл тосгоны Захирагчийн албаны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Цагдаагийн кубоны барилгыг газрын хамт Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанд шилжүүлэхийг зөвшөөрөв.

5.Үндсэн хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай асуудлыг хэлэлцээд Сайхан сумын ЗДТГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, мөн сумын Цагдаагийн хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийг ашиглалтын хугацаа дуусаж, сэргээн засах боломжгүй болсон тул нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахыг зөвшөөрч, худалдах доод үнийг тогтоолоо.

6.Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталлаа.

7.Мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Шаамар сумын малчин Сосорбарамын Лхагвааг “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цолоор шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

8.Боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Сүхбаатар сумын ахмад настан, ахмад багш Чойжилзавын Хайнзанг “Монгол Улсын Гавьяат багш” цолоор шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

9.Боловсролын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Сүхбаатар сумын ахмад настан, ахмад багш Цэвээндоржийн Цэгмэдийг “Монгол Улсын Гавьяат багш” цолоор шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

10.Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн дотор зүрх судасны кабинетийн их эмч Буянтогтохын Цэрэнлхамыг “Хүний гавьяат эмч” цолоор шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

11.Нутгийн өөрөө удирдах байгууллага, хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Жавхлант сумын ахмад настан Дашдоржийн Хэнмэдхэвхүүг “Сүхбаатарын одон”-оор шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

12.Ардын хувьсгалын 100 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн салбартаа амжилт гаргасан зарим хүмүүсийг төрийн одон, медалиар шагнуулахаар уламжиллаа. Үүнд: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 11, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 23, Цэргийн гавьяаны одонгоор 2, Хөдөлмөрийн хүндэт медалиар 79, Цэргийн хүндэт медалиар 1 хүнийг тус тус шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

13.Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ахмадын хороог ахмад дайчин, төр нийгмийн зүтгэлтэн, ахмадын хороог үүсгэн байгуулагч, Зүүнхараа хотын анхны дарга асан  Норовын Намсрайн нэрэмжит болгон тогтоолоо.

 

ХЭЛМЭГДЭГСДИЙН ТӨРӨЛ ТӨРӨГСДӨД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” буюу 2021 оны 09 дүгээр сарын 10-ны энэ өдөр аймгийн төв Сүхбаатар суманд оршин суудаг хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Сүхбаатар суманд хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсдөөс 27 хүн байдгаас цар тахлын нөхцөл байдал, өндөр настны биеийн байдал зэргээс шалтгаалан 15 иргэн уг арга хэмжээнд биечлэн оролцлоо. Арга хэмжээний эхэнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн хохирсон хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн 108 зул өргөн, буяны ном хурууллаа. Мөн хэлмэгдэгчдээ санан дурсах, хүндэтгэх уулзалт ярилцлагыг зохион байгуулж, үдийн зоог барьж, гарын бэлэг гардууллаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд  2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулснаар Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80.0 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40.0 сая төгрөгийн нөхөх олговор тус тус олгохоор тусгасан.

Одоогийн байдлаар энэ заалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн харьяат 43 нэхэмжлэгчдэд нөхөх олговорт 2 тэрбум 84 сая төгрөгийг олгуулаад байна. Үүнийг он тус бүрээр задлан танилцуулбал, 2019 онд 6 нэхэмжлэгчид 281. 0 сая,  2020 онд 34 нэхэмжлэгчид 1.683.0 сая,  2021 онд 3 нэхэмжлэгчид 120.0 сая төгрөгийн нөхөх олговор олгогджээ. Мөн манай аймгаас шүүхийн шийдвэр нь гарч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст уламжлагдсан 24 нэхэмжлэгчийн 1 тэрбум 21 сая төгрөгийн нөхөх олговор хүлээгдэж байна.

 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХЫГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН БАГ

МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих төсөл нь Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжиж Азийн Хөгжлийн банкны бодлого журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих” зөвлөх үйлчилгээний төслийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ХЗДХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газар болон Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн нэгдүгээр шатанд зорилтот орон нутаг /Увс, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотын Налайх, Сонгиохайрхан дүүрэг/ тус бүрээс бизнес хийх, ажил хөдөлмөр эрхлэн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй, суралцах хүсэл тэмүүлэлтэй, оёдолчин, үсчин малчин, тариачин зэрэг тодорхой ажлын туршлагатай эсхүл ур чадвартай, төсөлд оролцох хүсэлтэй 25 эмэгтэйг төслийн оролцогчоор шалгаруулж, хоёрдугаар шатанд төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн зорилтот орон нутаг тус бүрээс 10 эмэгтэйг шалгаруулан төслийн үйл ажиллагааны дараагийн шатны сургалтад хамруулах, бичил тэтгэлэг олгох замаар тэднийг эдийн засгийн хувьд бие даах боломжийг олгох зорилготой юм.

Төсөл хэрэгжүүлэгч багийн гишүүд Сэлэнгэ аймгаас төслийн нэгдүгээр шатанд шалгарсан 25 бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нөхцөл байдалтай танилцан, орчны ажиглалт үнэлгээг хийж байна. Үүний дараа төслийн хоёрдугаар шатанд шалгарсан 10 төсөл /10 эмэгтэй/ тус бүрд 2500 ам.долларын бичил тэтгэлгийг олгож  эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжин ажиллах юм.

 

АЛТАНБУЛАГ СУМЫН ХАЛААЛТЫН ТӨВИЙН АСУУДЛААР НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Халаалтын төвийн үйл ажиллагаа, хувьчлалын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулж өгөхийг хүссэн тус сумын иргэн Ц.Болормаагийн хүсэлтийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хүлээн авч 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сонсголыг цахим хэлбэрээр зохион явууллаа. Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалтыг үндэслэл болгон зохион байгуулсан тус сонсголыг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа даргалан явуулж, оролцогчоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Эрдэнэгэрэл, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга О.Мөнхбаяр, Алтанбулаг сумын ИТХ-ын дарга П.Сарангэрэл, Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогт, Алтанбулаг сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Ж.Сайнцог, нарийн бичгийн дарга Батсайхан, Орон нутгийн Өмчийн газрын дарга П.Эрдэнэсайхан, Аймгийн МХГ-ын мэргэжилтэн Отгонсүрэн, Сэлэнгэ-Энерго ОНӨААТҮГ-ын сумд хариуцсан инженер Г.Отгонсайхан, Алтанбулаг сумын иргэн П.Батсайхан, Алтанбулаг сумын иргэн Ц.Болормаа  нар оролцлоо. Сонсголд ажиглагчаар Сүхбаатар сумын иргэн Ч.Даваадорж, Алтанбулаг сумын иргэн Эрдэнэ-Очир, Батсүх нар оролцсон бол Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөр Миний Монгол телевиз оролцов.

Сонсголд талууд сэдвийн хүрээнд асуудлаа танилцуулан асуулт асууж, хариу тайлбар сонсох замаар дэгийн дагуу үргэлжлэн явагдаж Алтанбулагийн халаалтын төвийг тойрсон элдэв маргааныг нэг тийш болгон, халаалтын улирал эхэлж буй энэ цаг үед сумын иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд тавин хэрхэн шийдвэрлэж болох гарц гаргалгааг хамтран хэлэлцлээ.

Мөн сонсгол зохион байгуулснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн асуудлын талаарх мэдээллийг оролцогч талууд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас илүү дэлгэрэнгүй сонсож, 2021 оны 09 дүгээр сарын 21-нд хуралдах аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%