Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Төсөл хөтөлбөр , төлөвлөлт, эдийн засгийн асуудал эрхэлсэн хороо, мөн хот байгуулалт, байгаль орчин, өмчийн асуудал эрхэлсэн хорооны 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хийгдсэн, гүйцэтгэл удааширч байгаа ажлын явцтай танилцаж эрчимжүүлэх талаар санал солилцлоо.
Уртын гэгээ ОНӨААТҮГ-ын гүйцэтгэж буй тоглоомын талбайн засвар, шинэчлэлийн ажил нь ковид-19 цар тахалын үр нөлөөгөөр БНХАУ-аас ирэх төхөөрөмжүүд хил хаагдсанаар удааширч, ажил төлөвлөгөөний дагуу явахад тодорхой саад учирсан байна. Харин Баруун-Урт хотод хийгдэж буй 84 ширхэг цамхагт гэрэлтүүлэг, 1, 7 дугаар багийн зарим орон сууцны орц засварын ажил, подволь дахь хур хог, лаг зэргийг цэвэрлэх ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. 11 дүгээр сарын эхний хагаст багтаан бүх гэрэлтүүлгийг асаахаар ажиллаж байгаа гэлээ.
Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын хэрэгжүүлэх ажил, үндсэн үүргийн хүрээнд хог тээвэрлэх авто машин шинээр авсан нь ажил урагшилахад дөхөмтэй байгаа хэдий ч парк шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэнийг төлөөлөгчид үзэж танилцлаа. Тус байгууллагын үндсэн үүргийн хүрээнд золбин нохой устгах ажил хийгддэг бөгөөд нохой устгах арга нь галт зэвсэг хэрэглэж байгаа учраас сум олдохгүй хүндрэл учруулж 1 сар орчим нохой устгаагүйгээс золбин ноход ихэссэн гэлээ. Нохой хотын төвд эрчимтэй нэмэгддэг нь хөдөөгийн малчид Баруун-Урт хотод ирэхдээ өөрийн нохойноос гарсан гөлөгнүүдийг хогийн цэгт төөрүүлэх, гудамжинд хаяах зэрэг шалтгаантай гэлээ.