Монгол улс түүхэндээ Үндсэн хуулиа 4 удаа шинэчлэн баталж, 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Өнөөгийн шинэ Үндсэн хууль нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч байсан 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо 2 сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Үүнээс хойш 1999 оны 12 дугаар сарын 24, 2000 оны 12 дугаар сарын 04, 2019 оны 11 дүгээр сарын 14 өдрүүдэд үе үеийн Улсын их хурал эцэг хуулийг засаж сайжруулахыг эрмэлзэж, нэмэлт өөрчлөлтийг оруулж баталсан байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Монгол улсад мөрдөгдөж буй 100 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль юм. Энэ хууль нь орон нутгийн удирдлагын гол хэрэглэдэг хууль байдаг учраас Монголын нутгийн удирдлагын холбооноос улсын хэмжээнд бүх шатны хурлын төлөөлөгчдөд хуулийг хэрэглэх, нэмэлт өөрчлөлт орсон бүлэг, заалтын зохицуулалтын талаар хоёр өдрийн сургалт зохион байгууллаа. Сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид тус сургалтанд 80 орчим хувьтай хамрагдаж хуулийн талаарх ойлголтыг бүрэн авсан байна.