Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ОРОН НУТАГ ДАХЬ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХОТ ТӨЛӨВЛӨЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2021-12-20

         Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Орон нутаг дахь бүтээн байгуулалт, хот төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг Төв аймагт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн иргэдийн Хурлын Төлөөлөгчид болон хурлын ажлын албаны албан хаагчид оролцов.

        Төслийн баримт бичигт яам, агентлаг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын түвшинд сэдэвчилсэн асуудлаар хурал, хэлэлцүүлэг, бодлогын яриа хэлэлцээ зохион байгуулахаар тусгагдсаны дагуу Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон  зарим яам, агентлагийн холбогдох нэгж хамтран хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хэлэлцүүлэгт “Төвийн бүсийн хөгжлийн төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн хэтийн төлөв” сэдвээр Үндэсний хөгжлийн газрын Дэд дарга Б.Дөлгөөн, тус газрын ахлах мэргэжилтэн  Х.Эрдэнэбулган илтгэл хэлэлцүүлж, оролцогч нартай санал солилцсон бол “Төв аймгийн нутаг дэвсгэрт байгуулах дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлт” сэдвээр Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат мэдээлэл хийлээ. 

          Үргэлжлүүлэн, “Төвийн бүсийн аялал жуулчлалын  хөгжил, анхаарах асуудлууд” сэдвээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Богдхан” төмөр замын төслийн талаар  Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөл мэдээлэл хийсэн бол “Хөгжлийн түүчээ-Төв аймаг-2024” хөгжлийн хөтөлбөрөө Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар танилцуулсан юм.  
Мөн ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчлэн найруулсан  хуулийн шинэлэг зохицуулалтын талаар болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, иргэний оролцоог хангах асуудлаар эрдэмтэн судлаач, албаны хүмүүсийн танилцуулга, мэдээллийг сонсож,  харилцан ярилцлаа.  


         Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар болон эдгээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын тухай, орон нутгийн төсвийн шинэчлэлийн тухай, төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа зарим бүтээн байгуулалт, цаашид анхаарах зүйлийн талаар танилцуулж, оролцогчдын асуултад хариулсан юм.

         Энэхүү хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон, бүтээлч шинжтэй, ажил хэрэгч уур амьсгалтай болж байгааг оролцогсод үнэлсэн бөгөөд Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ийм төрлийн хэлэлцүүлгийг бусад аймаг, орон нутагт хийхээр төлөвлөж байгаа ажээ.
    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%