Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ахмад механикжуулагч Пунцаг-Осорын Наранцогт танд Монгол Улсын “Гавьяат механикжуулагч” цол тэмдгээр шагнагдсанд Сэлэнгэ түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе.
П.Наранцогт 1976 оноос Атрын II аяныг дэмжин төрж өссөн нутагтаа өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ буюу Зэлтэрийн САА-д трактор-комбайнчаар ажиллаж эхэлжээ. Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед Товхон хан ХХК-ийн 7-р бригадад буюу өөрийн хуучин ажиллаж байсан хамт олонтойгоо газар тариалангийн үйлдвэрлэлийн хүнд үе, байгаль цаг уурын хэт дулаарлаас үүссэн ургац алдах нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж хөрс хамгаалах, зурваслан тариалах, тэг элдэншүүлэх арга технологийг хэрэгжүүлэн тариалалт, хортон ургамалтай тэмцэх ажил, уринш боловсруулалтыг сайн дүнтэй хийж ажилласнаар нэгж га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн аж ахуйн нэгж, сумандаа тэргүүлэн ажиллаж байв.
П.Наранцогт 2010 оноос Өгөөж дэлхий ХХК-д трактор комбайнчаар ажиллан ээлжлэн тариалалтын сэлгээнд өөр тарималыг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг сайжруулан, техникийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, ангилан хадах, цайруулах, шууд хураах ажиллагааг агротехнологийн зохистой хугацаанд хийж гүйцэтгэн, га-гаас авах ургацыг нэмэгдүүлэн хүн амын хүнсний бүтээгдэхүүний түүхий эд, дотоодын үйлдвэрлэлд чанартай улаан буудайгаар хангахад тариаланч хүнийхээ эрхэм нандин үүргээ гүйцэтгэж яваа арвин баялаг туршлагатай ахмад тариаланч, шилдэг механикжуулагч билээ.