Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, АЙМАГ, СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

2022-01-11

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолоор Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц, аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг баталсан байна.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
 
2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр   Улаанбаатар хот
Дугаар 376

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ,
АЙМАГ, СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ
ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 54.2, 54.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тооноос хамааруулан Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 8, Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 10, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 12 хүртэл орон тоотой байхаар тус тус тогтоосугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заасан сумд (аймгийн төвийн болон 6000-аас дээш хүн амтай)-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 4 хүртэл, бусад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 3 хүртэл байхаар тогтоосугай.

3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь дарга, 2 хүртэл хэлтэстэй байна.

4. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны цалингийн санг тогтоохдоо “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол, “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолыг тус тус мөрдөж ажиллахыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

5. “Аргачлал батлах тухай” Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор баталсан аргачлалын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны чиг үүргийн шинжилгээг хийж, чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөмж болгосугай.

6. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

7. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ

 

https://old.legalinfo.mn/law/details/17053?lawid=17053

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%