Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Шим ус ОНӨААТҮГ-тай хамтран “Төлөөлөгчдийн өдөр”-ийг өнөөдөр /2022.02.15/ зохион байгууллаа.
“Төлөөлөгчдийн өдөр”-т аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ-ын удирдлагууд, Орон нутгийн өмчийн газар, “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын удирдлага, инженер, мэргэжилтнүүд оролцлоо.
Тус арга хэмжээний эхэнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон оролцогчид хөтөлбөрийн дагуу “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын Цэвэр усны станц, Өргөлтийн станц, Ундны усны 2-р эх үүсвэрийн зураг төсөв байршил, Бохир ус дамжуулах станц, Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Үүний дараагаар “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны тайлан, мэдээлэл, цаашдын зорилтын тухай болон 2021 оны санхүүгийн үйл ажиллагааны тайлан мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд танилцуулсан юм.
"Шим-Ус" ОНӨААТҮГ нь улсын болон орон нутгийн төсвөөр, мөн байгууллагынхаа нөөц боломжуудыг ашиглан шугам сүлжээ, техник, технологийн шинэчлэлтийн ажлыг хийж, сүүлийн 2 жилийн хугацаанд өр авлагаа барагдуулан ашигтай ажиллаж байгаа гэдгийг тус газрын санхүүгийн албанаас онцолж байлаа.
Ховд аймгийн НААҮ-ний “Шим-Ус” ОНӨААТҮГ нь анх 1950 онд “Нийгмийн хангамжийн товчоо” нэртэйгээр байгуулагдан эх сууриа тавьж, 1971 онд НААҮ-ний газар, 1997 оноос “Шим-Ус” компани, 2007 оноос Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон ажиллаж байна.
Тус газар нь Жаргалант сумын хүн амын тав тухтай амьдрах, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө аймаг, орон нутгийн тогтвортой хөгжлийн бодлого, үзэл баримтлалыг хэрэгжүүлэн ажиллаж жилдээ 1,8 сая шоо метр цэвэр ус олборлон түгээж, 1,6 сая шоо метр бохир усыг татан зайлуулж цэвэрлэж байна.
“Шим-Ус” ОНӨААТҮГ нь 2021 онд Жаргалант сумын 120 мянга гаруй хүнд халуун усаар үйлчилж, 3917 орон сууцны засвар үйлчилгээний дуудлагыг барагдуулж, 209 гаруй аж ахуйн нэгж, төсөвт газарт, мөн нийтийн орон сууцанд амьдарч байгаа 5800 гаруй айл өрхийг ундны болон ахуйн хэрэглээний цэвэр усаар ханган бохир усыг нь татан зайлуулж, 225 м3 хуурай хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээг үзүүлэн ажилласан байна.
Мөн 2021 онд нийт 51 ажил хийхээр төлөвлөж 98%-ын биелэлттэй ажиллан техник, технологийн шинэчлэлтийг хийж чаджээ. Ингэснээр Орон сууц засварын багийг диспитчерийн алба болгон өргөтгөж тусгай зориулалтын машин механизм, шугамын болон дуудлагын слесариудад GPS суурилуулснаар ажлын бүтээмж нэмэгдэж үр ашиггүй зардлыг бууруулж хяналт тавин ажиллаж байгаагаас гадна бүх обектуудад камер суурилуулан автомат системд шилэн кабелиар холбон “СКАДА” хяналт удирдлагын системийг үйл ажиллагаандаа хэрэглэж эхэлсэн байна.
Цаашид Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Ховд хотын ундны усны 2 дахь үүсвэрийг шинээр судалж төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр өсөн нэмэгдэх хэрэглээ буюу Ховд Агро Парк төсөл, Үйлдвэр технологийн парк, Залуус хороолол, шинээр төлөвлөсөн 1000 айлын орон сууц, ААНэгжид олгосон оффисын болон үйлчилгээний төв, сургууль цэцэрлэгийн барилгууд, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбогдсон айл өрхүүдийн ундны усны эх үүсвэрийг илүү найдвартай тасралтгүй ажиллагаатай болгох зорилготой юм.
“Төлөөлөгчдийн өдөр”-ийг зохион байгуулж, төлөөлөгчид тухайн байгууллагын үйл ажиллагаатай биеэр очин танилцсанаар бодлого шийдвэр гаргах, төсөв батлахад чухал ач холбогдолтой ажил юм.