Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Гурванбулаг сумын ИТХ-ын сайн туршлага

2022-03-03

БУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН САЙН ТУРШЛАГААС

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, “Монфемент үндэсний сүлжээ” ТББ хамтарсан “Монгол Улсын төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдийн сургалтад ИТХ-ын нарийн бичгийн даргаар ахлуулсан сумын ИТХ-ын 9 эмэгтэй Төлөөлөгчдийг бүрэн хамруулж орон нутгийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах талаар, УИХ-аас баталсан хууль тогтоомж, орон нутгийн хурлын байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх талаар болон орон нутгийн төсөв, санхүү, багаар ажиллах, манлайллын ур чадвар, түүнийг хэрэгжүүлэх арга барил, үр дүнгийн талаар зэрэг асуудлуудыг нарийн зохион байгуулалттайгаар хүргэснийг эмэгтэй Төлөөлөгчид орон нутгийн хурлын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй, үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн Булган аймагт зохион байгуулагдсан “Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг чадваржуулах нь” сэдэвт сургалтад сумын ИТХ-ын 7 Тэргүүлэгчид бүрэн хамрагдсан бөгөөд үүнээс 3 нь эмэгтэй Тэргүүлэгч байдаг.

САЙН ТУРШЛАГА-1:“ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ ГҮҮР БАРИХ”

Тус сумын Хөгнө багийн иргэдээс дээрх газарт гүүр барих талаар сум, багийн удирдлагад удаа дараа санал ирүүлж байсан бөгөөд шийдвэрлэгдэхгүй 3 жил болсон байна. Иймд сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Даваажав иргэдийн уг санал гомдлыг шийдвэрлэж, орон нутгийн чанартай гүүр барих санаачилгагыг гарган, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад удаа дараа албан бичиг хүргүүлж, зохион байгуулалтын ажлыг хийснээр Булган аймгийн Замын сангийн хөрөнгөөс 1.8 сая төгрөг, Модун хан группийн захирал Д.Хишигжаргалын хандив 10 сая төгрөг нийт 11.8 сая төгрөгийн эх үүсвэрээр Хөгнө багийн нутаг Тарна голын Гацаагийн гарам дээр  аж ахуйн аргаар орон  нутгийн чанартай гүүр барьж, ашиглалтад оруулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн тэдний амьдрал ахуйд бодит үр өгөөжөө өгсөн ажил боллоо.           

САЙН ТУРШЛАГА-2:  “ДАРХАН БЭРИЙН МИШЭЭЛ”

Сумын ИТХ-аас иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангахад анхаарч ажиллаж байдаг билээ. Нийгмийн хамгийн жижиг хэсэг боловч улсын хөгжлийн хамгийн чухал үндэс суурь нь болсон гэр бүлийн асуудалд нийгмийн анхаарлыг хандуулж, гэр бүлийн хөгжлийг бүхий л талаар дэмжиж, өвөг дээдсийн маань баримталж ирсэн хүн чанарын үнэт зүйлс, нутаг ус байгаль дэлхий, хүн зон, бие биесээ гэсэн халуун сэтгэлийг хадгалан үлдээх, хүний хөгжлийн зөв хандлагыг эрхэмлэх үзэл санааг иргэд, хүүхэд, залуучуудад ухамсарлуулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хуралдаанаар “Гэр бүлийн өдөр”-ийг  ИТХ-ын ивээл дор жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэн ажиллаж байна.

Сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Даваажавын саналыг дэмжиж сумын ИТХ-ын ажлын алба, Ахмадын холбоо, Соёлын төвтэй хамтран “Дархан бэрийн мишээл” арга хэмжээг сумын Соёлын төвд 2018 оны 05 сарын 14-ний өдөр зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээний үеэр 3 хүү төрүүлж, өсгөсөн 21 "Дархан ээж"-ийг тодруулж “Дархан ээж” өргөмжлөл, тууз гардуулан өгч "Дархан бэрийн мишээл" баярын цэнгүүний арга хэмжээг зохион байгууллаа. “Дархан бэрийн мишээл” арга хэмжээ нь сумын иргэдээс авсан санал асуулгаар 2018 оны иргэдийн талархлыг хүлээсэн 10 ажлын нэг болсон байна.

САЙН ТУРШЛАГА-3: “ХАЙРГА АВАХ ГАЗРЫГ ТОГТООХ ТУХАЙ”

Суманд ганц байдаг мал, амьтны ундаа болсон Тарна голын ай сав газрыг хамгаалах, бохирдохоос хамгаалах, урсцад нь нөлөөлж болох хор уршгаас хамгаалах зорилгоор уг голын эргээс хайрга авч замбараагүй ашиглаж байгаа асуудлыг зохицуулж, нөхөн сэргээлтийг хийх тухай асуудлыг сумын ИТХ-ын Төлөөлөгч Ц.Даваажав  ИТХ-ын 6 дугаар хуралдаанд оруулж хэлэлцүүлснээр дэмжигдэж, “Тарна голын зүүн гүүрний хойд талд, голын эргээс 50 метрийн зайд, заасан газраас хайрга авах тухай  шийдвэр гарган мөрдөн ажиллаж байна. Мөн ИТХ-ын төлөөлөгч Ц.Даваажав нь уг тогтоолыг хэрхэн  хэрэгжүүлж байгаа талаар сумын Засаг даргад асуулга тавьж биелэлтийг нь тооцон ажиллаж байна.

САЙН ТУРШЛАГА-4:  “МЭДЭЭЛЛИЙН БОГЦ”

Сумын ИТХ-ын байгууллага нь хүн амаа төлөөллөн шийдвэр гаргадаг төлөөллийн байгууллагын хувьд хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхийн тулд иргэддээ тэдний өмнөөс гаргасан шийдвэрүүдийг хүргэх, хууль тогтоомж, дүрэм, журмыг тайлбарлан таниулах,  иргэдийн дуу хоолой, санаа бодлыг судлан ажиллах шаардлагатай байдаг билээ. Мөн сумын хөдөөгийн малчид иргэд орон нутгийн мэдээ мэдээллийг амнаас ам дамжсан хэлбэрээр хүлээн авч бодит мэдээлэл тэр бүр шуурхай хүрч чаддаггүй сул талтай байдаг. Иймд орон нутгийн мэдээ мэдээллийг үнэн зөвөөр иргэдэд хүргэх, ИТХ-ын төлөөлөгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, төр, иргэний эргэх холбоог сайжруулах, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Дэлгэр, С.Хорлоо, Ч.Лхагвасүрэн нар “МЭДЭЭЛЛИЙН БОГЦ” ажлыг санаачилан ажиллуулсан нь ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдийн сайн туршлагууд” номонд хэвлэгдэж, 21 аймаг 360 суманд хүргэгджээ.

Баг бүрд 2 мэдээллийн богц ажиллуулах бөгөөд нэг богцонд иргэдэд хүргэх мэдээллийн хавтас, тэдний санал хүсэлт, гомдлыг хүлээн авах санал хүсэлтийн дэвтэр байх бөгөөд богцыг улиралд нэг удаа ИТХ-ын ажлын албанд хүлээн авч иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж хариу хүргүүлж байхаар журмалсан болно. Мөн тухайн мэдээллийн богцоор иргэдэд хүргэх мэдээ мэдээллийг бүх төвшний хүн уншаад ойлгохуйцаар  сонины мэдээ, мэдээллийн хэлбэрээр бэлтгэгдэж орон нутгийн иргэдэд хүрж байгаагаараа онцлог юм.

Мэдээллийн богц ажиллуулж дараах үр дүнд хүргэхээр зорин ажиллаж байна. Үүнд:

Ø  Иргэн бүрийн дуу хоолойг сонсож, төрийн ямар үйлчилгээ хэнд шаардлагатай байгааг тодорхойлж, төрийн үйлчилгээний шуурхай, үр дүнтэй байдлыг хангах

Ø  Төлөөллийн байгууллага болон иргэд хоорондын харилцан уялдаа бүхий хоёр урсгалтай мэдээллийн үр дүнтэй байдлыг хангах, эргэх холбоог бүрдүүлэх

Ø  Иргэдийнхээ анхдагч, өмгөөлөгч, зөвлөгч, холбогч гүүр болон ажиллаж, засаг захиргааны болон төрийн байгууллагатай орон нутгийн асуудлаар харилцахад иргэдэд туслах

Ø  Хууль тогтоомж, дүрэм, журмууд болон аймаг, сумын ИТХ, Засаг даргын шийдвэрүүдийг олон нийтэд таниулах, сурталчлан ойлгуулах

Ø  Орон нутгийн иргэдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, засаглалын үйл ажиллагаанд оролцох талаар иргэдийг чадавхижуулах, эрх мэдэлжүүлэх

Ø  Шийдвэр гаргах төвшинд иргэдийн оролцоог хангах

Ø  Орон нутгийн хөгжил дэвшил, төрийн үйлчилгээний чанар байдлын талаар иргэдийн санаа бодлыг судалж, ИТХ-с боловсруулах бодлого, төсөв, стратеги, ажил үйлчилгээг боловсруулах, хянах, үнэлэхэд хувь нэмэр оруулах

Ø  Иргэдийг орон нутгийн үнэн зөв, бодитой мэдээллээр хангаж, төрийн үйлчилгээний ил тод нээлттэй байдлыг хангах

 САЙН ТУРШЛАГА-5:  

“ГУРВАНБУЛАГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 2018 ОНЫ ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ДҮНГИЙН ТУХАЙ ИТХ-ЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛАХ”

Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасан бүрэн эрх болон ИТХ-ын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор “Сумын Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, санал дүгнэлт боловсруулах” ажлыг сумын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдийн санаачлагаар хийж хэрэгжүүлсэн билээ.

Суманд ажиллаж буй төрийн байгууллагуудын 2016-2020 онд ямар ажил хийж, ямар үр дүнд хүрсэн байхыг тусгасан  4 жилийн гол бичиг баримт бол сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр бөгөөд үүний хэрэгжилтийг сумын Засаг дарга жил бүр ИТХуралдаанаар тайлагнадаг. Гэвч сумын Засаг даргын Тамгын газраас дүгнэж оруулж ирсэн дүн нь хэт өндөр дүнтэй дүгнэгдсэн байдаг бөгөөд, сумын ИТХ-ын Төлөөлөгчид тэр оруулж ирсэн цаасаар л дүгнэх болдог. Иймд сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр хөрсөн дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг бодитой дүгнэж хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд сумын Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 59 зорилтын 208 арга хэмжээний хэрэгжилтийн дундаж 65.5% буюу Тодорхой үр дүнд хүрсэн гэсэн дүн гарчээ.

            Харин Засаг даргын Тамгын газраас дүгнэж оруулж ирснээр сумын Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 59 зорилтын 208 арга хэмжээний хэрэгжилтийн дундаж 89% буюу үр дүнтэй гэсэн дүнтэй байжээ.

            Иймд иргэдийн өмнөөс шийдвэр гаргадаг байгууллага болох сумын ИТХ нь хяналт шалгалт хийх нь чухал ач холбогдолтой юм гэсэн үр дүнтэй байна.

 

ГУРВАНБУЛАГ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%