2021 онд Ховд аймгаас Улсын аварга тариаланч 3 шалгарсан. Түүний нэг бол Жаргалант сумын Наран багийн тариаланч Лувсандоржийн Баттогтохын гэр бүл юм. Тэрбээр газар тариалангийн салбарт сүүлийн 17 жил ажиллаж, иргэдийг эрүүл аюулгүй, экологийн цэвэр хүнсээр хангахад үнэтэй хувь нэмэр оруулан явна.
Улсын аварга тариаланч Л.Баттогтохынх Дөрвийн газарт төмс, хүнсний ногоо тариалж, хөрс боловсруулалтыг агротехникийн горимын дагуу явуулж, хөрсний үржил шимийг сайжруулан сэлгэн тариалалтыг тогтмол хийсний үр дүнд га-аас авах ургацын хэмжээг жил бүр нэмэгдүүлж жилд дундажаар 50-60 тн ургац хураан авч зах зээлд нийлүүлдэг байна.
Мөн 2016 оноос хойш хашаандаа 6*20 харьцаатай 2 хүлэмж байгуулж чинжүү, помидор, сонгино, салат навч, бууцай, яншуй, гоньд зэрэг нарийн ногоог тариалж төрөл зүйлийг нь нэмэгдүүлсээр байна.
Ийнхүү орон нутгийнхаа үржил шимт хөрсөнд олон нэр төрлийн хүнсний ногоог тариалан газар тариалангийн салбарт үр бүтээлтэй ажиллаж “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар шалгарсан Л.Баттогтох, гэргий Б.Долгорсүрэн нарт халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.