Баруун-Урт сумын ИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаан өнөөдөр хуралдлаа. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хуульд нийцүүлэн сумын ИТХ-ын ажиллах зохион байгуулалтыг хэлэлцэж, ИТХ-ын зөвлөлийг шинээр байгууллаа. Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор ИТХ-ын тэргүүлэгчид ажиллахгүй болж, түүний оронд ИТХ-ын зөвлөл ажиллахаар хуульд тусгагдсан юм. Зөвлөл нь сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд 7 хүний бүрэлдэхүүнтэй, ИТХ-ын дарга тэргүүлэхээр заагджээ. 2022 онд ИТХ-ын зөвлөлд ажиллах төлөөлөгчдөөр ИТХ-ын дарга Т.Ихбаяр, төлөөлөгч А.Адъяасүрэн, С.Уртнасан, М.Мөнхтулга, Г.Идэрмөнх, Г.Мөнгөнбаяр, Э.Мягмардорж нар сонгогдлоо. Мөн хэлэлцэх асуудлын дарааллын дагуу сумын ИТХ-ын төлөөллийн байгууллагын гишүүнээр Б.Батбаатар сонгогдлоо. Хурлаар нийт 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд Баруун-Урт сумын харъяа төсөвт байгууллагууд, Амьжиргаа дэмжих зөвлөл, Хамтарсан багийн тайлан, төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.