Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН МАЛЧИН ЦБАТСАЙХАН Ц.ЛХАГВАСҮРЭН НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ БОЛЛОО

2022-03-28

Буурал хайрхан цаст Цамбагарав уулынхаа өвөр, Хатан Ховд голынхоо хөвөөгөөр малаа маллаж Галдан хааныхаа галыг манан, буурийг сахин суугаа Эрдэнэбүрэнчүүдийн хувьд 2021 он амжилт бүтээл арвинтай, малчин түмэн нь мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөсөн сайхан жил болон өнгөрч байна.
 
2021 онд гаргасан амжилтаараа малчин түмнээ хошуучилж аймгийн хошой аварга малчин 1, аймгийн аварга саальчин 1, аймгийн аварга малчин 5 шинээр төрөн гарчээ.
Аварга малчин саальчны шагнал гардуулахаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Ховд аймаг дахь Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөлийн дарга Б. Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг /2022.03.28/ тус суманд ажиллалаа.
 
Аймгийн аварга малчны болзол ханган шагналаа гардан авсан эхний малчных тус сумын Баянгол багийн малчин Ц.Батсайхан Ц.Лхагвасүрэн нар байлаа. Малчин Ц.Батсайханых сумын төвөөс 20 гаруй км-ийн зайтай Улиастайн голын Цагаан гатлага хэмээх газар хаваржиж байна.
 
Малчин Ц.Батсайхан эцгийн голомтоос өрх тусгаарлан айл болсон цагаас эхлэн мал малласнаас хойш тасралтгүй 32 жил буянт мал сүргээ маллан, өсгөн үржүүлж, мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа тэрүүний сайн малчдын нэг гэдгийг сум багийн удирдлагууд онцолж байсан юм.
Мал сүргээ нутгийн онцлогт тохируулан, бэлчээрийг улирлын хуваарьтай ашиглаж заншсанаар байгаль, цаг агаарын хүнд үе, ган зудад мал сүргээ хорогдолгүй маллан, сүүлийн 5 жил дараалан мянга дөхсөн мал тоолуулан, мал сүргээ үр төлөөр нь өсгөж байна.
 
Энэ өрх айл 2017 онд сумын аварга малчин өрхөөр шалгарч байсан бол ийнхүү 4 жилийн дараа өмнөх амжилтаа бататган аймгийн аварга малчин болж байна.
Малчин Ц.Батсайханы хот айл энэ хавар 100 яамаа 200 хонь, 15 үхэр төллүүлж 300 гаруй төл мал хүлээн авна. Малын тарга хүчийг алдагдуулахгүй онд мэнд сайн оруулах чухал хүчин зүйлээс гадна хадлан бэлтгэх, отор нүүдэл хийхэд ихээхэн анхаардаг байна. Тиймдээ ч малчин Ц.Батсайханых жилдээ 2-3 удаа отор нүүдэл хийж хамгийн холдоо 200 гаруй км газарт оторлон өвсний сөл, усны тунгалгийг даган нүүдэллэж хэвшжээ.
 
Мөн сүргийн бүтцийг сайжруулан нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд малчин Ц.Батсайхан идэвх санаачилгатай ажиллаж Дарви сумаас Сутай чиглэлийн хуц авч ирж сүрэгтээ оруулснаар мал сүргийнхээ чанарыг сайжруулж чадсан байна.
Тооноос илүү чанарыг эрхэмлэдэг болсон малчин өрхийн тухайд цаашид махны чиглэлийн эцэг мал, сүү, ноос, ноолуурын чиглэлийн сайн үүлдрийн малаар сүргийн бүтцээ сайжруулахаар судалгаа хийж байгаа гэдгээ ч хэлж байлаа.
 
Тэд хоёул малч удамтай. Гэргий Ц.Лхагвасүрэнгийн аав Эрдэнэбүрэн сумаас төрөн гарсан анхны улсын алдарт уяач. Мөн МУ-ын гавьяат тамирчин Ц.Энхжаргал бол малчин Ц.Лхагвасүрэнгийн төрсөн дүү гэдгээр нутгийнхан нь андахгүй.
Ийнхүү төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн аймгийн аварга малчнаар шалгарсан аваргууддаа халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%