ЗҮҮН БҮСИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Зүүн бүсийн сумдын Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчдын уулзалт, зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат болон Баянжаргалан, Гурвансайхан, Говь-Угтаал, Дэрэн, Өндөршил, Өлзийт, Цагаандэлгэр зэрэг долоон сумын Засаг даргын Тамгын газрын 141 төрийн албан хаагч оролцов.
Зөвлөгөөнөөр төрийн албанд мөрдөгдөж буй хууль тогтоомж, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, Засаг захиргаа түүний нэгжийн тухай хуулийн өөрчлөлтүүдийн талаар танилцуулж, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах, чадавхжуулах тал дээр ямар боломж байгаа талаар гарц гаргалгааг зөвлөлдсөн байна. Энэ үеэр орон нутгийн төрийн захиргааны байгууллагын чадавхыг бэхжүүлэх тал дээр тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр болж батламжийг гардуулсан юм. Мөн аймгийн “Хүндэт тэмдэг”, Засаг даргын “Жуух бичиг”-ээр үүрэгт ажилдаа идэвх санаачилга гарган ажилласан төрийн албан хаагчдын шагнан урамшуулав.
Түүнчлэн зөвлөгөөнд оролцогч сумдын удирдлагууд өөрсдийн хийж, хэрэгжүүлж буй онцлох ажил, шинэ санал, санаачилгыг танилцуулж, туршлага солилцлоо. Өндөршил сум нь түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон нутаг судлах музейгээ өөрийн гэсэн байртай болгон тохижуулж, үзмэрүүдийг дэлгэн тавьсан бөгөөд Зөвлөгөөний эхний өдрийн төгсгөлд зөвлөгөөнд оролцогчид музейгээр зочилсон юм.
Зүүн бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн хоёр дахь өдрөө спортын уралдаан тэмцээнээр үргэлжилж, волейбол, теннис, шатар гэсэн гурван төрлөөр оюун ухаан, хурд хүчээ сорин өрсөлдлөө.