Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НУТГИЙН УДИРДЛАГЫН ЭРХ ЗҮЙ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2022-04-22

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Нутгийн удирдлагын эрх зүй хичээлийн загвар сургалтын хөтөлбөр боловсруулах хэлэлцүүлэг энэ сарын 21-ний өдөр боллоо.

Хууль, эрх зүй болон төрийн удирдлага, захиргааны чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, Дотоод хэргийн их сургууль, Удирдлагын академи, Шихихутаг, Отгонтэнгэр,  Их засаг, Орхон, Этүгэн зэрэг 20 сургуулийн захиргааны эрх зүй, нутгийн удирдлагын эрх зүйн хичээл заадаг багш нар хэлэлцүүлэгт оролцжээ.

Хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн, мөн газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар нар удирдан явуулсан бөгөөд Дэд дарга У.Бямбасүрэн нээж хэлсэн үгэндээ шинээр боловсруулах хөтөлбөр нь шинжлэх ухаанч, үр өгөөжтэй, агуулгаа бүрэн хамарсан, олон улсын жишигт нийцсэн, онол практикийг хослуулсан байхад анхаарах хэрэгтэй. Хуулийн болон төрийн захиргааны сургуулийг төгссөн оюутнууд төрийн албанд, орон нутгийн захиргааны байгууллагад илүүтэй ажилладаг. Эдгээр албан хаагчдаа бид системтэй, жигд, чанартай бэлтгэж чадварлаг албан хаагч болгохын тулд жишиг буюу загвар сургалтын хөтөлбөртэй болох нь чухал байна” гэсэн юм.

Хөтөлбөрийн дагуу МУИС-ийн ахлах багш Д.Ганзориг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн үзэл баримтлал, “Нутгийн удирдлагын эрх зүй” хичээлийн сургалтын хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлагын тухай мэдээлэл хийж хэлэлцүүлсэн бол Удирдлагын академийн Сургалын албаны дарга Я.Бямбаяр, Шихихутаг хууль зүйн дээд сургуулийн багш Б.Батнасан нар өөрсдийн сургуулиудад ордог Нутгийн удирдлага хичээлийн хөтөлбөрөө танилцуулж, харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

 “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх” төслийн баримт бичигт “Орон нутгийн засаглалын сургалтын загвар хөтөлбөр боловсруулж, хуулийн сургуулиудад нэвтрүүлнэ” гэж заасны дагуу хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгийн дагуу загвар хөтөлбөрийн төслийг боловсруулан, багш нар дахин ярилцаж, холбогдох газраас санал авсны үндсэн дээр эцэслэн батлаад, улмаар өөр өөрсдийн сургуулиудад нэвтрүүлэх аж.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%