Өнөөдөр /2022.04.24/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улаан Загалмайн хорооноос Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойн хүрээнд, Олон Улсын Улаан Загалмайн өдөр, Монголын Хүмүүнлэгийн өдрийг угтан ЕБС-ийн өсвөрийн улаан загалмайн гишүүдийн дунд хүүхэд залуучуудыг хүмүүнлэгийн үйлсэд уриалан оролцуулж, хүнлэг энэрэнгүй үзэл санааг төлөвшүүлэх, тэдний оролцоонд тулгуурлан бодитой хувь нэмэр оруулах, хүүхдүүдийг хөгжүүлэх зорилгоор гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.
Тус арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Улаан Загалмайн хорооны Тэргүүн Б.Мөнхбат нээж, “Сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүмүүнлэгийн үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа нийт хүүхэд, багачууд, өсвөрийн улаан загалмайн гишүүддээ баяр хүргээд, авьяас чадвар, хурд хүчээ сорьж тэмцээндээ амжилт гаргахыг” хүсэн ерөөлөө.
Дүүргийн Улаан Загалмайн хорооноос энэхүү гар бөмбөгийн тэмцээнээс гадна Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд, Олон Улсын Улаан Загалмайн өдөр, Монголын Хүмүүнлэгийн өдрийг угтан:
- Тусгаар тогтнолын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”
- Сайн дурын идэвхтнүүдийн дунд “Бид чадварлаг” спортын өдөрлөг
- Аж ахуйн нэгж байгууллага, сургууль, цэцэрлэгийн ажилтнууд, иргэд, сурагчдад гамшиг ослын үед үзүүлэх анхны тусламжийн тухай сургалт
- ЕБС, СӨБ цэцэрлэгийн ажилтнууд, эцэг эхэд “Ковид-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр цахим сургалт зохион байгуулж, 53 тусгаарлах өрөөнд халдвар хамгааллын ариун цэврийн багц тараах зэрэг үйл ажиллагаануудыг тус тус зохион байгуулаад байна.
Гар бөмбөгийн тэмцээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Улаан Загалмайн хорооны Тэргүүн Б.Мөнхбат, дүүргийн Улаан Загалмайн хорооны дарга Н.Ганчимэг, МУЗН-ийн Хүүхэд залуучуудын багийн ахлагч Б.Мөнхжин, гишүүд, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл оролцлоо.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА