Монгол Улсын их хурал, Засгийн газраас “Цахим үндэстэн” болох, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цомхон, чадварлаг төрийг цогцлоон бэхжүүлж, өрсөлдөх чадвартай бүтээлч иргэдийг бий болгож, дижитал эдийн засгийг хөгжүүлэн, монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний, мэдээллийн аюулгүй байдлын ойлголтыг дээшлүүлж, мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах, цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.
Завхан аймаг энэхүү бодлого, зорилттой нийцүүлэн аймгийн дунд болон богино хугацааны бодлогын баримт бичигт цахим шилжилт, төрийн үйлчилгээг цахимаар хүргэх арга хэмжээнүүдийг тусган үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “И-Монгол Академи”-тай хамтран “ЦАХИМ ЖИШИГ АЙМАГ ЗАВХАН” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр /2022.06.10/ зохион байгуулан, ард иргэдэд төрийн үйлчилгээний шат дамжлагыг хамгийн цөөн үе шаттай, хүнд сурталгүй, шуурхай, ил тод хүргэх зорилгоор “E-mongolia” цахим үйлчилгээний төвийг нээж, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан аймгийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг 50 гаруй нэр төрлийн олон шатлалт үйлчилгээг хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллалаа.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, ЗДТГ-ын дарга Г.Мягмарсүрэн, Улиастай сумын засаг дарга Ч.Наранбат, “И-Монгол Академи”-н ерөнхий админ Б.Батзул нар оролцлоо.
2022 оны 6 сарын 7-8-ны өдрүүдэд Завхан аймгийн иргэд олон нийт, төрийн албан хаагчдад, “И-Монгол Академи”-н ерөнхий админ Б.Батзулаар ахлуулсан ажлын хэсэг цахим ур чадвар олгох, төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар үе шаттай сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.