Монгол төрийн их тахилгат ОТГОНТЭНГЭР хайрханыг магтан дуулсан “ОРОЙН ЧИМЭГ” уртын дууг 1800-аад оны дунд үед амьдарч байсан Завхан аймгийн Отгон сумын уугуул Жав хэмээх ээтгэр Шагдар гэх ардын авьяастан, шилийн сайн эр зохион дуулсан түүхтэй бөгөөд Дилова хутагт Наробанчин гэгээнтэн адис, аравнайгаа шингээж: “Дуулж чаддаг нь дуулж яваарай,дуулж чаддаггүй нь уншиж яваарай” хэмээн захьсан гэгддэг 33 бадаг “Оройн чимэг” уртын дууны өв тээгчдийг шалгаруулах анхдугаар наадмын эхний шатны шалгаруулалт 6 дугаар сарын 11-ний өдөр Улиастай хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө.
“Оройн чимэг” уртын дууны анхдугаар наадмын нээлтийн үйл ажиллагаанд Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан орлогч А.Болормаа, Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат, МУСГЗ, Төрийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж, “Оройн чимэг Этүгэн” НҮТББ-ын тэргүүн Г.Билэг-Өрнөх Завхан аймгийн Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумдын нутгийн зөвлөлийн дарга нар, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ариунаа нар оролцож Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих нээж үг хэллээ.
Наадмын шүүгчээр Уртын дууч, МУГЖ Б.Сарантуяа, уртын дуу судлаач, уртын дуучин М.Дорждагва нар ажиллаж, Улиастай сумаас МУСТА Ж.Оюун, О.Бат-Өлзий, Р.Хашбат, Ардын авьяастан Ч.Пүрэвсүрэн, Б.Баасанхүү Т.Хүрэлбаатар нар хоёрдугаар шатны шалгаруулалтанд оролцох эрхийн бичиг гардан авснаар нэгдүгээр шатанд аймаг сумдын нийт 40 гаруй өв тээгчид шалгарч 2 дугаар шатанд оролцох эрхээ авлаа.
Энэ ажлын гол зорилго нь уг дууны түүх, эх сурвалжийг олж судлах, нутаг нутагт дуулах онцлог ая данг хадгалах, өвлүүлэх, дууны талаарх мэдээллийг түгээх сурталчлах өв тээгчдийг баримтжуулан кино бүтээх, улмаар Дэлхийн соёлын холимог өвд бүртгүүлэхэд чиглэж байгаа юм.