Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдалд хяналт тавих, эрсдэлийг бууруулах, хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор “Нэгдүгээрт хүүхэд” хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зохион байгуулж байна.
Уг төлөвлөгөөт ажил 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Цагааннуур суманд явагдаж сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшил газарт буй тоглоомын талбай, гудамж, талбайд хамтарсан хяналт шалгалтыг хийж байна.
Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар, Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газартай энэхүү төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг хамтран зохион байгуулж байна.