Завхан аймгийн Татварын хэлтэс, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, АНУ-ын Хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “BEST” хөтөлбөр хамтран 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг өөрчлөх, Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох асуудлуудаар санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Завхан аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо. Хэлэлцүүлгийг нээж Завхан аймгийн татварын хэлтсийн дарга Л.Содном Татварын шинэчлэлийн хүрээнд хийгдсэн ажлууд, 2022 оны татварын орлогын гүйцэтгэлийн явцын талаар мэдээлэл хийж, татварын хэлтсийн нягтлан бодогч Б.Мөнхбүрэн Татварын хувь хэмжээний өөрчлөлтийн санал, үүнтэй холбоотой суурь судалгаа болон нөхцөл байдлын шинжилгээг танилцууллаа.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоохдоо үйл ажиллагааны чиглэл, зориулалт, байршил зэргийг харгалзан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг өөрчлөн тогтоохдоо аймгийн хэмжээн дэх нийт тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч иргэдийн сард төлөх албан татварын хэмжээг тогтоохдоо худалдаа эрхлэгч иргэдийн талаарх судалгаа, шинжилгээний ажлыг дахин хийх, энэ төрлийн татвараар орон нутагт орох орлогын судалгааг бүрэн гаргах хэрэгтэй байгааг онцолж, хэлэлцүүлэгт оролцогчдын 100%-ийн саналаар эдгээр татваруудын хувь хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг дэмжлээ.