Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ НАР БОЛОН ДЭД САЙД НАР ХАМТАРСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХАМРАГДЛАА

2022-11-10

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч бөгөөд аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, салбарын Дэд сайд нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг 2022 оны 11 дүгээр сарын 3-4-ны өдрүүдэд боллоо.

Швецарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс зохион байгуулсан уг сургалт, хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга, Төслийн захирал У.Бямбасүрэн, Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар нар удирдан явуулсан юм.

Сургалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн үзэл баримтлалын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал мэдээлэл хийсэн бол Шинэ сэргэлтийн бодлого ба орон нутаг сэдвээр  Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар мэдээлэл хийж оролцогчдын асуултад хариуллаа.

Мөн Стратеги төлөвлөгөө боловсруулах журын тухай, Хуулиар ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, Аймаг, нийслэлийн Засаг даргын чиг үүргийн ангилал сэдвээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээний талаар Засгийн газрын референт С.Нямбаяр, “Төсвийн харилцааны шинэтгэл, орон нутгийн төсвийн удирдлага”, “Төсвийн хяналт, шалгалт, аудит хийхэд анхаарах зарим асуудал” сэдвээр Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр нар сургалт орсон.

“Аймгуудын өрсөлдөх чадварын индекс, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх арга зам”-ын талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн Ерөнхий захирал Б.Лакшми хичээл зааж, оролцогсодтой харилцан ярилцсан юм.

Сургалт, хэлэлццүүлгийн хоёр дахь өдөр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэвшүүлсэн Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хангах, Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурших иргэдийн ажиллах, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний талаар Санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дарга, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай танилцуулга хийв.

Энэ өдрийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Ажлын хэсгийн гишүүдэд болон аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, салбарын Дэд сайд нарт үүрэг даалгавар, тодорхой чиглэл өгсөн нь сургалт, хэлэлцүүлгийг илүү үр дүнтэй болгосон юм.

Үүний дараа Дэд ажлын хэсгүүд мэдээлэл хийж, Засаг даргын орлогч нартай санал солилцлоо. Тухайлбал,

- “Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт” болон “Бүсийн хөгжлийн төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн хэтийн төлөв” сэдвээр Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр;

- Аж ахуйн нэгж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын уялдааг хангах талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг;

- Олон нийттэй ажиллах талаар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр;

- Хууль зүйн орчныг судлах, сайжруулах санал боловсруулах талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Солонгоо;

- Иргэний нийгмийн байгууллага, иргэдтэй ажиллах талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо;

- Төвлөрсөн арга хэмжээ хариуцах дэд ажлын хэсгийн мэдээллийг Соёлын дэд сайд М.Батбаяр нар мэдээлсэн юм.

Сургалт, хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогсдыг бүсчилсэн байдлаар баг болгон хуваан ажиллуулж, багаар ажилласан танилцуулгаа бүтээлч байдлаар зураглаж, схемчлэн танилцуулсан нь сонирхолтой боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%