Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2022-11-17

Улсын Их Хурлаас шинээр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль энэ оноос хэрэгжиж эхлээд байгаа билээ. Уг хуулийн 79 дүгээр зүйлд “Нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх, хууль тогтоомжийн төсөл болон орон нутгийн төсөв боловсруулах, нутгийн удирдлагад чиг үүрэг шилжүүлэх, Засгийн газраас нутгийн удирдлагатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах ажиллагаанд Засгийн газартай хэлэлцээр хийх, нутгийн удирдлагын байгууллагын өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээдийн эрх эдлэх төлөөллийн байгууллага байна. Төлөөллийн байгууллагад сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус бүрээс нэг, аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал тус бүрээс хоёр төлөөлөгчийг сонгоно” гэж заасан байдаг.

Нийслэл болон 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас сонгогдсон тус бүр хоёр, сум болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгогдсон нэг төлөөлөгчөөс бүрдсэн энэхүү Төлөөллийн байгууллагыг байгуулах Анхдугаар хуралдаан Төрийн ордонд /2022.11.15/ зохион байгуулагдлаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас санаачлан зохион байгуулсан Төлөөллийн байгууллагын Анхдугаар хуралдааныг нээж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн үг хэллээ.

“Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 401 дүгээр тогтоолоор "Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын дүрэм"-ийг баталж, Анхдугаар хуралдааныг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсөн байна. Төлөөллийн байгууллагын гишүүд нь аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд гишүүний эрх, үүргээ өөрийн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх юм.

Дүрэм ёсоор Төлөөллийн байгууллага нь нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх; Засгийн газартай хэлэлцээр хийх; нутгийн удирдлагын байгууллагын өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах; хууль тогтоомжийн төсөл болон орон нутгийн төсөв боловсруулах, нутгийн удирдлагад чиг үүрэг шилжүүлэх, Засгийн газраас нутгийн удирдлагатай холбоотой асуудлаар шийдвэр гаргахад оролцох чиг үүргийг хэрэгжүүлэх аж.

Хөтөлбөрийн дагуу Төлөөллийн байгууллагын дүрэм болон зохион байгуулалтын талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар танилцуулга хийж, Төлөөллийн байгууллагын үйл ажиллагаа, дүрмийг тайлбарлан таниуллаа.

Үүний дараа Анхдугаар хуралдааныг даргалагчийг сонгох санал хураалтыг хуралдааныг чиглүүлэгч У.Бямбасүрэн зохион байгуулсан бөгөөд санал хураалтад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Алтанзагас нар өрсөлдөж санал хураалт явуулахад 342 төлөөлөгчийн саналаар буюу 89.2 хувийн саналаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан Анхдугаар хуралдааны даргаар сонгогдлоо.

            Хуралдаан даргалагчаас Төлөөллийн байгууллагын дотоод журмыг танилцуулан батлах талаар санал хураалгаж 100 хувийн саналаар дотоод журмаа батлсан юм. Төлөөллийн байгууллага нь бүтэц зохион байгуулалтын хувьд хорооны зохион байгуулалтаар ажиллахаар, хууль болон дүрэмд заасан үндсэн чиглэлээр ажиллах Зөвлөлдөх хороо /40-50 төлөөлөгчтэй/, Гүйцэтгэх хороо /15 төлөөлөгчтэй/, Шүүхэд төлөөлөх хороо /25 төлөөлөгчтэй/-ны  зохион байгуулалтаар ажиллахаар нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.

Дараа нь гишүүнчлэлийн татварын хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэж жилийн татвар нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 5.0 сая, дүүрэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2.0 сая төгрөг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал 300-500 мянган төгрөгийн татварыг жилд төвлөрүүлж байхаар тогтлоо. Ажлын алба бүсчилсэн байдлаар ажиллах 4-5 хүнтэй байх нь зүйтэй гэж үзлээ.

Засгийн газартай хэлэлцээр хийх асуудал батлах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан нийт 31 төлөөлөгч өөрсдийн саналыг хэлж, асуулт асууж, хариулт авсан.  Саналын дийлэнх хувийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, төлөөлөгчдийн урамшуулал, үйл ажиллагааны зардлыг хасахгүй байхад чиглэж байсан болно. Эдгээр асуулт, саналыг нэгтгэхийн зэрэгцээ энэ оны 11 дүгээр сард багтаан Анхдугаар хуралдаанд оролцсон 383 төлөөлөгч өөрсдийн саналыг албан бичгийн худас дээр бичиж албан ёсоор ирүүлэх, ирүүлсэн саналуудыг нэгтгэн хавсралт болгож, Засгийн газарт асуудал уламжлах тухай тогтоолыг хүргүүлэхээр тогтов.

Анхдугаар хуралдааныг хааж хуралдаан даргалагч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ Төлөөллийн байгууллагын Анхдугаар хуралдаан маш амжилттай зохион байгуулагдлаа. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөн 30 жилийн хугацаанд нийт 8 удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгууль зохион байгуулагдсан байна. 361 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8214 төлөөлөгч өнөөдөр орон нутгийн иргэдээ төлөөлөн, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байна. Эдгээр төлөөлөгчдийн төлөөлөл болон ирсэн Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан үе үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Хурлын Ажлын албаны албан хаагчдад Монгол Улсын Үндсэн хууль, Нутгийн удирдлагын 30 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Орон нутгийн иргэдээ төлөөлөх Хурлын Төлөөлөгчийн нэр хүндтэй ажлаа өндөрт өргөж явахыг хүсье гэсэн юм.

Төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдааныг Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс хамтран санхүүжүүлж зохион байгуулсан бөгөөд төсөл хэрэгжих хугацаанд Төлөөллийн байгуулагын үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%