Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХҮНИЙ ЭРХ БА ЖЕНДЭРИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2022-11-18

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний эрхийн Үндэсний комисс, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албатай хамтран “Хүний эрх ба жендэр” сэдэвт сургалтыг нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордонд өнөөдөр /2022.11.18/ зохион байгууллаа.

Энэхүү сургалтад нийслэлийн болон 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль эрх зүй, хүний эрхийн асуудал хариуцсан хорооны дарга, төлөөлөгч, хурлын нарийн бичгийн дарга нар биечлэн оролцсон бол аймаг, сумдын ИТХ-ын хууль эрх зүй, хүний эрхийн асуудал хариуцсан хорооны дарга, төлөөлөгч, хурлын нарийн бичгийн дарга нарын зарим төлөөлөл цахимаар оролцлоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөлөгч, Ажлын албаны албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн энэхүү сургалт юм. Шинээр баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн шинэлэг зохицуулалтын нэг нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хорооны зохион байгуулалтад орж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороо нь  Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангахаар болсон байгаа. Хурлын хороодын үйл ажиллагааг идэвжүүлэх, хурлын хороодын төлөөлөгчдөд чиглэсэн сургалтыг өнөөдрийн сургалт олгож байгаагаар онцлог болж байна” гэсэн юм.

Сургалтын хөтөлбөрийн дагуу Хүний эрхийн ойлголт, Хүний эрхэд суурилсан хандлагын талаар Хүний эрхийн сургалт, сурталчилгааны Хэлтсийн дарга Х.Цэцгээ, Ажлын байрны дарамт хүний эрхийн зөрчил болох нь сэдвээр Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн референт О.Тодбулаг, Жендэрт суурилсан хүчирхийлэл ба ажлын байрны бэлгийн дарамтын талаар Хүний эрхийн Үндэсний комиссын Хэлтсийн дарга Х.Цэцгээ, Орон нутгийн удирдлага ба жендэр сэдвээр Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны зөвлөх Т.Амгалан нар хичээл зааж, төгсгөлд нь Нийслэл, дүүргийн хүний эрх, жендэрийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх гарц, шийдлийн талаар Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул Д.Сүнжид нар сургалтад оролцогсодтой харилцан ярилцлаа.

Багш нартайгаа харилцан ярилцаж, санал бодлоо солилцож, асуух зүйлээ асууж тодруулсан ажил хэрэгч сургалт боллоо гэж сургалтад оролцогсод дүгнэж байсан юм.

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул Д.Сүнжид нар сургалтыг хааж хэлсэн үгэндээ, хүний эрх ба жендэрийн анхан шатны мэдлэг олгох сургалт амжилттай боллоо.  Цаашид, орон нутаг, иргэдийн Төлөлөгчдийн Хурлаас батлан гаргах бодлого, төлөвлөлтөд хүний эрх, жендэрийн асуудлыг хэрхэн тусгах, хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулах, батлах, хяналт тавих талаар ахисан төвшний сургалтуудыг зохион байгуулах хэрэгтэй байгаа. Энэ талаар Жендэрийн үндэсний хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллах болно. Үүнд шат шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамтын ажиллагаа нэн чухал. Тусгайлсан сургалтуудыг хамтраад явуулах бүрэн боломжтой гээд Жендэрийн мэдрэмжтэй улс төрийн манлайлагчид байхыг хүсэн ерөөлөө.  

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%