ЖАПАРХАНЫ СЕЙТМУРАТ / АИХ-ын 77-р тойргийн депутат/ Монгол улсын гавьяат малын эмч, Ж.Сейтмурат 1946 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт төрсөн. 1955-1965 онуудад дунд сургууль, 1965-1970 онуудад Улаанбаатар хотод ХААДС-ийг тус тус төгссөн. Малын их эмч мэргэжилтэй. 1970-1977 онуудад аймгийн Мал эмнэлгийн газарт их эмч, 1977-1997 онуудад Бугат сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, 1997-2007 онд аймгийн мал эмнэлгийн газарт их эмчээр ажилласан. Мал эмнэлгийн салбарт таралтгүй 37 жил ажилласан түүний хөдөлмөрийг төр засгаас үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80 ,90 жилийн ойн медалиуд болон Алтан гадас одонгоор шагнаж байснаас гадна 1983 онд аймгийн Хөдөлмөрийн аварга мэргэжилтэн, 2003 онд оны шилдэг хөдөө аж ахуйн мэргэжилтнээр тус тус шалгарж байсан.
МУХАМЕТХАЛИЙН АЛИП /АИХ-ын 87-р тойргийн депутат/, Монгол улсын Худалдааны гавьяат ажилтан М.Алип 1939 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт төрсөн. 1949-1959 онд бага, дунд сургууль, 1969-1964 онуудад ЗХУ-ын Москва хотын Хөнгөн аж үйлдвэрийн дээд сургуулийг инженер-технологч мэргэжлээр төгссөн. МУИС-ийн УААА-н салбаруудын боловсон хүчний мэдлэг дээшлүүлэх байнгын факультет, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институт, Москва хотноо УААА-н МТХШ, СЭЗ-ийн мэргэжил дээшлүүлэх курст тус тус суралцаж, амжилттай дүүргэсэн. 1965 онд Худалдааны яамны шийдвэрээр Цагааннуур дамжлага баазын экспортын тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, 1966 онд тус баазын орлогч дарга, 1985 оноос Дамжлага баазын даргаар томилогдон Цагааннуур хорооны АДХГЗ-ны даргын үүргийг хавсран гүйцэтгэсэн.
НАСЫРЫН САМАТ /АИХ-ын 84-р тойргийн депутат, Улсын Бага Хурлын гишүүн/ . Орчуулагч, сэтгүүлч. Насыр овогтой Самат нь 1964 онд төрсөн. 1972-1982 онуудад Баян-Өлгий аймгийн Өлгий хотод дунд сургуулийг, 1982-1987 онуудад Улаанбаатар хотод Гадаад хэлний дээд сургуулийг төгссөн. Хүмүүнлэгийн ухааны магистр. Олон улсын сэтгүүлч. Улс төр Менежментийн Академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн. 1987-1988 онуудад Баян-Өлгий аймагт багш, 1989-1990 онуудад аймгийн радио нэвтрүүлгийн редакцад сурвалжлагч хийж байгаад 1990 оны анхны чөлөөт сонгуулиар БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар, улмаар Монгол улсын анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон 1992 оны 7-р сар хүртэл ажилласан. 1998-2007 онуудад аймгийн Гаалийн газрын хэлтсийн дарга, орлогч даргаар, 2013-2014 онуудад аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Тогтвортой аймьжиргаа-3 төслийн аймгийн багийн ахлагчаар томилогдон ажилласан. "Үндэстний цөөнхийн эрх Үндсэн хуулиар баталгаажсан түүх", "Ардчиллын түрлэг" зэрэг түүхэн номууд, "Казах-монгол, монгол-казах толь бичиг", "Казах-монгол-орос толь" зохиож хэвлүүлсэн.