“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр /2023.02.13/ орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих “Нээлттэй аймаг” хөтөлбөрийн санал боловсруулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж аймгийн Засаг даргын орлогч Х.Арман үг хэлж тус хөтөлбөрт тусгах саналаа чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй оролцохыг хүсэн, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсэв. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар цахимаар тус хэлэлцүүлэгт оролцож нээлтийн үг хэлсэн бөгөөд “Алсын хараа- 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулсан юм.
Тус сургалт хэлэлцүүлэгт аймаг, сумдын ИТХ-ын дарга нар, түүний ажлын алба, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, байгууллага, агентлагийн дарга нар, төрийн албан хаагчид болон Өлгий сумын багийн Засаг дарга нар хамрагдлаа. Хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед удирдан чиглүүлэв.
Шинэ сэргэлтийн бодлогын “Хот, хөдөөгийн сэргэлт” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих, шаардлагатай бэлтгэлийг хангах зорилгоор “Нээлттэй Баян-Өлгий аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд тус хөтөлбөрийн төслийг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман оролцогчдод танилцууллаа.
Энэ хүрээнд аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, мэдээллийн нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгон цахимжуулах, төрийн үйлчилгээг илүү ойлгомжтой шуурхай болгоход чиглэсэн хэд хэдэн ажлыг хэрэгжүүлнэ. Улмаар нутгийн онцлог, түүх, соёл, өөрсдөд байгаа шинэ боломж, брэндүүдийг ард иргэдэд таниулах, үйлдвэрлэл дэд бүтэц, барилга, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалд түшиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хувьд бие даасан аймаг болон хөгжихөөр зорьж байна.
Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд “Нээлттэй Баян-Өлгий аймаг” хөтөлбөрийн төсөлд оролцогчдын саналыг нэмж нэгтгэн тусгаж, аймгийн ИТХ-д өргөн мэдүүлж, төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах юм. Хөтөлбөр батлагдсанаар 2023 оноос 2024 оны 1 дүгээр улирал дуустал эхний шат нь хэрэгжих аж.