Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Асуудалд суурилсан судалгаа шинжилгээ” сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтад Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд болон Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, нарийн бичгийн дарга нарын 55 хүн хамрагдлаа.
Сургалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Энхбат нээж үг хэлсэн бөгөөд судлаач, сургагч багш Л.Лувсанжамц сургалтыг удирдан явуулсан юм.
Уг сургалтаар Бодлого, бодлого боловсруулах үйл явц, Бодлогын судалгаа, бодлогын судалгаа хийх үйл явц, Асуудал, Асуудлыг тодорхойлох, Асуудлын шинж чанар, орчин, Зөрүүгийн шинжилгээ, асуудлыг тодорхойлох арга техник сэдвээр онолын хичээл орлоо.
Дараа нь сургалтад оролцогсод асуудлыг тодорхойлох шинжлэх багаар ажиллаж, дасгал ажил хийж, хийсэн дасгал ажлуудаа харилцан танилцуулж, хэлэлцэн дүгнэсэн нь үр дүнтэй байсан болно.
Сургалтын төгсгөлд Судалгааны мэдээлэл боловсруулах, Асуудалд суурилсан бодлого боловсруулах сэдвээр сургагч багш хичээл зааснаар энэ удаагийн сургалт өндөрлөв.