Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал Стефани Бурри, аймгийн Засаг дарга А.Ишдорж болон холбогдох албаныхан, иргэдийн төлөөлөл, “Өсвөрийн парламент” клубын сурагчид оролцсон юм.
“Иргэд аливаа хуулийг боловсруулж хэлэлцэх шатнаас нь эхлээд батлах явц хүртэл оролцдог, батлагдсаных нь дараа түгээн дэлгэрүүлж, хэрэгжүүлдэг байх нь эрхзүйт төр оршин тогтнох үндэс болно. Ард иргэдийнхээ санал бодлыг сонсож, шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэсэн хууль тогтоох үйл ажиллагааг зохион байгуулах нь парламентын үндсэн чиг үүрэг юм" хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцоллоо.
Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд энэхүү төвийг Өвөрхангай аймагт анх байгуулж байна.
Нутгийн удирдлагын ордны 104 тоот өрөөнд үйл ажиллагаа явуулах тус төвөөр үйлчлүүлж, УИХ-аар хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд санал өгөх, мэдээлэл авах, аймгийн ИТХ-аас батлан гаргаж байгаа бодлого, шийдвэр, хөтөлбөртэй танилцах боломж хүн бүрт нээлттэй юм.