Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэд олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг аймгийн хэмжээнд бүх сумдын Иргэний танхимд 2023 оны 06 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн тайлан ирүүлсэн Улиастай, Алдархаан, Эрдэнэхайрхан, Ургамал, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэлмэн, Тосонцэнгэл, Түдэвтэй, Цэцэн-Уул, Сантмаргац сумдын иргэдээс авсан саналаас та бүхэнд тоймлон хүргэж байна.
Хэлэлцүүлэгт нэгдсэн дүнгээр 683 иргэн оролцлоо. Онцлон дурьдахад:Түдэвтэй сумын Иргэний танхимд зохион байгуулсан хэлэлцүүлэгт МУ-ын гавьяат багш Д.Жамсранжав, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст ажиллаж байсан тус сумын Засаг дарга Ц.Отгонбаяр нар оролцож саналаа өгсөн. МУ-ын гавъяат багш Д.Жамсранжав: Улс төрийн хэлмэгдүүлэлт бол өнгөрсөн жаранд болж өнгөрсөн манай улсын түүхийн хамгийн бараан үйл явдал, түүхийн салшгүй хэсэг. Хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг цагаатгах үйл ажиллагаа маш нягт нямбай, урт хугацааны туршид үргэлжлэх ёстой. Цаашид ч олон зуун хэлмэгдэгсэдийг цагаатгаж, дурсгалыг нь хүндэтгэж явах учиртай. Үүнээс хойш ахиад ч хугацааг сунгах хэрэгтэй. Маш зөв хуулийн төсөл өргөн барьж байгаа юм байна.
Түдэвтэй сумын Засаг дарга Ц.Отгонбаяр: Миний хувьд Цагаатгалын улсын комисст ажиллаж байсан хугацаанд маш олон хүний өргөдөл ирдэг ч баримт бичгийн бүрдэлт бүрэн биш шалтгаанаар олноороо буцдаг. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдээс хойш маш их хугацаа өнгөрсөн учраас түүхэн сурвалж, баримт олдохгүй цагаатгагдаж чадаагүй маш олон хүн үлдэж байна. Тиймээс хууль үргэлжлэх ёстой гэжээ.