Зөвлөлийн хурал өнөөдөр 15 цагт аймгийн ИТХ-ын даргын албан өрөөнд болж дараах асуудлуудыг хэлэлцсэн юм.
- Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус арван зургаадугаар хуралдааныг 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдөр Даваа гарагт хийхээр товыг тогтоож дараах хоёр асуудлыг хэлэлцэв.
- Орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай аймгийн Засаг даргын Орлогч Х.Арман, ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Маргулан, Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийг мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийн бүрэлдээхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай нар танилцуулж хэлэлцлээ.
Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан 7 дугаар сарын 03-ний өдөр хуралдахаар товлогдсон бөгөөд зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн асуудлыг хуралдаанд оруулж шийдвэрлэнэ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулагдсан бөгөөд уг Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажиллах юм.