Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мөнгөний бодлогын мэдэгдэл - 2023-02

2023-06-26

Мөнгөний бодлогын мэдэгдэл - 2023-02

Дугаар: 2023/02

Огноо: 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 5 дугаар сарын 31 болон 6 дугаар сарын 23-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Жилийн инфляц 2023 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 11.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 10.8 хувьтай гарав. Нийлүүлэлтийн шалтгаанаас үүдэлтэй мах, махан бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад хүлээлтээс өндөр өссөн болон импортын барааны үнэ буурах хурд хүлээлтээс удаан байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн хэдий ч цаашид үргэлжлэн саарах хандлага хэвээр байна. Гэхдээ төсвийн тодотголтой холбоотойгоор ирэх улирлуудад төсвийн зардал, тэр дундаа цалин, тэтгэвэр тэтгэмж хүлээлтээс өндөр өсөхөөр байна.

Эдийн засгийн өсөлт 2023 оны 1 дүгээр улиралд хүлээлтээс өндөр гарахад уул уурхай болон түүнээс хамааралтай тээвэр, худалдааны салбаруудын идэвхжил нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Эдгээр салбарын өсөлт цаашид сайжрах хүлээлттэй байгаа хэдий ч цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан хөдөө аж ахуй, түүнийг дагасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурах, өрхийн хэрэглээ буурч, дотоод эрэлт агшсанаар үйлчилгээний салбарын өсөлт удааширч уул уурхайн бус салбарын идэвхжил буурах хүлээлттэй байна. Улмаар хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг эдгээр салбаруудын өсөлт удаашрах нь хөдөлмөрийн зах зээл, цаашлаад өрхийн хэрэглээний төлөвийг муутгах эрсдэлтэй байна.

Гадаад эрэлтийн төлөв сайжирч, манай улсын экспортын гол нэрийн барааны үнийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдэв. Дэлхий дахинд нийлүүлэлтийн доголдол намжиж, газрын тосны үнэ буурсан нь улс орнуудад инфляцын түвшин саарах, эдийн засгийн идэвхжил сэргэхэд эергээр нөлөөллөө. Гэхдээ улс орнуудын хооронд үүсээд буй геополитикийн асуудал, АНУ, Европ зэрэг томоохон эдийн засагтай улсуудын банк, санхүүгийн зах зээлд үүсээд буй хүндрэл цаашид даамжрах эрсдэл зэрэг нь гадаад орчны тодорхой бус байдлын гол эх сурвалж болж, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Гадаад эрсдэл, тодорхой бус байдал өндөр хэвээр, төсвийн зардал нэмэгдэхээр байгаа нь өнөөгийн нөхцөлд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах, төгрөгийн өгөөжийг хадгалахад эергээр нөлөөлнө.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРО

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%