Хот байгуулалт, байгаль орчин, өмчийн асуудал эрхэлсэн хороо Баруун-Урт сумын 7-р багийн нутагт байрлах худалдааны гудамжны ажлын явцад хяналт хийлээ. Баруун-Урт сумын худалдааны газруудын төв цэг болсон Худалдааны гудамжийг тохижуулж иргэд аюулгүй зорчих, тав тухтай орчинд үйлчилгээ авах зорилготой уг ажил 2023 оны ОНХСангийн хөрөнгөөр тус суманд хийгдэх томоохон хөрөнгө оруулалтын ажил юм.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Арвантавдугаар хуралдааны 15/10 тоот тогтоолоор худалдааны гудамжны тохижилтын ажлын нийт төсөв 798,501.4 мянган төгрөгөөр батлагдаж, 2023 онд тус ажилд 399,878.7 мянган төгрөгийн ажил орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр хийгдэхээр батлагдсан. Худалдааны гудамжны тохижилтын ажлыг tender.gov.mn сайтаар зарлан зохион байгуулж тендерт 1 компани оролцож үнийн санал ирүүлж Жавхлан хүслэн ХХК 398,902.3 мянган төгрөгийн үнийн саналаар шалгарч ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлыг эхлүүлээд байна. Тус ажлын хүрээнд одоо явган зам тавих, гадна гэрэлтүүлэг, ус зайлуулах сувгийн ажил, авто зогсоолын талбай байгуулах, авто зам болон, явган зам буулгах зэрэг ажлууд батлагдсан зураг төсвийн дагуу хийгдэж эхлээд байна.