Монгол улсын түүхэнд хар мөрөө үлдээсэн хамгийн эмгэнэлт үйл явдал бол 1937-1939 онуудад илүү өргөн хүрээг хамарч өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт байсан юм. Уг хэлмэгдүүлэлтэд монголын олон мянган иргэд, түүний дотор чадварлаг сэхээтнүүд, төр засгийн байгууллагын болон цэргийн албан тушаалтан, эрдэм мэдлэгтэй лам хуврагууд илүү ихээр өртсөн байна.
Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нь нийгмийн бүхий л давхарга, олон түмнийг нийтээр нь хамарч эхэлсэн 1937 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг “Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байх тухай УИХ-ын тогтоолын дагуу энэхүү өдрийг 28 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулснаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80.0 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40.0 сая төгрөгийн нөхөх олговор тус тус олгохоор тусгасан.
Өнөөдрийн байдлаар хуулийн дээрх заалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн харьяат 64 нэхэмжлэгчдэд нөхөх олговорт 2 тэрбум 965 сая төгрөгийг олгуулаад байна. Үүнийг он тус бүрээр задлан танилцуулбал, 2019 онд 6 нэхэмжлэгчид 281. 0 сая, 2020 онд 34 нэхэмжлэгчид 1.683.0 сая, 2021 онд 3 нэхэмжлэгчид 120.0 сая, 2022 онд 11 нэхэмжлэгчид 401 сая, 2023 онд 10 нэхэмжлэгчид 480 сая төгрөгийн нөхөх олговор олгогдоод байна. Мөн манай аймгаас шүүхийн шийдвэр нь гарч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст уламжлагдсан 4 нэхэмжлэгчийн 161 сая төгрөгийн нөхөх олговор хүлээгдэж байна.
Сэлэнгэ аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс Сүхбаатар сумын ИТХ-тай хамтран эл өдөр хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан “Төгс баясгалант номын хүрд хийд”-д буяны ном хуруулах, хэлмэгдэгчдийн дурсгалд зориулсан “Ногоон төгөл”-д тарьсан модоо усалж тордох, хэлмэгдэгчдийн үр хүүхэд төрөл төрөгсдийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонсох зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.