Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХЭНТИЙ, СҮХБААТАР АЙМГИЙН СУМДЫН ИТХ-ЫН ДАРГА, ТӨЛӨӨЛӨГЧ, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2023-09-22

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн зүгээс Хэнтий аймгийн 18 сум, Сүхбаатар аймгийн 13 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч, нарийн бичгийн дарга нарт зориулсан хоёр өдрийн сургалтыг 2023 оны 09 дүгээр сарын 18-22-ны  өдрүүдэд Чингис хаан, Баруун урт хотод зохион байгуулж байна. 

 

Дээрх төслийн зорилго нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүү, зохион байгуулалт, үйл ажиллагааны чадавх үүний дотор бэлчээрийн менежмент, орон нутгийн төсөвт хяналт тавих чадавхыг бэхжүүлэх явдал байдаг. Энэхүү зорилгын хүрээнд “Бэлчээрийн тогтвортой менежмент” сургалтын ерөнхий хөтөлбөрийг Хөдөө аж ахуйн их сургуультай, “Төсвийн ил тод байдал, хариуцан тайлагнах механизм” сургалтын ерөнхий хөтөлбөрийг “Иргэний засаглал” төрийн бус байгууллагатай хамтран тус тус баталсан билээ.

 

Эдгээр хөтөлбөрийг баталснаар төслийн баримт бичигт заасны дагуу бэлчээрийн тогтвортой менежмент, бэлчээр ашиглалт, хамгаалалт, сайжруулалтын арга, технологи, туршлагаас суралцаж, сум орон нутагтаа тохирсон бэлчээрийн менежментийн арга хэмжээг төлөвлөх, төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоотой төсвийн төсөл боловсруулах, хариуцан тайлагнах механизмын талаар сумын ИТХ-ын төлөөлөгчид суралцаж, улмаар орон нутгийн төсвийг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагаа нь улам бүр идэвхжих боломж бүрдэх юм.

 

Баталсан хөтөлбөрийн дагуу “Бэлчээрийн тогтвортой менежмент” сургалтаар Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний ач холбогдол, хэрэгжилт, Бэлчээр ашиглалт, хамгаалалтыг сайжруулах удирдлага зохион байгуулалт сэдвээр ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн зөвлөх багш, доктор Ш.Гэрлээ, Бэлчээр ашиглалтыг хариуцлагжуулах бэлчээрийн хамтын менежментийн талаар, Бэлчээрийн доройтол төлөв байдал, чанар, хяналтын тавих асуудал сэдвээр Монголын бэлчээр ашиглагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг,  “Малын эрүүл ахуй, чанарт анхаарах” асуудал ХААИС-ийн Биотехнологи сургуулийн багш, доктор Ph.D, дэд профессор Г.Ганбат, Малын эрүүл мэнд, малын чанарт анхаарах асуудал, Малын тоог бэлчээрийн даацад тохируулах арга, технологи сэдвээр МААЭШХ-ийн Бэлчээрийн мониторинг, зураглалын лабораторын эрхлэгч Н.Хишигсүрэн нар тус тус хичээл заалаа.

 

Харин “Төсвийн ил тод байдал, хариуцан тайлагнах механизм” сургалтаар  Нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт, арга хэрэгслүүд, Улсын болон орон нутгийн төсвийн харилцаа, Төсвийн ил тод байдал болон иргэдийн оролцоо, Төсвийн хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын үе шатуудад иргэдийг оролцуулах, Засаглалыг бэхжүүлэхэд ИТХ-ын чиг үүрэг чухал болох нь зэрэг сэдвүүдээр “Иргэний засаглал” төрийн бус байгууллагын багш Н.Амгаланбаатар, Г.Түвшинбаатар, Б.Ууганхүү нар тус тус сургалт орлоо.

 

Сургалтыг Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Ажлын албад хамтран зохион байгуулалцаж байгаа бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун, Д.Хосбаяр нар сургалтыг нээж хэлсэн үгэндээ сургалтын ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг үнэлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төслийн хамт олонд талархал илэрхийлсэн болно.

 

Төслийн хамт олны зүгээс дараагийн сургалтыг 10 дугаар сарын эхээр Архангай, Өвөрхангай аймгуудад хийхээр төлөвлөөд байна.

 

 

 

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн

чадавхыг бэхжүүлэх нь” төсөл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%