Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2023-10-23

         Монгол Улсын нийт газар нутгийн 70 хувийг эзэлдэг бэлчээрийн 65 нь хувь доройтож, 13 хувь нь цөлжилтөд өртөөд байгаатай холбогдуулан бэлчээрийн газрын ашиглалтын асуудлыг шийдэх, нарийвчилсан зохицуулалтуудыг холбогдох хуульд оруулах нэн шаардлагатай байгаа билээ.

Энэхүү хэрэгцээ шаардлагын үүднээс Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал нарын нэр бүхий 21 гишүүн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлаар хэлэлцэж эхлээд байгаа.

Бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, бэлчээр ашиглалтад оролцогч талуудын эрх, үүрэг, нийтээр болон гэрээгээр ашиглуулах бэлчээрийн зохицуулалт тухайлбал, бэлчээрийг зориулалт, ангиллын дагуу бэлчээр ашиглагчийн хүсэлт, холбогдох эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрийг үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан ашиглуулах зэрэг харилцааг зохицуулахаар хуулийн төсөлд тусгагдсан.

Уг хуулийн  төслийг орон нутаг, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага, малчдын бүлгээр хэлэлцүүлж, тэдний санал, дүгнэлт авах ажлыг уг хуулийн төслийг боловсруулсан Ажлын дэд хэсгээс зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн Чойр хотод 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулсан хуулийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл,  Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Ажлын алба хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг нээж үг хэлсэн бөгөөд Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Бэлчээр тэжээлийн лабораторийн эрхлэгч, Доктор Ц.Дэжидмаа “Монгол орны бэлчээрийн төлөв байдал,, өөрчлөлт, талхагдал, шалтгаан, үр дагавар” танилцуулгыг хийсэн бол Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, бэлчээрийн эрх зүйн судлаач, хуульч Доктор М.Сувд “Бэлчээр ашиглалтын эрх зүйн орчин, бэрхшээл, сургамж, шийдэл” танилцуулгыг хийж бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Хэлэлцүүлэгт аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, багийн Засаг дарга нар, албаны болон орон нутгийн иргэд, малчид, малчдын төлөөлөл болсон 90 гаруй хүмүүс оролцож хуулийн төсөлтэй холбоотой олон санал сэтгэгдэл хэлэв.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг ойрын хугацаанд нийслэл болон бусад аймаг, орон нутагт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, дүгнэлтийг хуулийн төсөлд тусган Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх юм.

 

Төслийн нэгж

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%